8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН-д Ерөнхийлөгчийн сонгуульд сойх нэр цэвэр хүн байна уу

2017-05-08 09:04:00

Тун удахгүй Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг монголын ард түмэн сонгох гэж байна. УИХ-д суудалтай гурван нам хуулийн хугацаандаа багтаж тус тусын нэр дэвшигчээ тодруулсан долоо хоног өнгөрлөө. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг сонгосон бол, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг нэр дэвшүүлэхээр болсон. Харин гурав дахь хүчин болох МАХН-ынхан бага хурлаа хийж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр тогтсон. Харамсалтай нь МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа ирэх 2018 онд дуусах бөгөөд нэр дэвших боломжгүй талаар Сүхбаатар дүүргийн шүүхээс албан ёсны шийдвэр нь гарсан. 


МАХН-ын зүгээс Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх талаар  СЕХ албан бичгээр боломжгүй гэсэн хариулт өгөөгүй учраас ийнхүү нэр дэвшүүлсэн.  СЕХ үнэхээр боломжгүй гэсэн хариулт өгч, бүртгэж авахгүй тохиолдолд дараагийнхаа хүний нэрийг дэвшүүлэхээр тус намыхан тогтсон байна. Мэдээж тус намын дараагийн хувилбар нь УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар байх магадлалтай. Хэдэн хоногийн өмнө МАХН-ын бага хурал болоход С.Ганбаатар ирж үг хэлсэн. Түүний үгнээс харахад хүнд хэцүү цагт "МАХН-ынхан та бүхэн надтай хамт байсан" хэмээн хайр зарлаж байгаа нь харагдсан. Н.Энхбаяр дэвших боломжгүй гэхэд би нэр дэвшие гэдгээ ч нуулгүй Н.Энхбаярт хэлсэн сурагтай. С.Ганбаатар ард түмний итгэлийг даах улс төрч мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Өнгөрсөн жилийн өдийд Монголын улс төрд ХҮН гэх шинэ нам, шинэ салхи орж ирж байлаа. Харамсалтай нь С.Ганбаатар тус намын дарга болж, хэрхэн самарсаныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Мөн үүнээс гадна С.Ганбаатар монголын ард түмнийг хуурч явсан нэгэн.  Тодруулбал, С.Ганбаатар  УИХ-д ажиллаж байхдаа хэд хэдэн их сургууль төгссөн мэтээр анкет бөглөж томорч явсан. Гадаадад хоёр ч дээд сургууль төгссөн гэж ард түмнийг хуурч байсан тэрбээр өнгөрсөн жилийн сонгуулийн өмнө сурч байсан сургуулиа төгсөж чадаагүй гэдэгээ хүлээн зөвшөөрсөн. Түүний энэ худал хуурмагаас болж ард түмэн С. Ганбаатарыг дахин сонгоогүй билээ. 

Мөн С.Ганбаатарын хувьд нэлээд хурц ширүүн ярьж тэмцэгч гэдгээ өнгөрсөн хугацаанд батлан харуулсан. Гэхдээ ярьдаг мөртлөө хийдэг хүн гэвэл бас эргэлзээтэй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд С.Ганбаатар Дарханчуудын итгэлийг хүлээн гарч ирж амласан амлалтууд болон хийсэн ажилд нь  хангалтгүй гэсэн дүгнэлтийг  Дарханы ард түмэн өгч, дахиж сонгоогүй. Монголд хамгийн анх фенг шуйг дэлгэрүүлж, сүлжээ дэлгүүрээрээ багагүй ашиг олсон. С.Ганбаатарыг багш гэж дууддаг хүмүүсийн ихэнхи нь эмэгтэйчүүд байдаг. Тэрбээр 2004-2005 оны үед О.Магнай, Ж.Батзандан нартай хамт эрх баригчдыг зад шүүмжлэн иргэний хөдөлгөөнийг манлайлж байсан жагсагчдын нэг.  С.Ганбаатар одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад түүний эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байв. Н.Энхбаярын зөвлөхөөр ажиллах болсон талаар нь асуухад “Гэнэтхэн эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллана уу гэсэн урилга аваад маш их баярласан. Би улстөрд ингэж орно гэж бодоо ч үгүй. Төрийн ордонд тийм гоё хивс, мебельтэй, 24 цагийн интернэттэй, нарийн бичгээрээ цай зөөлгөдөг ажлаа золиослоод гудамжинд гараад талбай дээр гэр бариад цагдаа нартай зодолдоод явна гэдэг хэцүү шүү дээ”  гэж ярилцлага өгч байсан түүхтэй. Нэгэн цагт зөвлөх нь байсан С.Ганбаатар одоо тус намыг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал маш өндөр байна. Магадгүй Н. Энхбаяр дахин С.Ганбаатарт итгэл хүлээлгэж магадгүй. Гэхдээ Монголын ард түмэн худал ярьдаг  жагсагч хэрэгтэй юу, монголын ард түмнийг төлөөлж Монголд төдийгүй нэр хүндийг нь  дэлхийд өргөж  ажиллах хүн хэрэгтэй юу гэдгийг аль хэдийн ойлгосон учраас С.Ганбаатарт орон зай байхгүй л болов уу. 

Харин тус намын дараагийн хувилбар нь Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун. Түүний  хувьд 1990 оны үед НҮБ-д байнгын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улсын бие даасан байдлыг баталгаажуулж, Монгол, Оросын харилцааг дээд төвшинд хүргэж байсан дипломатч нэгэн. Нэр цэвэр хүн гэдгээр түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж магадгүй. Гэхдээ ард түмний итгэлийг хүлээх зориг зүрхтэй нэгэн мөн үү гэвэл бас эргэлзээтэй. Түүний хувьд ажлаа  сайн хийдэг төрийн жинхэнэ албан хаагч. Харин Ерөнхийлөгч байх амбицтай хүн биш. Ийм хэд хэдэн хувилбар нь МАХН-д яригдаж байна. Ер нь тус намд ард түмний итгэлийг хүлээх нэр цэвэр, хүн байхгүй бололтой.