УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөнгөж сая өөрийн фэйсбүүк хуудсаар шууд бичлэг хийлээ. Тэрбээр “Төрийн ордны коридорт ажлаа явуулах болсон тул хэвлэлийнхэнтэй хамт оффисын өрөөнийхөө нээлтийг хийнэ. Хоёр намын бүлэглэл намайг хавчин гадуурхаж байна” хэмээн хэллээ. Түүнийг өнөөдөр өглөө УИХ-ын Тамгын газраас өрөөгөө суллаж өг гэсэн шаардлага тавьсан байна. Учир нь УИХ-ын гишүүдийн өрөө солигдож байгаа учраас талаар өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүүд албан бичиг явуулж, шаардлага тавьсан байна. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус шийдвэрийг эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболдын үүдэнд, улаан буйдантай корридорт суухаар болжээ. УИХ-ын дарга ажилдаа ирэхдээ намайг хараад туслахаа гэж бодно уу, нарийн бичгээ гэж харна уу, өөрөө мэдэг хэмээн улс төржив. О.Баасанхүү гишүүн өөрийн ажлаа мартаж, улстөржиж эхлэв.
Хууль бусаар хөөгдсөн гэх О.Баасанхүү гишүүн төв талбай дээр монгол гэр барьж ажиллахаар болжээ.
О.Баасанхүү гишүүний байрлаж байсан өрөө нь өмнөх УИХ-ын үед УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн даргаар томилогдох үед байрласан өрөө юм. Харин одоо О.Баасанхүү гишүүн сул гишүүн учраас бүлгийн даргаар ажиллаж байх үеийнх нь өрөөг өөрчилж, Ардчилсан намын дарга С.Эрдэнэд шилжүүлэх зохицуулалт хийсэн нь таалагдсангүй. Зүгээр ч нэг улс төржсөнгүй, бүх сэтгүүлчдийг урьж, УИХ-ын дарга М.Энхболдын үүдэнд, улаан буйдантай корридорт оффисынхоо нээлтийг хийх юм гэнэ.
УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Тэр утгаараа гишүүн бүр хууль батлах, хэлэлцэх процесс бүрт оролцож, хуулийн өмнө үүрэг хүлээж, хуулиар хамгаалагдах эрх эдэлдэг иргэн бүрийг төлөөлж, санал бодлоо хэлэх ёстой юм. Ингэх гэж л иргэд сонголт хийдэг.Гэтэл УИХ-ын эрхэм гишүүн О.Баасанхүү сандал суудлын хэрүүл хийж, үндсэн ажлаа умартжээ. Өнөөдөр улс эх орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал ямар байдалд байгааг тэд мэдэхгүй. Тэдэнд зөвхөн сандал суудал, албан тушаал хэрэгтэй юм байна. Өнгөн хэсэгтээ эх орон, ард түмэн минь гэж та нарынхаа талаа нойр хоолоо умартаж ажиллаж байна гэдэг ч цаашаа эргээд сандал суудалдаа хэр хайртайг бид харж байна. Ер нь УИХ-ын гишүүн хаана суусан ч яадаг юм бэ, ажлаа хийх чин сэтгэл байхад төрийн ордны хаана ч суугаад ажлаа хийж болно. Хийж чадахгүй том дугардаг О.Баасанхүү мэтийн улс төрчид төрд битгий хэл төрийн ордонд хэрэггүй. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед зарим гишүүдийн бусдаас онцгойрч, ард түмний анхаарлыг татах гэсэн энэ мэт үйлдэл тасрахгүй нь бололтой.