“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын шүүх хурал өнөөдөр болно. Түүнийг АТГ-т шалгаж, Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүй нь илэрсэн юм. Үүнээс гадна "Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбатад тус зээлээс гадна төрийн албан хаагчийн биед халдсан хэргээр мөн шалгаж байгаа. АТГ-аас гэрт нь шалгалт үзлэг хийхээр очсон мөрдөн байцаагчийн биед халдсан тул түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл заалтад зааснаар "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн" хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.
Өмнөх Засгийн газрын үед байгуулсан "Хөгжлийн банк" өнгөрсөн хугацаанд таван их наяд 561.6 сая төгрөгийн зээл олгосон байдаг. Үүний 2.1 их наяд төгрөгийг нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон. Тэгвэл энэхүү мөнгөнөөс 1.3 их наяд төгрөг нь санхүүгийн зөрчилтэй байгаа талаар албаныхан онцолж байсан. Түүний нэг нь Эрэл компанийн захирал Б.Эрдэнэбатын авсан зээл. Тэрбээр Чингис" бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүй 23 сая ам.долларын зээл авсан бөгөөд эхлээд 14 сая ам.долларыг, дараа нь есөн сая ам.долларын зээлийг авсан байдаг. Хамгийн гол нь, Б.Эрдэнэбат уг зээлийг ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр авсан хэр нь зээлийн эргэн төлөлтөө ч хийхгүй луу унжсан.
Хөгжлийн банкийг цөлөмчихөөд төрийн байцаагчийг зоддог Б.Эрдэнэбат гэгч нөхөр монголын улстөрд, бизнесийн салбарт мартагдахааргүй ул мөрөө үлдээсэн нэгэн.
Нэгэн цагт “Эрэл” гэсэн өөрийн вант улсаа байгуулж, сүүлдээ нам байгуулж хэсэг улс төрийн карьеар хөөсөн. Харамсалтай нь өнөөдөр нам ч үгүй, бизнес ч үгүй болсон бололтой.
Хэдэн жилийн өмнө түүнийг УИХ-ын гишүүн, сайд байх үеэс л улсын хөрөнгө мөнгө идсэн уусан гэж баахан л шуугидаг, татвараас 27 тэрбум төгрөг зувчуулсан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж мэдэгдэж, түүнээс энэ мөнгийг гаргуулах гэж бүтэн гурван жил шүүхээр явж байсан талаар хэвлэлээр удаа дараа бичиж байлаа. Харамсалтай нь энэ удаад ямар ч барьцаагүй зээл авсан,төрийн албан хаагчийн биед халдсан хэрэгт орооцолдсон учраас хаашаа ч бултах боломжгүй л болов уу. Шүүх хурал өнөөдөр 13.30 цагт болно. Шүүх хурлын үйл явцыг харах л үлдлээ.