8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: АН-ын горилогчид албан ёсоор бүртгүүлж, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр Монгол Улс цааш явах боломжгүйг зарласан өдөр

2017-05-02 18:47:00

Цайран цайран бороо орох нь сайхан
Цавьдар морьтой хүн наашаа давхих нь сайхан
Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан
Боржгон эмээлээ аваад орж ирэх нь сайхан.

Хөх лонхон тогоруу дуугарах нь сайхан
Хөдөө цайдам борооших сайхан
Анирхан ахуйд цэцэг дохих сайхан
Аадрын өмнөх байдал сайхан. Уншигч та бүхэндээ бороотой өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр нийслэл Улаабаатарт өдрийн турш салхи салхилж шороогоор шуурсан. Харин саяханаас эхлэж, бороо орлоо. Бороо орохоор сэтгэл догдолж хаашаа ч юм бэ алхамаар санагдаж байна уу. Тэгвэл та бүхэнд хэрэг болох үүднээс цаг агаарын мэдээг танилцуулж байна. Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар, маргааш  ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар цаг агаар хүйтэн байх учраас дулаан хувца
слаж, эрүүл мэнддээ анхаархыг зөвлөж байна. Харин одоо та бүхэндээ өнөөдрийн онцлох мэдээллийг багтаасан Монголын нэг өдөр тоймоо хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Д.Хаянхярваа: ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр Монгол Улс цааш явах боломжгүй

УИХ дахь МАН-ын бүлэг Олон улсын валютын сангаас ирүүлсэн саналын асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргасан байна.  2017 оны төсвийн тодотголтой хамт баталсан УИХ-ын 29 дүгээр тогтоол хөтөлбөртэй зөрчилдсөн учраас ОУВС-аас манай хүсэлтийг хойшлуулаад байгаа билээ.УИХ-ын тогтоолын 11 дүгээр заалтад “Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслийн борлуулалтын орлогыг Монголын арилжааны банкуудаар дамжуулах”-аар заасныг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх EFF хөтөлбөртэй зөрчилдөж байна гэж үзсэн. Тэгвэл уг асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтыг эргэн харах, хүчингүй болгохоор санал нэгдсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-МАН-ын бүлэг өнөөдөр ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар хуралдсан. Ямар шийдэлд хүрсэн бэ?

-Өчигдрөөс хойш энэ асуудлаар бүлэг хуралдаж, ярилцлаа. Бүлгийн гишүүд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр Монгол Улс цааш явах боломжгүй гэдэг дээр санал нийлсэн. Тийм учраас ОУВС-гийн холбогдох хүмүүстэй дахин уулзаж, төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын тогтоолын төслийн маргаантай байгаа заалтыг дахин эргэж харахаар боллоо. Үндсэндээ ОУВС-гийн хөтөлбөрт орохоор нэг мөр шийдэж, улс төрийн шийдвэр гаргасан гэж ойлгож болно.

-Тус заалтын хувьд борлуулалтын орлогыг Монголын банкаар 100 хувь биш юм аа гэхэд тодорхой хувийг Монголын банкаар дамжуулах яриа байгаа юу. Энэ асуудлыг яг яаж шийдэх гэж байгаа юм бэ?

-Өчигдөр орой ОУВС-гийн холбогдох хүмүүс, "Рио Тинто"-гийн хүмүүс, бусад банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж ярилцсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтынхаа тодорхой хэсгийг Монголоор дамжуулах чиглэлээр яриа, хэлэлцээ хийж болно гэсэн. Гэхдээ эхний ээлжинд бид хөтөлбөрт хамрагдах ёстой. Түүний дараа хөрөнгө оруулалт, борлуулалтын орлого зэргийг Монголоор дамжуулах тухай асуудлаар цаашид яриа, хэлэлцээ хийгээд явна.

-Тэгэхээр УИХ-ын тогтоолын төслийг буцааж татна гэсэн үг үү?

-Тогтоолын төслийг буцааж татахгүй. Ямар өөрчлөлт хийж болох вэ гэдэг дээр холбогдох Байнгын хороогоор ярьж, шийдвэр гаргана. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Маргааш Сэлэнгэ, Төв аймгийн  нутаг, Булганы өмнөд хэсгээр  цасан шуурга шуурна.

Шөнөдөө Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, өдөртөө Говь-Алтай,  Өвөрхангай, Хэнтий өмнөд хэсгээр, Баянхонгор,  Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар, маргааш  ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Тавдугаар сарын 02-ны 20 цагаас  03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус , өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр шөнөдөө Арц-богдын өвөр  хоолойгоор секундэд 15-17 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Дорноговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Р.Амаржаргал, Л.Болд, Х.Баттулга, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нар албан ёсоор бүртгүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 26-нд болно. Өнөөдөр 13.00 цаг хүртэл АН-ынхан Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ бүртгэв. Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Гадаад харилцааны сайд асан Л.Болд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар албан ёсоор бүртгүүлсэн байна. Эртнээс нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байсан Э.Бат-Үүл нэр дэвшихээргүй болсон бөгөөл бүртгүүлсэнгүй. Бүртгүүлсэн эрхмүүдийг энэ сарын 6-нд буюу бямба  гаригт хуралдах VIII их хурлаараа бүх гишүүдийн дунд нууц санал хураалт явуулж, нэр дэвшигчээ тодруулна. 

Даланзадгад, Цогтцэций сумын иргэдийг нүүлгэн шилжүүлнэ

“Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургууль өнөөдөр Өмнөговь аймагт танхимын сургалтаар эхэлж байна. Энэхүү дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн стандарт үйл ажиллагаа, чиг үүргийн дагуу гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчин, АНУ болон бусад оролцогч талууд хоорондын цэрэг-иргэний хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гамшгийн хор уршгийг арилгах багаж хэрэгсэл, удирдлага, зохицуулалтын зохион байгуулалтын бүтцийг турших зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн  “Говийн чоно-2017 олон улсын дадлага сургууль нь энэ сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ.

Дадлага сургуулийн үеэр Даланзадгад, Цогтцэций сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх, газар хөдлөлтийн улмаас үүссэн уурхайн осол, нуранги, аврах ажиллагааны болон мал, амьтны цэцэг өвчний үед ажиллах хээрийн эмнэлэг дэлгэх зэрэг дадлага сургуулиудыг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах алба, өмнөд бүсийн Онцгой байдлын газруудын аврагчид АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын аврагчидтай хамтран гүйцэтгэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тэжээвэр нохдод нэр хаяггүй туулга уулгаснаас олон тооны нохой үхэв

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн мал эмнэлгийн газраас нохой бүртгэлжүүлэх, гэрчилгээ олгож пайзжуулах, туулга болон галзуу өвчний вакциныг үнэ төлбөргүй хийжээ. Хоёр хоногийн хугацаанд 372 нохойд вакцин хийж, туулга уулгажээ.Вакцин хийлгэсэн оройноос эхлээд 18 дугаар хорооны Яргайт гудамжны дөрвөн айлын зургаан нохой вакцин хийлгэсний дараа үхсэн байсан. Харин одоогийн байдлаар  үхсэн нохойны тоо нэмэгдэж 30 орчим болжээ.  Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Чингэлтэй дүүргийн 372 нохойд уулгасан бэлдмэл нь манай улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эм байж болзошгүй гэсэн мэдээлэл өглөө. 

Нийслэлийн мал эмнэлгийн газрын малын эм, бэлдмэл нь тусгай зөвшөөрөлтэй, тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх тендерт шалгарсан компаниудаас гэрээгээр худалдан авдаг аж. Тухайлбал, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, мэдрэл зүрх судасны системийн өвчнийг эмчлэх эм, амьсгалын болон шээс бэлгийн замын өвчнийг эмчлэх эм, антидотууд ба сорбент, хордлого тайлах эм зэрэг 120 нэр төрлийн эм бэлдмэл, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 23 нэр төрлийн вакцин био бэлдмэлийг хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдэд Засаг даргын захирамж дагуу графикт хугацаанд тараан олгодог байна. Тус вакцин нь чанарын шаардлага хангаагүйгээс болж 30 орчим нохой үхээд байна. 

Е баримт сугалаанд хожсон бол дараах зүйлийг анхаараарай

Хэрэглэгч та ebarimt.mn-д цахим системд сугалаагаа бүртгүүлж азтан болсон бол дараах хоёр үйлдлийг заавал хийх ёстой.


1. 500 мянган төгрөг хүртэл мөнгө хожсон иргэд ebarimt.mn системд тохирлын мэдээг баталгаажуулж, хүсэлтээ заавал илгээнэ.
2. 500 мянган төгрөгөөс дээш сугалааны хонжвор таарсан иргэд хүсэлтээ баталгаажуулж, орон нутгийн иргэд харьяа аймгийн татварын хэлтэст, Улаанбаатар хотын иргэд биеэр ТЕГ-ын Татварын орлогын газарт ирэх ёстой.

Ингэхдээ иргэний цахим үнэмлэхийн хуулбар буюу эх хувиар нь сугалаа таарсан баримт эх хувиар, хүсэлт /ebarimt.mn системээс татаж авна/, хонжворын баримтаа гээсэн тохиолдолд өргөдөл, сугалаа цэснээс хонжвор таарсан баримтын мэдээллийг хэвлэн хавсаргаж өөрийн биеэр дээрх бичиг баримтыг бүрдүүлэн очих юм. 

Монголын гурван эмэгтэй жүдоч Азербайжаны нэрийн өмнөөс барилдана

Азербайжаны жүдо бөхийн холбооноос Монголын жүдо бөхийн холбоонд эмэгтэй гурван жүдочийг шигшээ багтаа авах талаар санал ирүүлсэн байна. "Токио-2020" олимпын наадамд Азербайжанчууд жүдогийн эмэгтэй багаа хүчирхэгжүүлэхээр зарим нэг улс орнуудаас жүдочид урьсан байна. Тодруулбал,  -48кг-д Э.Базаррагчаа, -52кг-д П.Буянхишиг, -57кг-д М.Ичинхорлоо нарыг Азербайжаны шигшээ багийн нэрийн өмнөөс барилдахаар урьжээ. Манай залуу жүдочид тус улсын нэрийн өмнөөс барилдахаар шигшээ багтайгаа хамтарсан бэлтгэл хийхээр очсон байна. 

Архи зардаггүй өдөр 30 согтуу жолоочийг журамлав

“Архи, согтууруулах ундаа худалдаалахгүй өдөр” согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлж, урьдчилан сэргийлж ажиллалаа.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдрийг “Архи согтууруулах ундаа худалдаалахгүй өдөр” болгосон байдаг. Гэтэл 2017 оны 05-р сарын 01-ний Даваа гарагт Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 30 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 349 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 279 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 8, мөргөлдсөн 5, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, онхолдсон 1 осол бүртгэгдсэн.

Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Дунд нарангийн 13-р гудамжинд амины ММС strada маркийн автомашин онхолдож зорчигч 10 настай Э нарын 2 хүн гэмтсэн хэргийг шалгаж байна.

Н.Алтанхуяг: Хулгайгаар бичлэг хийчихээд Н.Алтанхуягийг муухай харагдуулах гэж оролдсон

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд горилогч Н.Алтанхуяг өчигдөр телевизийн нэвтрүүлэгт оролцлоо. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа хийж бүтээсэн ирээдүйд хийх төлөвлөгөөний талаар санал бодлоо хуваалцсан. Ингээд түүний хэлсэн үгнээс онцлох 30 ишлэлийг бэлтгэн хүргэж байна.

  1. Манайхан ардчилал гэж 20 жил явлаа. Хөгжил гэдэг зүйлийг орхигдуулаад байх юм
  2. Манай Засгийн газрын үед монголчууд бид бүгд санаа сэтгэл шулуудаж ажилласан.
  3. Оюу Толгойгоос 250 сая доллар, Чалкотой гэрээ хийж, 350 сая долларын зээл авсан. Мөн Монголбанкнаас ч зээл авсан байсан.
  4. Бүх юмыг үйлдвэрлэнэ гэж яриагүй. Айлаас ирэхээр авдараа уудал гэж үг байдаг биз дээ.
  5. МУ-ын Ерөнхийлөгч талцал хуваагдалаас салгах хэрэгтэй. Шунал тачаалаа хаях хэрэгтэй. Үндсэн ажлаа хийхгүй байна.
  6. Хулгайгаар бичлэг хийчихээд Н.Алтанхуягийг муухай харагдуулах гэсэн.
  7. Л.Гансүх халаасны хулгайгаар шоронд орсон ууБуянтай ажил хийж байгаад шоронд орлоо. Л.Гансүхийн амьдралаар тоглосон.
  8. Хууль хяналтын байгууллагын хонгил ямар ажил хийж байгааг л харсан.  Цөөн тооны хүмүүсийн хонгил байна.
  9. Ард түмний төлөө Засгийн газар ажиллаж байхад шоронд орох юм бол яаж ажил хийх юм бэ
  10. Одоо ажил хийдэггүй бэртэгчингүүдийн цуглуулга болсон.
  11. Монголын түүхэнд Ерөнхий сайд нь ажлаа хийж байхад нь ахлах зөвлөхийг шоронд аваачиж хийсэн. Энэ нь Н.Алтанхуягаа чи биш бид нар ажил хийж байна гэдгийг хэлж байгаа юм. Гэхдээ бууж өгөөгүй.
  12. Би өнөөдөр Л.Гансүхээс уучлалт гуйж байнаЧамайг биш ойр дотныхонг чинь тамлаж, тарчлаагаад байхад чи Ерөнхий сайд царайлаад л яваад байх уу. Энэ бол хэцүү. Гэхдээ би бууж, өгөөгүй. 
  13. Би хийж байгаа ажилдаа эргэлзэж байгаагүй. Хязааргүй шуналтай хүмүүс байдаг гэж би мэдээгүй.
  14. Нүүрсний хэргээр Л.Гансүхээс гадна таван хүн шоронд орсон.
  15. Өмнө нь МУ-ын Ерөнхийлөгч хэрэг үүсгэдэг хүнийг томилдоггүй байсан. Энэ нь хонгил үүсгэсэн. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч томилдог.
  16. Би эрх мэдлээс татгалзаж чадна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дууссан VS дуусаагүй

Ирэх сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль болох гэж байна. Сонгууль дөхөх тусам горилогчид олширч, өрсөлдөөн ширүүсч байна. УИХ-д суудалтай гурван нам энэ сарын 06-ны өдөр гэхэд нэр дэвшигчээ тодруулсан байх ёстой. МАН, АН-ууд нэр дэвшигчээ тодруулаагүй байгаа бол МАХН Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ тодруулсан байна. 


Өчигдөр өглөө МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө” хэмээн мэдэгдлээ. Өмнө нь МАХН-аас УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун нар дэвшинэ гэдэг мэдээлэл гарч байсан. УИХ-ын гишүүн С.Ганбаатараас Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар байр суурийг нь тодруулахад “Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг дэмжиж ажиллана” хэмээн хэллээ. Харин Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун хэдхэн хоногийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө шийдвэрээ гаргаагүй байна хэмээн хэлж байсан. Тэгвэл Улс төрийн гурав дахь хүчний эцсийн хувилбар нь тус намын дарга Н.Энхбаяр бололтой. Н.Энхбаяр нэр дэвшинэ гэсэн мэдэгдэлтэй давхцаад Сүхбаатар дүүргийн шүүхээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн боломж Н.Энхбаярт байхгүй хэмээн мэдэгдэв.  Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй гэгдэж байсан түүний хувьд өөрт нь хуулиар зориуд хязгаар тавьж байна гэж мэдэгдсэн юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Н.Энхбаяр нэр дэвшинэ гэхээр ялтайд тооцох хугацаа дуусаагүй, болохгүй гэсэн мэдээлэл хэвлэлээр хөврөх юм Зарим хүмүүс тус мэдээллтийг МАН-ын зүгээс явуулж байгаа бодлого гэж харж байгаа гэнэ. Яагаад гэвэл нэг угшилтай хоёр нам учир саналаа хуваачих бий гэж айсандаа  сөрөг арга хэмжээ авч байж магадгүй. Мэдээж хэрэг М.Энхболд ногоон гэрлээр явахад Н.Энхбаяр саад болох нь ойлгомжтой. Тэгвэл Н.Энхбаярт нэр дэвших боломж бий юу. Өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн өмнөхөн мөн ялтайд тооцох хугацааны талаар дуулиан дэгдэж байсан. Энэ тухай мэдээлэл өгөх үүднээс УИХ-ын дарга асан З.Энхболд болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан  Ө.Энхтөр нарын өмнө нь хэлсэн үгнээс иш татаж мэдээлэл хүргэе. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Идэр залуусаа Хятад ажилтнаар сольсоор байх уу

Урин дулаан цаг ирж өвөлжин зогссон барилгын өргөгч цамхагууд “амь” орж, уул уурхайд ажиллах хүний тоо нэмэгдсээр. Энэ тоо нь өмнөд хөршөөс орж ирж байгаа ажилчид юм. Тэдний явдал суудал ихэсч сүүлдээ хэдэн зуугаараа орж ирэх болов. Албан бус тоогоор жилд манай улсын уул уурхай, зам, барилгын салбарт 20.000 хол давсан гадаадын иргэн ажилладаг юм байна. Үүний дийлэнх буюу 80-90 хувь нь хятад иргэн. Мөн орон нутгийн уурхайнуудад хэчнээн хүн орж ирэхийг хэлж мэдэхгүй. Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслүүдэд хятад ажилчин хэдэн зуугаараа орж ирж байхад идэр насны монгол залуус мянга, мянгаараа БНСУ-д хар ажил хийхээр аав, ээж, гэр бүл, үр хүүхдээ орхиж харь орныг зорьж байна. Нутагтаа байгаагаас нь боломжийн нөхцөлд, гайгүй цалин өгдөг учир хятад барилгачид Монголд ирэхдээ дуртай гэнэ.

Тэгвэл өнгөрсөн 7 хоногт БНХАУ-аас олон тооны иргэн Монгол улсын хилээр орж ирсэн тухай мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн билээ. Тодруулбал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Халх гол сумын ойролцоох хилийн шалган нэвтрүүлэхээр БНХАУ-ын 200 орчим иргэн ажиллах хүчээр орж ирсэн байна.  

Албан бус тоогоор жилд манай улсын уул уурхай, зам, барилгын салбарт 20.000 хол давсан гадаадын иргэн ажилладаг юм байна. Үүний дийлэнх буюу 80-90 хувь нь хятад иргэн. Мөн орон нутгийн уурхайнуудад хэчнээн хүн орж ирэхийг хэлж мэдэхгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment