Эмийн бүртгэлийг цахимжуулахаар ажиллаж байна. Бүртгэлийг шинэчлэн сайжруулах ажлыг 2015 оноос үе шаттайгаар хийж энэ онд дуусгахаар төлөвлөжээ. Монгол Улсад худалдаалж байгаа эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Эмийг Монгол Улсад бүртгэх үйл ажиллагаа 1994 оноос эхэлсэн ба одоогоор 4722 нэрийн эмийг бүртгээд байна. Эмийг бүртгүүлэхдээ зохих журмын дагуу эмийн бүртгэлийн бичиг баримтуудыг бүрдүүлж Хүний эмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсний дараа Эмийн бүртгэлийн гэрчилгээ олгон цахим мэдээний сан буюу Лайсмед программд бүртгэдэг. Лайсмед программыг шинэчилснээр эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын бүртгэлийн үйл ажиллагаа боловсронгуй болж, бүртгэлийн явцыг хянах боломжтой болно. Мөн биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын бүртгэлийн мэдээний сан шинээр бий болох юм. Харин иргэд Монгол Улсад бүртгэлтэй эмийн мэдээллийг хүссэн үедээ харж, хуурамч эм худалдан авч амь нас эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлэх боломжтой. Мөн эмийн хэрэглэх зааврын мэдээллийг авах боломж нээлттэй болох юм.