8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Оюун-Эрдэнэ: Бага насны хүүхдүүд булчингийн хөгжлийн хоцрогдолд орох эмгэг ихсэж байна

2017-08-07 08:40:00

-Аль ч насны хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдалд удамшил нөлөөлдөг-

Бага насны хүүхдийн биеийн өсөлт, хөгжлийн талаар "Монголмед" эмнэлгийн хүүхдийн эмч Ж.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Хүүхдийн өсөлт хөгжлийн хоцрогдол гэж юу вэ. Тухайлбал дөрвөн настай хүүхдийн өндөр, жин хэд байвал хэвийн байх вэ?

-Манай оронд 1961 оноос эхэлж өсөлт бойжилтын судалгааг бүс нутаг, хот, хөдөө, нас, хүйсний ангиллаар хэсэгчилсэн байдлаар хэд хэд хийгдсэн байдаг. Гэхдээ Монгол орны хэмжээнд дорвитой нотолгоонд суурилсан томхон судалгаа одоогоор байхгүй байна.  Хүүхдийн өсөлт бойжилтын хоцрогдол гэдэг тухайн насандаа байх ёстой хүүхдийн өндөр, жин хэвийн хэмжээнээсээ бага байхыг хэлнэ.  Жишээ нь дөрвөн настай эрэгтэй хүүхдийн биеийн жин 16-19 кг, өндөр 97-107 см байна. Харин эмэгтэй хүүхдийн биеийн жин 14-19кг, өндөр нь 95-105 см байдаг байна.  Энэ хэмжээнд байвал хэвийн гэж ойлгож болно.

-Нярай хүүхэд, бага насны хүүхэд хоёрын өсөлт хөгжлийн явцад ялгаа бий юу?

-Хүүхдийн бие бялдрын өсөлт нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт, ахуй амьдралын нөхцөл, амьдарч буй нутаг орны онцлог зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хувьсах шинжтэй байдаг. Мөн удамшлаар нөхцөлдөн тухайн үндэстний биологийн онцлог, нөхөн үржихүй, хүн ам зүйн байдлыг харуулах чухал үзүүлэлт болдог. Бага насны хүүхэд гэдэг бол 0-5 насны хүүхдүүд. Харин нярай хүүхэд гэдэг бол 0-28 хоногтой хүүхдийг хэлдэг. Нярайн хүүхдийн эрүүл мэнд, өсөлт бойжилт нь ураг байх үеийнх нь эрүүл мэндийн байдал буюу эхийн эрүүл мэндийн байдлаас шууд хамааралтай байдаг. Нярай үеэс цааш эхийн асаргаа сувилгаа, асран хамгаалагчдын сувилж, бойжуулах арга аргачлал, гадаад орчин, амьдралын хэв маяг цаашилбал ахуй амьдралын нөхцөл байдал, нутаг орны онцлог, цаг уур зэргээс ихээхэн хамааралтай болж эхэлдэг. Мэдээж аль ч насны хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдалд удамшил нөлөөлдөг. 

Хүүхдийн өсөлт бойжилтын хоцрогдол гэдэг тухайн насандаа байх ёстой хүүхдийн өндөр, жин хэвийн хэмжээнээсээ бага байхыг хэлнэ.

-Хүүхдүүд өсөлт, хөгжлийн хоцрогдолд ороод байгаа шалтгаан. Түүнд нөлөөлж буй хүчин зүйлс?

-Хүүхдүүдийн биеийн өсөлт хөгжлийн хоцрогдолын шалтгааныг эмгэг болон эмгэг бус гэж ангилж үздэг. Эмгэг бус буюу нөлөөлөх хүчин зүйл нь хоол тэжээлийн дутагдал аминдэм, эрдсийн дутагдал, хоололтын бэрхшээл зэрэг орно. Үүнээс гадна эрүүл мэндийн боловсрол дутмаг, хайр халамж дутах, ядуурал, сэтгэл зүйн таагүй байдал, орчны таагүй нөлөө, цаг уур, орон гэрийн тав тухгүй байдал. Харин эмгэг шалтгаанд.

- Удамшил

- Мэдрэлийн эмгэг: Микроцефали буюу жижигхэн тархитай төрөх

- Зүрх судасны өвчин: Зүрхний төрөлхийн хөх гажиг өвчнүүд

- Хоол боловсруулах замын өвчин: глютен үл шингэх өвчин, бүдүүн гэдэсний шархлаат эмгэгүүд, кроны өвчин, хоол боловсруулах замын үрэвсэлт өвчнүүд

- Бөөр шээс дамжуулах замын эмгэгүүд: архаг бөөрний дутагдал

- Амьсгалын замын өвчин: хүнд хэлбэрийн астма, цистик фиброз

- Холбогч эдийн эмгэгүүд: дерматомиозит, системний өвчнүүд

- Хромосомын эмгэгүүд

- Дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд: бамбай булчирхайн эмгэг, өсөлтийн дааврын дутагдал, Кушингойд хам шинж, андроген дааврын хэт ихсэлт зэрэг маш олон өвчний суурин дээр хүүхэд өсөлт бойжилтын хоцрогдолд орж болно. 

Стресс нь хүүхдийн сэтгэлзүйн таагүй байдлыг хэлж байгаа бөгөөд стрессийн нөлөөгөөр хүүхдийн хоолны дуршил өөрчлөгдөх, ходоод гэдэсний замд ялгарах шүүрлийн хэмжээ өөрчлөгдөх зэргээр тэжээлийн дутагдалд ордог.

-Хүүхдийн жин, өсөлтийг хэрхэн хэвийн хэмжээнд барих вэ?

-Хүний өсөлтийн даавар нь хүүхдийг унтаж байх үед ялгарч байдаг-

-Түрүүн хэлсэнчлэн хүүхдийн амьдралын зөв хэв маяг хүүхдийн өсөлт хөгжилд нөлөөлнө. Үүнд ажил амралтын зөв дэглэм, идэвхтэй хөдөлгөөн хийх буюу спортоор хичээллэх, амьдрлын таатай нөхцөл буюу дулаан орон байр, гэр бүлийн таатай уур амьсгал, зөв хооллолт зэрэг тухайн хүүхдийн бүхий л зүйлд санаа тавих хэрэгтэй. Тиймээс энд онцолсон зүйлд эцэг, эхчүүд анхаарал хандуулах нь таны хүүхдийн биеийн өсөлт, хөгжилд чухал нөлөөтэй гэдгийг санах хэрэгтэй. Мөн хүүхдийнхээ өсөлт хөгжлийг хэвийн хэмжээнд барьж чадна.

-Хүүхдийн өсөлтөд амин дэмийн дутагдал, нойр, удамшил тэр бүү хэл гэр бүлийн стресс хүртэл нөлөөлдөг гэх юм?

эгдүгээрт удамшил гэдэг нь гадаад орчноос үл хамаарах дотоод хүчин зүйл юм. Эцэг эх нь өндөр бол хүүхэд нь өндөр, намхан бол намхан байдлыг нь дуурайдаг. Харин амин дэмийн дутагдал гэдэг нь ихэвчлэн хоол тэжээлийн дутагдал, буруу хооллолтын суурин дээр үүсдэг бол ховор тохиолдолд ходоод гэдэсний замын өвчин, бусад өвчнүүдийн архаг үед үүсдэг.  Стрессийн нөлөөгөөр хүүхдийн хоолны дуршил өөрчлөгдөх, ходоод гэдэсний замд ялгарах шүүрлийн хэмжээ өөрчлөгдөх зэргээр тэжээлийн дутагдалд ордог. Мөн стрессийн улмаас нойрны хямрал үүсдэг. Хүний өсөлтийн даавар нь хүүхдийг унтаж байх үед ялгарч байдаг учраас хүүхдийг унтаж байхад нь огцом сэрээж дуудах үед өсөлтийн гормоны ялгаралт хүчтэй саатдаг гэдэг судалгаа байдаг. Тиймээс хүүхдээ унтаж байхад нь зөөлөн дуудаж сэрээж байх нь чухал. Үүнийг эцэг, эхчүүд хэвшил болгох хэрэгтэй. Мөн хүүхдийг их унтлаа гэж загинах нь буруу юм. Хүүхдийн өсөлт бойжилтын хамгийн чухал нь юу вэ гэхээс илүү бүгдийг нь чухалчилж асран хамгаалах хэрэгтэй. Чухал биш зүйл гэж байхгүй.  

-Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн өсөлт, хөгжилд нийгмийн байдал, амьдарч буй орчин, идэж буй хоол хүнс нөлөөлж байгаа юм шиг санагддаг. Үүнээс үүдэн ямар нэгэн өвчин эмгэг их гарах болсон. Энэ тал дээр юу хэлэх вэ?

Гэртээ хүүхдээ амрааж байна гэж амттан, түргэн хоолоор хоолож, зурагт, утсаар тоглож ихэнх цагийг нь өнгөрөөж байгаагаас таргалалт, хараа муудах, мэдрэлийн ядаргаа, харшил, булчингийн хөгжлийн хоцрогдол, өтгөн хаталт зэрэг эмгэгүүд ихсэж байгаа ажиглагдаж байна.

-Улс орны хөгжлийн гол үзүүлэлтийн нэг бол яах аргагүй тухайн улсын хүүхдүүдийн өсөлт бойжилтын үзүүлэлт юм. Нийгэм хөгжихийн хэрээр иргэдийн эрүүл мэндийн боловсрол сайжирч, амьдралын хэв маяг өөрчлөгддөг.  Сүүлийн үед харьцангуй эцэг, эхчүүд хүүхдийнхээ амьдралын хэв маягт санаа тавьж спортоор хичээллүүж байгаа хэдий ч, өрсөлдөөнтэй нийгэмд хүүхдийнхээ ирээдүйг бодож тусгай гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, дамжаанд олон цагаар сууж, оюуны хөдөлмөр хийлгэж байна. Түүнчлэн гэртээ хүүхдээ амрааж байна гэж амттан, түргэн хоолоор хоолож, зурагт, утсаар тоглож ихэнх цагийг нь өнгөрөөж байгаагаас таргалалт, хараа муудах, мэдрэлийн ядаргаа, харшил, булчингийн хөгжлийн хоцрогдол, өтгөн хаталт зэрэг эмгэгүүд ихсэж байгаа ажиглагдаж байна.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ өсөлтийг хоцорч байгааг мэдэх энгийн арга юу вэ. Энэ талаар эцэг, эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгнө үү?

-Хүүхдийнхээ өсөлтийг байнга хэмжиж, байх хэрэгтэй. Хүүхэд эхээс төрөөд төрсөн жингийнхээ 5-10 хувийг алддаг. Амьдралын 10-14 хоногтойд хэвийн жингээ нөхөж биеийн жин аажим нэмэгдэж эхэлдэг. Хүүхэд 7 сар хүртлээ сард 700 гр-аар биеийн жин нь нэмэгддэг үүнээс цааш нэг нас хүртлээ сард 400 гр-аар биеийн жин нь нэмэгддэг. Товчхон болгоё гэвэл 4-6 сартай болтол нь хүүхэд төрөх үеийн жингээ нэг дахин нэмсэн байдаг. 1-5 насанд жилдээ 2.2 кг-р жин нэмдэг байгаа.  Өндрийн хувьд хүүхдийн өсөлтийн оргил үе нь 0-1 нас, 4-5 нас, 9-15 нас юм. Хүүхэд 3 наснаас өсвөр насанд хүртлээ жилд дунджаар 3 см-аар өсдөг. Гэхдээ хүүхэд бүр өвөрмөц учир мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсны суурин дээр өсөлт бойжилтын үнэлгээг хийх нь зөв юм. Өсөлт бойжилтын хоцрогдолд орох маш олон шалтгаан байдаг. Үүний цаана дээр дурдсанчлан олон өвчин эмгэг байж болно. Тиймээс хүүхдийнхээ өсөлт бойжилтыг 6 сар тутам хэмжүүлж, хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх нь хамгийн чухал юм. Хүүхдээ нэгэнт өсөлтийн хоцрогдолд орсон хойно нь биш орохоос нь өмнө сэргийлэх нь хамгийн энгийн бөгөөд зөв арга юм.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Burmaa
Heregtei medeell bn bayrlalaa
2019/03/16 66.181.161.49
сарнай
сайн байна уу танай эмнэлгийн байршил хаана байдаг вэ? хүүхдийн дотор эхо хардаг уу
2017/05/18 202.179.25.91
  • Recent
  • Most Read
  • Most Comment