Тэртээ 1998 онд болсон аймшигт хэрэг өдгөө болтол илрээгүй байгаа. Тэгвэл хэргийн цор ганц гэрч гэгдэх С.Зориг агсаны эхнэр Д.Булганг өнгөрсөн амралтын өдөр баривчилж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Үүний шалтгаан нь С.Зоригийн хэрэгтэй холбоотой гэдэг нь нэгэнт тодорхой болоод байна. Хэдийгээр энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй ч түүний хэргийн талаар эхнэр болох Д.Булган нь худлаа мэдээлэл өгсөн, ам зургийг нь худлаа гаргасан, цагдаагийнханд аллага үйлдэгчид эрэгтэй, эмэгтэй гэж худал мэдүүлэг өгсөн хэмээн саатуулаад байгаа талаар албан бус эх сурвалжууд мэдээлсээр байна.
Аймшигт хэргийн цор ганц гэрч Д.Булган худал мэдүүлэг өгч байсан уу?
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэж 40 гаруй насны хоёр эрэгтэйг Орхон аймгийн Эрдэнэт хотоос сар гаруйн өмнө барьж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж. Гэтэл С.Зориг агсны амь насанд хүрсэн этгээдүүдийн нэг нь эрэгтэй, нөгөө эмэгтэй хүн байсан гэж хэргийн цорын ганц гэрч Д.Булган өнөөг хүртэл мэдүүлж байж. Хэрэгт сэжиглэгдэн, баривчлагдаад буй нэг иргэний ээж н.Жавзмаа гэгч иргэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргасан бөгөөд түүнийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Шадар сайд Л.Цог нар хүлээн авч уулзсан гэх мэдээлэл байна.
Хэргийн талаар С.Зориг агсны дүү С.Оюун юу хэлэв
С.Зориг агсаныг өнгөрсөнөөс хойш жилд хоёр удаа Монголын ард түмэн Төр, нийгмийн зүтгэлтэн, ардчиллын алтан хараацай түүнийг дурсдаг. Энэ өдөр С.Зоригийн төрсөн дүү УИХын гишүүн С.Оюун “Хэргийн талаар тодорхой мэдээлэл алга байна. Илэрнэ гэдэгт итгэж байна” гэдэг байлаа. Харин өнгөрсөн жил тэрбээр “Аллагын талаар тодорхой мэдээлэл байдаг” хэмээн ам алдсан. Хэлсэн үгнээсээ болсон уу эсвэл хэвлэлийнхний асуултаас залхсан уу энэ жил ирээгүй. Гэхдээ тэрбээр УИХ-ын гишүүн С.Оюун өнгөрсөн гуравдугаар сард төрсөн ах С.Зоригийн алагдсан хэргийг дахин шалгуулах хүсэлтээ ирүүлсэн. Тэрээр “Тусгай хяналтын дэд хорооны гишүүний хувьд би өөрөө энэ хэргийг хяналтдаа авч, дэмжлэг үзүүлээч гэсэн. Тус дэд хороог Г.Батхүү гишүүн удирддаг. Анхааралдаа авсан гэж ойлгож байгаа” хэмээн тухайн үед мэдээлж байсан нь бага ч гэсэн ахицтай явж байгааг харуулсан.
Тэгвэл уг аймшигт хэргийн гол гэрч болсон Д.Булган баригдсан энэ үед улстөрчид энэ хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл өгч байр сууриа илэрхийлэхээс татгалзаж байна. Ялангуяа төрсөн дүү С.Оюун “Д.Булгантай уулзалгүй жил болж байна” гэсэн сонирхол татаж байгаа юм. Түүнээс гадна болох үйл явцыг мэдсэн үү эсвэл эгзэгтэй цаг мөчид давхцсан уу УИХ-ын гишүүн Б.Баасанхүү Д.Булганыг баривчилсан орой өөрийн цахим хуудаснаа "С.Зоригийн хэрэг тун удахгүй илэрнэ гэж итгэж байна" гэсэн нь мөн олон таамаг дэвшүүлэхэд хүргээд байгаа юм.
Д.Булганы талаар хэн юу хэлж байв
Ардчиллын анхны 13-ын нэг болох Монголын ард түмний хянан шалгах хорооны дарга Д.Нинж нэгэн ярилцлагадаа С.Зориг агсаны эхнэр Д.Булганы талаар ийн ярьжээ. “1998 оны 10 дугаар сарын эцсээр Мөрдөн байцаах газарт С.Зоригийн гэргий Д.Булган албан ёсны мэдүүлэг өгсний дараа түүнд 20 сая төгрөг шилжүүлсэн талаар тухайн үеийн сонинуудад бичиж байсан. Мөн угаалгын өрөөнд хоригдон амаа даруулан боолгосон гэх алчуурыг нь буцаагаад түүнд зангидах гэхэд толгойны нь ард хүрэхгүй байсан талаар мөрдөн байцаагчид өнөөг хүртэл нотлон ярьдаг. Ер нь улс төрийн аллага болсон газар гэрчийг амьд үлдээсэн түүх дэлхийд огт байдаггүй. Тиймээс энэ асуудлыг ч бас шалгах шаардлагатай” гэсэн байдаг билээ.
Д.Булган С.Зоригийн талаар юу гэж байв
Аймшигт хэрэг гарснаас хойш олон жил хэвлэлээр бичүүлж байгаа боловч ганцхан удаа 1998 онд ярилцлага өгсөн байдаг. Тэрбээр ярилцлагадаа нөхрийнхөө талаар Би өвгөндөө, “Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ” гэж хэлэхэд миний шар, «Юу гэж дээ хайрт минь, ингээд л хоёулаа эмгэн, өвгөн болтлоо хамт байна за юу, хоёулаа хөгшрөөд тэтгэвэртээ гараад, уулын манаач болно за» гэдэг байж билээ. Бид хоёр үнэхээр л ойн манаач болно гэдэг байсан юм. Би тэгэхэд, ойн манаач нь гэртээ суугаад л, би хоолоо хийгээд л гээд эцэс төгсгөлгүй олон сайхан юмыг төсөөлдөг, олон сайхан бодолд умбадаг байлаа. Би өвгөндөө, «Тэгэлгүй яах вэ, хайрт минь, ойн манаач болоод хоёулаа дүнзэн байшин барьчихна. Чиний бүх юмыг чинь би ажил хийгээд л олоод өгнө, чамайг сүүтэй байлгахын тулд нэг үнээтэй байна. Бүх төрлийн ногоо тарина, бас тахиатай байна, чи хэвтээд л номоо уншаад л, телевизороо үзээд л, хөгшрөхийн үед чи бид хоёр сансрын антенн авчих мөнгөтэй болох байх аа, чи минь найз нөхдөө уриад л, инээж хөхрөөд, шатраа тоглоод сууж байгаарай, миний хайрт» гэдэг байлаа. (Уйлав) хэмээн дурссан байдаг.
1998 оны аравдугаар сарын 2-нд юу болсон бэ?
1998 оны 10 дугаар сарын хоёрны орой талийгаач ажлаа тараад гэртээ очихоосоо өмнө эхнэр Д.Булган руугаа утастаж, очих гэж байгаагаа хэлсэн байдаг. Д.Булган ч нөхрөө ирэхээс өмнө хоолоо хийж байтал хаалга тогших чимээ гарчээ. Д.Булган тухайн үед элдэв зүйл бодолгүй хаалгаа тайлж өгөхөд сүх, хутгаар зэвсэглэсэн үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд айлган сүрдүүлж, цохиж унагасан аж. Ингээд Д.Булганыг хүлж, угаалгын өрөөнд орхиод талийгаачийг отжээ. Удсан ч үгүй С.Зориг агсныг гэртээ орж ирэхэд нь хаалганы хажууд отож байсан алуурчид тааралдсан газар бүртээ хутгалсаар амь насыг нь хөнөөсөн аж.
Б.Дорж