8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлохуудыг нэрлэж байна

2017-05-14 10:00:00

Амжилт бүтээл дагуулсан шинэхэн долоо хоног өнгөрч байна. Энэ долоо хоногт улс төр нийгмийн амьдралд болсон онцлох үйл явдлын мэдээллийг хүргэж байна. Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид СЕХ-нд материалаа хүлээлгэн өгсөн бол УИХ-ын нэгдсэн чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав. Бас болоогүй төв талбай дээр жагсаалтай, номын баяртай, үндэсний хэмжээний мод тарих өдөр тохиосон онцлог үйл явдлаар дүүрэн байлаа. Ингээд бидний бэлтгэсэн мэдээллийг хүлээн авна уу. 

Нэр дэвшигчид материалаа СЕХ-д өгөв
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий хороонд материалаа хүлээлгэн өглөө. Энэ үеэр нэр дэвшигчид Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга болоосой гэж хүсч буйгаа илэрхийлж байлаа. 
Тодруулбал МАН-аас нэр дэвшигч М.Энхболд "Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуулийн дагуу, хуульд нийцсэн бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсч байна гэсэн бол АН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулга “Сонгууль шударга болно гэж найдаж байна” хэмээн хэллээ. Нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуульд өрсөлдүүлэх эсэхийг СЕХ гурав хоногийн дотор буюу энэ сарын 14-ний дотор шийднэ. Улмаар энэ сарын 17-нд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг албан ёсоор зарлана. 

Зөрчлийн тухай хуулийг баталлаа
 
УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих юм. Хэлэлцэгдэж эхэлсэнээсээ хойш нэлээд асуудал дагуулж байсан Зөрчлийн тухай хууль ийнхүү батлагдлаа. Зөрчлийн хуулиар хог хаябал 30 мянга, нийтийн байранд тайван байдал алдагдуулбал 100 мянган төгрөгөөр торгоно. Мөн ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол мөн торгоно. 
Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол, мөн хууль бусаар тусгай хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, агсамжийг биедээ авч явсан, хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж мөн торгохоор болсон байна.  

Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд дахин нэг осол гарлаа
 

Төв аймагт байрлах Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд дахин нэг осол гарсан. Тодруулбал, тус сургалтын төвд сургалтанд гарч байсан офицер, ахлагч хоёр 69 машинтай явж байгаад осолдож хүнд бэртэл авсан байна. Бэртсэн алба хаагчдыг Цэргийн төв госпиталь руу шуурхай авч ирж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалжууд мэдээллээ. 
 
Тус сургалтын төвд Зэвсэгт хүчний жанжин штабын зарим ангиуд хээрийн бэлтгэлд гараад байгаа юм. Осолд орсон алба хаагчид нь Батлан хамгаалахын их сургуулийн офицер, ахлагчид байсан гэх мэдээллийг эх сурвалжууд мөн мэдээллээ. Дашрамд сануулахад, тус сургалтын төвд өнгөрсөн сард тэсрэх бөмбөг дэлбэрч хоёр алба хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Тэгвэл энэ удаад мөн хоёр алба хаагч осолдсон хэрэг гарсан байна.


Монгол Улсын хоёр иргэнийг заазуурдаж хөнөөсөн хятадад ял оноолоо
 
Эхнэрээ зээ дүүтээ нь хамт 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний шөнө хөнөөсөн хэрэгт буруутгагдсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Өргөнталыг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
 
Хурлаас Өргөнталыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.2.танхайн сэдэлтээр, 91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, 91.2.16. хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан хэрэгт буруутгаж, яллалаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, түүнд 25 жилийн хорих ял оногдуулж 5 жилийг нь гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгчээс 8,7 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэв.

ТҮЦ ачиж явсан машинд хавчуулагдаж амиа алдлаа


Өнгөрсөн пүрэв гаригт багшийн дээдийн автобусны буудлын зүүн талд байрлах ТҮЦ-ийг ачих явцад нэгэн иргэн толгойгоо тасдаж, амиа алдсан хэрэг гарчээ.  ТҮЦ-ийг “Nissan UD” маркийн машинаар ачиж явах үед Спортын төв ордны арктай замд 30 настай О гэгч хөндлөн баганад хавчигдаж, улмаар толгой нь тасарч амиа алдсан байна.  ТҮЦ-ийг хотын захиргаанаас ачаагүй бөгөөд кафен эзэн ачуулж байгаад ийн осолд өртсөн гэх мэдээлэл байна. Учир нь, тус кафен эзэн ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй газар ажиллуулсан хэмээн маргаан дэгдээгээд байсан аж. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.


Монголын сүмочдын анхдагчдын нэг Б.Дашням зодог тайлна


Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд сэкивакэ цолтой барилдаж байсан Асасэкирюү Б.Дашням зодог тайлахаар шийджээ. Тэрээр зодог тайлсныхаа дараа Мэргэжлийн сүмо бөхийн холбоонд Нишикижима Ояаката нэртэйгээр үргэлжлүүлэн ажиллах бөгөөд Монголоос төрсөн гурав дахь Ояаката болж байна. Б.Дашням өнгөрсөн сард иргэншлээ сольж, япон улсын иргэн болсон. Асасэкирюү Б.Дашнямын амжилтын талаар товч өгүүлбэл, 1997 онд ёкозүна Асашёорюүгийн хамт арлын оронд очиж, Мэйтокү сургуульд элсэн орсон. 2000 оны нэгдүгээр сарын тэмцээнд мэргэжлийн сүмод анхны барилдаанаа хийж, Вакамацү дэвжээний улаан луу хэмээн барилдаж байлаа. 2002 онд жюүрёо, 2003 онд макүүчид дэвшин барилдаж, 2007 онд сэкивакэ цол хүртсэн юм.


“Цэнхэр халим”-ыг тоглосон хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ

Өсвөр насныхныг амиа хорлоход өдөөн турхирдаг “Цэнхэр халим” гэх тоглоомын талаарх мэдээлэл цахим сүлжээнд хурдтай тархаж буйг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа билээ. Тоглоом нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санааны эмзэг байдлыг ашиглаж амиа хорлоход өдөөн турхирдаг. Амиа хорлох хүртэл даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг бүлэг этгээдийн хууль бус ажиллагаа юм.
ОХУ-аас гаралтай энэ тоглоомын улмаас 2015 оны арваннэгдүгээр сараас 2016 оны дөрөвдүгээр сарын хооронд 130 өсвөр насны хүүхэд амиа хорлосон тоон мэдээлэл байгаа. Хүүхдүүдийг амиа хорлоход хүргэсэн найман бүлгэм ажиллуулж байсан 21 настай залууг тус улсын хуулийнхан баривчилж шийтгэжээ. Уг тоглоом Казахстан, Киргизстан, Молдав, Украин, Аргентин, Их Британи улсад тархаад байгаа аж.
 
Тэгвэл манай улсад “Цэнхэр халим” сүлжээ тоглоом аль хэдийн ороод иржээ. Цагдаагийн байгууллагын мэдээлсэнээр энэ тоглоомоор тоглож, бие махбодьдоо гэмтэл учруулсан байж болзошгүй хэд хэдэн тохиолдлыг илрүүлэн шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны тасгийн дарга, цагдаагийн Хошууч С.Ариунболор "Цэнхэр халим нэртэй сошиал тоглоом бий болж манай улсаас хийх хандалт нэмэгдэж байгаатай холбоотой шалгалтын ажил хийж байна. Шалгалтын явцад монгол хэл дээр “Цэнхэр халим” нэртэй фэйсбүүк групп хэд хэд нээж, дагагчдын тоо тодорхой хэмжээнд хүрсэнийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоож, дээрх группуудыг хаасан байгаа. Дээрх группт нэгдэж орсон дунд сургуулийн болон их дээд сургуулийн оюутан сурагчид  даалгавар авч, эхний даалгаваруудыг биелүүлж бие махбодьдоо гэмтэл учруулсан байж болзошгүй байгаа нь тогтоогдсон. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэлээ. Харин тус тоглоомоор тоглосон хүүхдүүдийн тухайд  “Анх фэйсбүүкээс олж мэдээд элсэн орсон. Өдрөөс өдөрт группт нэгдэгчдийн тоо нэмэгдэж байсан. Ингээд эхнээсээ далгавраа авч, өөртөө болон бусдад хохирол учруулсан. Ийм тоглоомоор тоглох дэмий байдаг юм байна” хэмээн ярьсан байна.
 Ийм учраас эцэг эхчүүд та бүхэн үр хүүхэдүүддээ анхаарал хандуулахыг хүсэж байна. 

С.Жавхлан: Энэ улсын “хойд эцэг” Элбэгдорж чи хаана байсан юм бэ


Улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодрууллаа.   Дэвшсэн эрхмүүдийн талаар олон нийт сайнтай муутай байгааг цахим ертөнцөөс харж болно. Харин  УИХ-ын гишүүн С.Жавхлан үүнийг арай өөр өнцгөөс тайлбарлан үзэл бодлоо илэрхийлжээ.  Түүний цахим хуудаснаа илэрхийлсэн “Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар ингэж тохиролцжээ” гэсэн захиа бичсэн байна. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 
“Оюутолгойг канадчууд “дээрэмдэж” байхад, Тамсагийн ордыг хятадууд “эзэгнэж” байхад энэ улсын “хойд эцэг” Элбэгдорж чи хаана байсан юм бэ. Улаан цайм дээрмийг өөгшүүлж улсаараа нэг алхам урагшилсан хэмээн бахархаж байсан билээ. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг яасан их өмөөрнө вэ. “Та дээрэмдчихлээ” ч гэх шиг. Монголын ард түмэн дээрэмчин гэж үү.

Өнгөрсөн найман жилд Ц.Элбэгдоржийг хагартлаа баяжсан гэдэг. Сонгуулиар л гэхэд нэг солиотой баян 20 сая ам.доллар бэлэн аваачиж өглөө гэж шуугисан. Мөнгөө хаана нуухаа мэдэхээ байгаад уран зураг хүртэл худалдаж авч онигоонд орсон билээ. Ашгүй түүнд мөнгөө нуух боломж олдсон. Тэр нь Эрдэнэтийн 49 хувь байлаа. 
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 24-35 насны таван залуу 500 сая ам.доллар (100 сая ам.долларыг нь авилгалд өгсөн) худалдаж авсан байдаг. Тэдгээр залуусын ард талд Ц.Элбэгдорж, Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Д.Ганбат нар байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хамгийн том хувьцаа эзэмшигч нь Ц.Элбэгдорж. Нөгөө дөрөв нь 9, 5, 10, 13 хувьтай юм билээ.
Тэгэхээр Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 49 хувиа “Дээрэмдүүлчихлээ” гэж УИХ-ын чуулган дээр хуурай агсам тавих нь зөв. Хөрөнгөө алдсан хүний уур бухимдал, тэвчээр алдалт тэндээс харагдаж байна лээ. Харин ард түмэн тэвчээртэй, хонь шиг учраас баялагаа цөлмүүлж байхдаа чимээгүй байсан. Ард түмний өмч албан тушаалтны өмч хоёр өөр юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид асуудлаас гарах гарц үргэлж байдаг. Эрдэнэтийн 49 хувиа буцаан авах гарц нь М.Энхболд. Энэ хоёрын нөхөрлөл эртнээс эхэлсэн. 2005 онд М.Энхболд Ц.Элбэгдоржийг “Ерөнхий сайд хэвээр нь үлдээнэ” гэж хулхидаад Баянголын нөхөн сонгуульд дээр ялалт байгуулж байсан удаатай. 
Өдгөө намынхаа сөрдийсөн болгоныг цавчсан Ц.Элбэгдорж өдгөө М.Энхболдыг түшиж байна. Тийм учраас Ван хан Тоорилд булган дахаа барьдаг шиг Ерөнхий прокурор, АТГ, ЦЕГ-ын даргын албан тушаалаар “бэлэг” барив. Хууль шүүхийн салбарт М.Энхболдын гарын хүмүүс тавигдаж байгаа биз дээ. Ц.Элбэгдорж ингэж долигнохын учир гэвээс эд хөрөнгө болох Эрдэнэт үйлдвэрээ буцаан авах л даа.
М.Энхболдын хувьд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь бас хамаатай. 49 хувийн ар талд нийслэлчүүдээс гол гаргасан Улаанбаатар банкийг хамт эзэмшигч Т.Бадамжунай, “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг нар бий. Бас л түрийвчээрээ холбогдсон эрхмүүд шүү. М.Энхболд Ц.Элбэгдоржийг маш ихээр шахаж байгаа. Тэр юу вэ гэвэл “Би Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Эрдэнэтийн 49 хувийг чинь шүүхийн замаар буцаан өгнө. Харин та намайг Ерөнхийлөгч болго” гэсэн хүндхэн даалгавар өгсөн.
Ц.Элбэгдоржид өгсөн энэ даалгавар маш хүнд. Ядаж байхад М.Энхболдын нэр хүнд олон нийтийн дунд уначихсан. “Сант-Марал” судалгааны төвийн мэдээгээр л гэхэд эхний 10-т ч алга. М.Энхболдыг “Босоо” Ганбаа, дуучин С.Жавхлан нар сонгуулиар арчаад хаячих дүр зураг байгаа юм шүү. Тэгэхээр улс төрийн найраа хийх өвгөн “аварга, арслан”-гийн ажил Ц.Элбэгдоржид ноогджээ. Тэгэхээр М.Энхболдод олж өгөх, нээнтэгтэй сул бөх хэн байх вэ?
Гурван жилийн өмнөөс АТГ, ЦЕГ-аас Х.Баттулгыг шалгаад 740 сая ам.доллар төмөр зам барих нэрээр улсаас хулгайлсан нь тогтоогдсон. Х.Баттулга зарим хамтрагч нараа гадаад руу зугтаалгасан ч яллах дүгнэлтээ авчихсан. Ачигдах дээрээ тулж амаа жимийсэн Х.Баттулга өнгөрөгч аравдугаар сарын 24-нд Ц.Элбэгдорж өвдөг сөгдөн “Шоронд орохоос аварч хайрла” гэж гуйжээ. Ц.Элбэгдорж баахан доромжилж бах таваа хангаад “Юу өгөхийн” гэж асуусан байна.Х.Баттулга “Баянгол зочид буудал”, “Талх чихэр” хоёрынхоо аль нэгийг өгье” гэжээ. Ц.Элбэгдорж “Чиний тэр нурсан барилгуудаар яахийн” гэж томорч байснаа “М.Энхболдод бууж өг” гэсэн байна. Хэдхэн мөчийн өмнө шоронд орох айдастайгаар түгдийгээд уйлж суусан Х.Баттулга “Би чадна. Танд баярлалаа” гээд гарчээ.Х.Баттулга шоронд орохгүй байгаагийн учир ердөө энэ. М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын хоршилоор бол Х.Баттулга АН-ын сунгаанд ялалт байгуулна. Тэгээд Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдод элэг бүсээ тайлах тохироо хийжээ. “Хонь бүрэн чоно цатгалан” гэдэг шиг М.Энхболд Ерөнхийлөгч, Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 49 хувьтайгаа, Х.Баттулга шоронд оролгүй үлдэнэ. Энийг л тохироо гээд байгаа юм даа” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
С,Жавхлан голыг нь олоод хэлжээ... Түмэн олон ухаарах цаг нь болоогүй юу??? Төрийн албан хаагч байж яаж их хөрөнгө мөнгө ямар замаар цуглуулсаныг М.Энхболдоос асууя...
2017/05/14 202.179.31.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment