8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хоёр хүний аминд хүрсэн Э.Өргөнталд 25 жилийн ял оноож, МАХН жагссан өдөр

2017-05-08 18:40:00

Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.

Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

Тун удахгүй Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг монголын ард түмэн сонгох гэж байна. УИХ-д суудалтай гурван нам хуулийн хугацаандаа багтаж тус тусын нэр дэвшигчээ тодруулсан долоо хоног өнгөрлөө. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг сонгосон бол, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг нэр дэвшүүлэхээр болсон. Харин гурав дахь хүчин болох МАХН-ынхан бага хурлаа хийж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр тогтсон. Ингээд УИХ-д суудалтай гурван намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон гурван эрхэмийн талаар мэдээлэл хүргэе. 


МАН-ААС НЭР ДЭВШИЖ БУЙ М.ЭНХБОЛД ГЭЖ ХЭН БЭ


МАН-ын дарга М.Энхболд 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1987 онд МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны магистар. Монголын улс төрд 25 жил хүчин зүтгэж байгаа эрхэм. М.Энхболдын хувьд өнгөрсөн сонгуулиар намаа ялалтанд хүргэсэн гавъяатай хүн. Энэ ч утгаараа түүнийг нэр дэвшвэл олны итгэлийг хүлээнэ хэмээн МАН-ынхан үзэж, түүнийг сонгов. Тэрээр 2013 оноос хойш МАН-ыг тэргүүлж 2016 оны УИХ-ын сонгуульд намаа удирдан ялалт байгуулж улмаар УИХ-ын даргаар ажиллаж байна.Намаа ялалтанд хүргэхэд түүний нөлөө чухал байсан ч нэр цэвэр улс төрч үү гэдэг нь бас эргэлзээтэй. М.Энхболд Нийслэлийн засаг даргаар 1999– 2005 онуудад, Монгол Улсын Ерөнхий сайдаар 2006-2007 онуудад, 2005 оноос 2007 онд МАХН-ын дарга, 2008 онд Шадар сайдаар ажиллаж байсан. Түүнийг Нийслэлийн засаг дарга байхдаа хувьчлалын дараах газрын наймааны “автор” нь байсан гэсэн цол өнөөдрийг хүртэл дагаж явдаг. Нийслэлийн Засаг даргаар Миеэгомбын Энхболд ажиллаж байх үед хотын төвийн ашигтай байршилтай газрууд эзэнтэй болж, тэр хэрээр газрын наймаа өргөжсөн гэдэг. М.Энхболдын газрын наймааны талаар олон мэдээ мэдээлэл байдаг.

Тодруулбал,  2004 онд “Глоб кредит” компани Улаанбаатар паласын зүүн урд талд орон сууцны хотхон барихаар сурталчилгаа явуулж байсан. Тухайн үед 2004 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргаар  М.Энхболд ажиллаж байв. М.Энхболд дарга тухайн үед 541 тоот захирамжаа гаргаж, газар эзэмших 048570 тоот гэрчилгээ олгож байсан баримт дэлгэгдэж байсан.  Ингээд барилгын кран тус газарт байрлаж, ажил эхлэх гэж байтал Хадгаламж зээлийн хоршооны дампуурлын хэрэг мандаж “Глоб кредит” компанийн захирал Ж.Мэндбаяр хоригдож байв.  

Мөн Улаанбаатар паласын хойд талд бас том газар хууль бусаар өмчлөгдөж байсан. Баянгол дүүргийн VI хорооны нутаг, Улаанбаатар паласын хойд талд 4000 метр.кв газрыг М.Энхболд Нийслэлийн Засаг дарга байхдаа “Евро хаус” компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг. 2002 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн Б/162 тоот тогтоолоор олгосон уг газрын захирамжаа 2004 оны аравдугаар сарын 06-ны 455 тоот захирамжаараа баталгаажуулж, уг газрыг 5 жилийн хугацаатайгаар олгожээ. М.Энхболд уг газрыг олгохдоо дуудлага худалдаа явуулаагүй олгосон нь ил болж хэсэгтээ л дуулиан дэгдэж байсан. Тус хууль бусаар олгогдсон газрыг 9 жилийн дараа  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүчингүй болгож байв. Уг хууль бусаар зарагдсан 4000 метр.кв газрыг төрийн мэдэлд буцааж авсан тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрч байсан. 
Товчхондоо ийм нэгэн намтартай хүн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөнө. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Г.Сувдаа: Цэвэршилт нь дан ганц эмэгтэйчүүдийн асуудал бус бас эрчүүдэд нэгэн адил тохиолдоно

Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн талаар “Эрхэмсэг” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Г.Сувдаа эмчтэй ярилцлаа.

-Эмэгтэйчүүдийн цэвэршилт гэж юу вэ?

-Цэвэршилт гэж биений юм бүрэн зогсохыг хэлэх бөгөөд энэ үед өндгөвч эстроген даавар ялгаруулж чадахгүй болсон байна. Цэвэршилт нь дан ганц эмэгтэйчүүдийн асуудал бус бас эрчүүдэд нэгэн адил тохиолдоно. Эмэгтэйчүүдийн хувьд энэ үед илрэх шинж тэмдэг нь эстроген дааврын дутагдалд эрхтэн тогтолцооны талаас үзүүлж буй хариу урвал юм. Ихэвчлэн 40-өөс дээш насны хүмүүст илэрдэг. Хэт эрт болон аяндаа эрт цэвэрших тохиолдол байдаг.

-Ямар ямар шинж тэмдгээр илэрдэг вэ. Цэвэршилт явагдах үед гэж байдаг гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Цэвэршилтийн үед эстроген дааврын дутагдлаас болж эрхтэн тогтолцооны зүгээс илрэх хариу урвал гэж дээр дурьдсан. Үүнд, Зүрх судасны үйл ажиллагааны алдагдал, даралт ихсэх, зүрхээр өвдөх, титэмт судасны нарийсал үүсэх, бодисын солилцооны алдагдлын улмаас таргалалт үүсэх, өөхөн эдийн хуваарилалт өөрчлөгдөн хэвлий хэсгээр хуримтлагдах, ургал мэдрэлийн тогтолцоо хэт цочмог болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн хөлрөмтгий болох, салт хуурайших, нүүр хөлийн ул халуу оргих, ясны сийрэгжилт эрчимтэй явагдах, кальцийн солилцоо алдагдах, глюкозын задрал саатах, булчингийн сулрал явагдах, шээс бэлгийн замын үйл ажиллагаа алдагдах, шээс задгайрал үүсэх, сэтгэл зүйн хувьд эмзэгших, хямрамтгай болох, бэлгийн амьдралд өөрчлөлт орох зэрэг эмэгтэйн амьдралын чанарт мэдэгдэхүйц нөлөөлөх өөрчлөлтүүд гардаг.

-Цэвэршилтийн үед янз бүрийн сэтгэл санааны өөрчлөлт гардаг гэсэн. Энэ байдлыг хэрхэн даван туулах вэ?

-Цэвэршилтийн үед гардаг эдгээр өөрчлөлтүүд нь физиологийн түр зуурын үзэгдэл юм. Сэтгэл санааны талаас илрэх шинж тэмдгүүдийг “цэвэршилтийн үеийн невроз” гэх нь ч бий. Энэ үед эмэгтэйн өөрийгөө үнэлэх үнэлэмж өөрчлөгдөх хандлага зонхилдог. Цэвэршилтийн үеийн сэтгэл санааны байдалд нөлөөлөх олон хүчин зүйл байдаг. Жишээ нь, нийгмийн байдал, амьдралын орчин, гэр бүлийн уур амьсгал, ажил эрхлэлтийн байдал, эдийн засгийн гэх мэт. Гэвч зарим тохиолдолд физиологийн байдал нь дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалаад эмгэг байдал үүсэх тохиолдол байдаг. Эдгээрийг цэвэршилтийн үеийн хүндрэлүүд гэдэг. Физиологийн үед эмчилгээ шаардлагагүй. Энэ үед гарах шинж тэмдгүүд өөрчлөлтийн талаар эрүүл мэндийн боловсролтой зохих түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй. Түүнээс гадна эстроген орлуулах дааврын бэлдмэл хэрэглэх, эсвэл ургамлын гаралтай фитоэстроген бүхий биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болох юм.Эмгэг үүссэн тохиолдолд мэргэжлийн эмч нарт хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

-Цэвэршчихээр уур уцаартай болдог гэсэн яриа хүмүүсийн  дунд байдаг. Хөгширөлт хурдан явагддаг, бэлгийн харьцаанд орохоо больдог гэдэг юм билээ. Энэ үнэн үү?

-Энэ бол харьцангуй ойлголт. Шууд утгаар нь ойлгож болохгүй. Учир нь хүн бүрт харилцан адилгүй илэрдэг. Дээр дурьдсанчилан сэтгэл санааны байдалд нөлөөлөх сөрөг хүчин зүйлээс үүдэлтэй уур уцаартай болох тал бий. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийн эмч сэтгэл зүйчээс зөвөлгөө авах хэрэгтэй. Арьс салстын уян хатан чанар буурах,  хуурайших зэрэг өөрчлөлтүүд илэрдэг учир хөгшрөлтөнд тодорхой хэмжээгээр нөлөөлнөБэлгийн үйл ажиллагааны хямралд цэвэршилтийн үеийн дааврын түвшин буурах, архи тамхины хэрэглээ нөлөөлдөг. Цэвэршилт болон насжилттай холбоотой үүсч байгаа бэлгийн үйл ажиллагааны хямралын эмчилгээнд сэтгэл гутралын эсрэг эмчилгээг гэр бүлийн сэтгэл зүйчийн сэтгэл заслын зөвөлгөө эмчилгээ, даавар орлуулах эмчилгээ фитотерапи зэргийг хослуулж хэрэглэдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Хоёр хүний аминд хүрсэн Э.Өргөнталд 25 жилийн ял оноолоо

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд нөхөр нь эхнэрээ зээ дүүгийнх нь хамт заазуурдаж хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд гарсан. Мөн 13 настай дагавар хүүгийнхээ гарыг заазуураар цохиж хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Монгол Улсын хоёр иргэний аминд хүрсэн БНХАУ-ын иргэн Өргөнталд холбогдох хэргийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хятад улсын иргэн Э.Өргөнталд холбогдох ЭХТА-ийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхээс түүнд 25 жилийн хорих ял оногдуулж 5 жилийг нь гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгчээс 8,7 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Биеэ үнэлэгчдээс ДОХ-ын шинжилгээ авна

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрынхан хууль бусаар оршин сууж, биеэ үнэлж буй монгол бүсгүйчүүдийн асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна. Хэдийгээр гадаад улсад биеэ үнэлэгч нэрээр амьдарч буй ч Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, болзошгүй гэмт явдлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж Консулын газрынхан үзсэн байна. Тиймээс Эрээн хотын удирдлагуутай уулзан, биеэ үнэлж байсан цөөнгүй монгол эмэгтэйг саатуулж, ирээдүйд өртөж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэн нутаг буцааж эхэлсэн гэнэ.

Эрээн болон БНХАУ-ын бусад хот, мужид биеэ үнэлж буй бүсгүйчүүдээс бэлгийн замын халдварт өвчин, ДОХ илэрч болзошгүй тул урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах талаар манай холбогдох байгууллагынхан ярьж байгаа аж. Түүнээс гадна Эрээнд биеэ үнэлж байсан бүсгүйчүүд мансууруулах бодис хэрэглэх, Монгол руу дамжуулан худалдсан хэрэг нэг бус удаа гаргаж байсан учраас тэднийг хууль хяналтын байгууллагынхан байнгын хяналтдаа байлгахаар болжээ. 

Танилц, Эрдэнэтийн вант улсын ханхүү!

Эрдэнэт үйлдвэрийн зүгээс Х.Бадамсүрэн захирлын тав тухыг хангахын тулд хагас тэрбумыг зарцуулаад байгаа нь баримтаар нотлогдсон ч, хориг тавьж, хяналт тогтоож дийлсэнгүй. Одоо бүр гэр бүлээрээ “Эрдэнэт“-ийг “эзэгнэх” болжээ. Түүний бага хүү Б.Бадрах Эрдэнэт үйлдвэрийн захиргааны байранд эрх нохойгоо хөтлөөд, эзэмшил газраараа зугаалж яваа ханхүү шиг л даналзан алхдаг болжээ. Урд нь мэдээлэл авахаар очсон сэтгүүлчдийг нэвтрүүлэлгүй үүдэндээ өдөржин уядаг, цагдаагийн нэмэлт хүчээр хамгаалалт авдаг Эрдэнэт үйлдвэрийн төв байр ийнхүү цэвэр үүлдрийн, приусын дайны үнэтэй чихуахуа хав нохойн өмнө үүдээ нээж, “үйлчлэгчид” нь даган хошуурч байна. Х.Бадамсүрэнгийн вант улсын ханхүү Б.Бадрахыг Азийн топ модельтой дэр нэгтгэсэн, мөрийтэй тоглоом болон хар тамхины хэрэгт холбогдсон зэргээр нь олон нийт мэддэг. Одоо тэгвэл энэ гэр бүлийн эрх ямба “Эрдэнэт”-эд хэрхэн цэцэглэхийг харж, гайхширч шогширмоор олон мэдээлэл ар араасаа хөврөх нь. 

Бодлогоор өрсөлддөг болъё

Монголын Улсын аль ч шатны сонгуульд “хар пи-ар” гээчийн жор тунг нь хэтрүүлэн ашигладаг үзэгдэл бий болсоор удаж буй. Товчхондоо, хэн хэнийгээ хамгийн их харлуулж чадсан нь ард түмний баатар, эх оронч болчихдог сонин сонгууль хийгддэг болсон гэсэн үг.

Уг нь сонгууль бол бодлогоор, мөрийн хөтөлбөрөөр өрсөлддөг байвал ард түмэнд хэрэгтэй. Ямар сайндаа л монголдоо л нэр хүндтэй нэгэн эрхэм “Монголчуудын сонгууль муухан хошин шогоос дээр шүү” хэмээн бичиж байх вэ дээ. Үнэнийг хэлэхэд хэн нэгнийг муулсан, харлуулсан зүйлээс ард түмэн, сонгогчид залхаж байна.

Тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчид аль болох “хар пи-ар”-аас татгалзаж мөрийн хөтөлбөрөөрөө, бодлогын мэтгэлцээнээрээ өрсөлдвөл хэн нь хэн бэ гэдэг нь илүү товойж харагдана. Түүнээс биш амнаас ам дамжсан, бодитой биш яриагаар бие биенийгээ муулсан, маажсан мэдээнээс монголчууд залхаж байна.

Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд 3-5 удаагийн мэтгэлцээнийг зохион байгуулбал ард түмэн зөв сонголт хийж чадна.

Дэлхий даяар попууд ялагдаж эхэллээ

Францын шинэ Ерөнхийлөгч тодорлоо.  Төвийн үзэл баримтлалтай нэр дэвшигч Эммануэль Макрон ялалт байгуулж, тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.  Тус улсын энэ удаагийн сонгууль дэлхий дахин попуудыг ялгаж, салгаж эхэлсэн гэдгийн бэлээхэн том жишээ болов.  Макроны өрсөлдөгч хэт барууны үзэлтэн буюу популист Марин Ле Пений  өөрийгөө хэт дөвийлгөх, ард түмний тархийг угаах ажиллагаа  зэрэг нь олны сэтгэлийг  татаагүйгээр барахгүй улс орныг цаашид удирдаад явах чинээний хүн биш гэсэн дүгнэлт хийсний баталгаа болсон.   

 Манай улсад ч мөн  ирэх сард Төрийн  тэргүүнээ сонгох сонгууль болно.  МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшихээр болоод байгаа Н.Энхбаяр нарыг харьцуулахад Францад болж өнгөрсөн сонгуультай агаар нэг харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, төвийн тулхтай том намын нэр дэвшигчийн эсрэг “эх оронч” гэх  уриа лоозон маягийн үгэн дор үнэн төрхөө халхалсан  “сэжигтэн” өрсөлдөж буй. Гэхдээ тэрбээр  олон түмний тархийг хэрхэн угаахаа хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг төдийгүй нэгийгээ хэрхэн гишгэлэх, өрсөлдөгчөө хэрхэн яаж харлуулах вэ гэдэг кампанит ажил өрнүүлчихээд байгаа нь Францын сонгуультай төстэй харагдаад байгаа юм. Гэхдээ эцсийн дүндээ ард түмэн  хий хоосон уриатай,  тархи угаагч гэж ямар хүмүүс байдгийг ялгаж салгадаг болсон гэдгийг  Францын Ерөнхийлөгчийн сонгуулиас харж болохоор байлаа. Нэгийгээ хар  муу аргаар нухчин дарах, өөрийгөө хэт дөвийлгөн мандуулах үзэл хоёрын аль нь хүчтэй нь улам ч сонирхол татаж эхэллээ. Зөвхөн Франчууд биш монголчууд ч  популистуудын ааш аягийг хэдийнэ  мэддэг, таньдаг болоод байгаа билээ. 

Төрийн банкны орлогч захиралд 5.1 жилийн ял оноожээ

Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэмд холбогдох хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж, түүнд 5.1 жилийн хорих ял оногдуулжээ. Түүнчлэн Т.Дорждэрэмд хахууль өгсөн хэргээр Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноосон байна.

Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэмийг бусдаас их хэмжээний хахууль авсан, Ц.Алтансүхийг бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Т.Дорждэрэмийн 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2.1 жилийн хорих ялаар, Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

Т.Дорждэрэмээс 25.000.000 төгрөг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. “Дөрвөлж” компанийн захирал Л.Алтансүх нь орон нутгийн мэдлийн өмчийг Төрийн банкны 800 сая төгрөгийн барьцаанд тавихдаа Т.Дорждэрэмд 25 сая төгрөгийн хахууль өгснийг мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтаар тогтоосон байна.

Хилээр сум нэвтрүүлэхийг завдсан монголчууд баригджээ

Орос-Монголын хилийн Наушк боомтоор галт тэрэгний зүтгүүрт их хэмжээний сум галт хэрэгсэл тээвэрлэж явсан монгол иргэнийг Буриадын гаалийн албаныхан саатуулан шалгаж эхэллээ хэмээн Сибирийн гаалийн удирдах газрын хэвлэлийн алба мэдээлжээ.   Хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсанаар бол үзлэгийн үеэр албаны нохой спортын “Стандарт” бууны 22 калибрын 37,5 мянган сум илрүүлсэн байна. Ачаанд нийтдээ дөрвөн үүргэвчинд хийсэн 750 хайрцаг сум байжээ. Хууль бус бараа тээвэрлэхийг завдсан дөрвөн хүнийг саатуулан, сум галт хэрэгслийг хураажээ. Тэдний хоёр нь бүр автомашинаар Хиагт боомт руу зугтахыг оролдсон байна. Буриадын гаалийн албаныхан Монгол Улсын иргэнд ОХУ-ын Эрүүгийн хулийн зүйл ангиар эхэрг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Эн хуулиар бол их хэмжээний сум галт хэрэгсэл хилээр нэвтрүүлэхийг завдсан бол 3-7 жилийн хорих ялаар шийтгэж нэг сая рубль хүртэлх торгууль ногдуулдаг юм байна. Энэ хэргийг хоёр улсын хилээр сүүлийн жилүүдэд тохиож байгаа их хэмжээний сум галт хэрэгсэл гаргах гэсэн хамгийн том үйлдэл гэж мэдээлэлд дурджээ. 

Байрныхаа гадаа тоглож байсан хүүхдийг мөргөж гэмтээжээ

Амралтын өдрүүдээр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 87 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 623 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 451 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 10, мөргөлдсөн 23, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн байна.  

Тухайлбал:

  1. СХД-ийн нутаг Драгон төвийн хойд 23В байрны хойд замд H.Insight маркийн автомашины жолооч А нь гэрийнхээ гадаа тоглож байсан явган зорчигч 8 настай А-г мөргөж гэмтээсэн.
  2. БГД-ийн нутаг Нарны хорооллын 13-р байрны урд замд T.Prius маркийн автомашины жолооч Т нь байрныхаа гадаа ээжтэйгээ хамт тоглож байсан 3 настай А-г мөргөж гэмтээсэн.

Орон нутагт:

  1. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгоо багийн нутаг Бэл гэх газрын асфальтан замд T.Will маркийн автомашин онхолдож, зорчигч О-н амь нас хохирсон.

Амралтын өдрүүдэд зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөний 3 нь гэрийнхээ тоглож байсан байна. Дулааны улирал эхэлж хүүхэд багачууд гадаа тоглох, ролик, скүүтер, унадаг дугуй унахдаа зам дээр болон замын ойролцоо тоглох, мөн жолооч нар орон сууц болон гэр хороолол дундах замд хурдаа тохируулаагүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас бага насны хүүхдүүд осолд өртөж гэмтэж, бэртэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл