2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай 32,623 хүүхэд элсэнэ. Төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 15-ны хооронд бүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна. Элсэлтийн ажлыг зохион байгуулах дүүргийн комиссыг Боловсролын хэлтсийн даргын тушаалаар, сургуулийн комиссыг захирлын тушаалаар батална. Комисс нь багш, эцэг эх, сургуулийн зөвлөл, сурагчид, олон нийтийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй байна.
Нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. 5 настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй. Элсэлтийн явцын мэдээг 2017 оны тавдугаар сарын 5, 12-нд гаргаж мэдээлнэ. Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
ҮҮНД:
-Хүүхдийн төрсний гэрчилгээ
-эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
-3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.
Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан ирж, өөрийн биеэр бүртгүүлнэ.