8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Б.Бат-Эрдэнэ сайдыг огцрохыг шаардаж, С.Баяраас офшор дансаа тайлагнахыг шаардсан өдөр

2017-04-17 19:55:00

Тойм:Батлан хамгаалахын сайдаа огцруулах шаардлагатай, С.Баяраас офшор дансаа тайлагнахыг шаардаастай шинэ 7 хоног

Шинэ долоо хоногийн мэнд. Улаанбаатарт амралтын өдөр бороо орж хаврын хуйсгануур тэнгэр аашаа гарган бага зэрэг жиндүү хүйтэн өдрөөр шинэ долоо хоног эхэллээ. Энэ хаврын “брэнд” сэдэв офшор, төсвийн тодотгол. Унжирч сунжирсны эцэст хэл амтай төсвийн тодотголоо баталж, одоо ОУВС хэмээх их айлын эздийн амыг харах л үлдлээ дээ. Офшорын хууль мэндлэх сургаар гудамжны жагсаал идэвхжлээ. Үнэхээр нийгмээ цэвэрлэх гээд байна уу, аль эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сургаар идэвхжив үү. Заримдаа эргэлзэх л юм. Жагсаал цуглаанд нөгөөх л Баасан эгч, фэнг шү Ганбаатар харагдах юм даа. "Шаргуу хэрнээ чимээгүй хөдөлмөрлө Гаргасан үр дүн чинь чиний өмнөөс ярих болно" Энэ долоо хоногоо эрч хүчтэй өнгөрүүлээрэй хэмээн ерөөгөөд “Монголын нэг өдөр” булангаа хүргэж байна.

ОУВС-гийн Өргөтгөсөн хөтөлбөр Монголд тавтай морил хэмээн ерөөх л үлдлээ

Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл энэ сарын 28-нд хуралдана. Эл хурлаар манай улсад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх эсэх нь шийдэгдэнэ. Хаврын чуулган нээлтээ хийсэн цагаас хойш 2017 оны төсвийн тодотголыг дөрвөн удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцэж баталсан. Энд эсэргүүцэл хүчтэй байсан. АН тав хоногийн завсарлага хүссэн гурван цагаар хязгаарлаж, хүч тэнцвэрийн илүүрхлээр тодотгол батлагдсан. 

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвөөс төсвийн нийт орлогыг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн зардал, цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр л цэгцэлсэн дүнтэй.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн ОУВС тэгж л зөвлөсөн хэмээн гүрийсээр л байгаад төсвийн тодотголыг УИХ-ын босго давуулж чадлаа. Ингэхлээр ОУВС-гийн өгсөн чиглэл, үүрэг даалгаврыг биелүүлсэн, зохих ёсоор учраас хөтөлбөрт хамрагдах нь тодорхой биз ээ. Төсвийн тодотголын хэлэлцүүлэг халуухан өрнөсөн ч эцсийн бүлэгт УИХ-ын гишүүд төсвийн нийт орлогыг зургаан их наяд 35.7 тэрбум, зардлыг найман их наяд 750.2 тэрбум төгрөг байхаар баталсан. Төсвийн алдагдал хоёр их наяд 714.4 тэрбум төгрөгт хүрэв. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвөөс төсвийн нийт орлогыг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн зардал, цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр л цэгцэлсэн дүнтэй. Үүнээс урсгал зардлыг 26 тэрбум төгрөгөөр хассан байна. 8.7  их наяд төсвийн зардалтай манай улс 39.6 тэрбум төгрөг танасан нь өчүүхнээс өчүүхэнд тооцогдоно. Ихээхэн хэл ам дагуулж төсвийн тодотголоор нэмж оруулж ирсэн 220 тэрбум төгрөгийн зардлыг нь хасчихсан бол бодитой таналт болох байлаа.

Гэхдээ төсвийн алдагдлыг багасга гэсэн сэтгэл түгшээж, толгой гашилгасан асуудал цаашид “шүдний өвчин”  мэт байсаар байх нь

Төсвийн алдагдлыг ОУВС-гийн 440 сая болон Японы Засгийн газрын 850 сая ам.долларын зээлээр санхүүжүүлнэ. Гэхдээ төсвийн алдагдлыг багасга гэсэн сэтгэл түгшээж, толгой гашилгасан асуудал цаашид “шүдний өвчин” байсаар байх нь.ОУВС-гийн “Орлогоо нэм” гэсэн зөвлөлгөө биелүүлснээр хадгаламжийн хүүгийн орлогод энэ сараас татвар ногдуулахаар боллоо. Автобензин, дизель түүлш болон суудлын автомашины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн. Ингэснээр төсвийн орлого 172.4 тэрбум төгрөгөөр өснө. Өртэй айл өөдлөдөггүй гэдэг. Татвар нэмж ард түмнийхээ ачааг нэмж төр бус жирийн иргэд бүсээ чангална. Өр тавьсан Засгийн газрын алдагдлаа багасгахын сонгодог гарц татвар нэмэх. Татвар нэмэх нь тодорхой байсан бөгөөд харин хэзээ гэдэг нь цаг хугацааны асуудал байлаа. Цаашид төсвийн алдагдлаа татвар нэмж нөхдөг явдал бага гараасай хэмээн найдах л үлдлээ. ОУВС-гийн Өргөтгөсөн хөтөлбөрт Монголд тавтай морил  хэмээн ерөөх л үлдлээ.

Элчин сайд С.Баяр оффшор дансаа тайлагнах уу эсвэл огцрох уу

 

УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Офшорын хууль/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг олонхийн саналаар дэмжиж баталсан билээ.

Энэхүү хуульд Хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг төрийн 37942 албан хаагч болон тэдний гэр бүл үр хүүхэд хамаатан садан төрөл төрөгсөд нэгдмэл зорилго бүхий этгээдийг хамруулж байгаа юм. Ингэснээр ИБУИНВУ-д суугаа Элчин сайд С.Баяр, УИХ-ын гишүүн С.Батболд нарын үр хүүхэд хамаатнууд оффшор бүст байгаа дансаа хааж, хөрөнгөө Монгол Улсад оруулж ирэх үүрэг хүлээж байна. Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн жагсаал цуглаан хэд хоног өрнөж, түүнийг эргүүлэн тат гэсэн шаардлагыг жагсагчид тавиад байгаа билээ. Түүний хувьд офшор дансаа тайлагнаж, офшорт байгаа дансаа хааж, хөрөнгөө татсаныханаа дараагаар Элчин сайдаараа ажиллах боломжтой юм байна.

 "Panama Papers"-ээс тавдугаар сарын 9-нд олон нийтэд ил болгосон улс орнуудын офшор данстай эрхмүүдийн дотор Ерөнхий сайд асан С.Баярын охин Б.Нандингийн нэр байсан юм. Долоон хаус нь ч түүний эхнэр, охидын нэр дээр байдаг мэдээлэл гарсан билээ. Харин тэрбээр мэдээлэл хийх үеэрээ “Энэ миний хөрөнгө, мөнгө биш, нэр хүндийг минь унагаах зорилгоор, захиалгатай хийж байгаа гүтгэлэг” хэмээн хэлээд өнгөрч байсан. Тэгвэл саяхан батлагдсан оффшорын хуулиар С.Баяр албан ёсоор өөрийгөө шалгуулж хөрөнгө мөнгөө эргүүлэн татсаныхаа дараагаар ажиллах боломжтой болж байгаа аж. 

Панамын материалд холбогдсон Монгол иргэдийн нэрсийг ил болсоны дотор Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр багтсан байгаа.  Түүний хувьд өнгөрсөн тавдугаар сард мөн л хэвлэлийн хурал хийж өөрийгөө оффшор дансгүй хэмээн мэдээлэл хийж байсныг уншигч та бүхэн тод санаж байгаа биз ээ. Түүний хувьд мөн оффшор данс болон эх үүсвэрээ тайлбарлах шаардлагатай болж байна.

Хуулийн төсөл батлагдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ талаар тайлбарыг хийсэн байна. Тэрээр “Энэ хуулийн дагуу Баярын Нандин, Баярын Бадамханд, Сүхбаатарын Бат-Очир нар оффшорт байгаа дансаа хааж, хөрөнгөө татаж, үүнийгээ АТГ-д мэдүүлж байж С.Баяр Элчин сайдаараа, ажиллах боломжтой. АТГ-д мэдүүлсэн хөрөнгийг Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Татварын хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу шалгах, хариуцлага тооцох бүрэн боломжтой.

    Офшорчдод энэ хууль огт таалагдахгүй байгаа. Тэд хамаатан садан, төрөл төрөгсөд гэж ХАВТГАЙРУУЛСАН, ӨРШӨӨХ хууль боллоо гэж худал мэдээлэл түгээж байгаа бөгөөд Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр бэлтгэж эхэлсэн байна. Энэ хууль улс төрчдийн офшор бүсэд данс нээх, аж ахуйн нэгж байгуулах эсэхийг зохицуулсан бөгөөд тэнд байгаа хөрөнгийг хэзээ байршуулснаас үл хамаарч Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Татварын хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу шалгах, хариуцлага тооцох бүрэн боломжтой юм” гэсэн байна. Тэгэхээр офшор данстай төрийн өндөр албан тушаал хашиж байгаа эрхэмүүд бүгд хөрөнгө мөнгөө эргүүлэн татаж,эх үүсвэрээ АТГ-т тайлагнах хэрэгтэй болж байна. 

Ж.Батзандан: Батлан хамгаалах салбарыг бөхөөр удирдуулснаас болж залуучууд амь насаа алдаж байна

Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Зэвсэгт хүчний 350 дугаар ангид гарсан ослын талаар  УИХ дахь АН-ын Бүлгийн дэд дарга Ж.Батзандан, З.Нарантуяа гишүүн, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нар хэвлэлийн бага хурал хийж байр сууриа илэрхийллээ. УИХ дахь АН-ын Бүлгийн дэд дарга Ж.Батзандан хэлэхдэ "Батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаа доголдсноос болж тус салбарт ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна. 
Гэтэл саяхан Батлан хамгаалахын салбарт алба хааж байсан нэг залууг цэргийн дарга нь хууль бусаар өвлийн хүйтэнд гадаа урт хугацаагаар зогсоосноос хөл, гараа тайруулсан гэдэг мэдээлэл ирж байна. Батлан хамгаалахын Бат-Эрдэнэ гэдэг сайд байгаа. Бөхийг сайд болгосон. Ардын нам Батлан хамгаалах салбарыг бөхөөр удирдуулснаас болж Монголын олон залуучууд амь насаа алдаж, эрсдэлд орж байна" хэмээн хэллээ. 

“Эрдэнэт”-ийн маргаан ба “одой” хааны үлгэр

Холливуудын ихэнх хүүхэлдэйн кинонд үлгэрийн баатар ханхүү, үзэсгэлэнт гүнжээ маш олон саад бэрхшээлийг даван байж аварч, дараа нь аз жаргалтайгаар амьдарч амар сайхандаа жаргаж буй тухай гардаг. Гэтэл “Шрек” гэх хүүхэлдэйн кинонд энэ бүхэн эсрэгээрээ. Үзэсгэлэнт гүнжтэй гэрлэх гэсэн “одой” хаан өөрийнхөө өмнөөс гүнжийг авруулахаар Шрекийг явуулдаг. Тэрбээр, маш олон саад бэрхшээлийг давж “одой” хаантай гэрлэх гүнжийг аварна. Харин гүнжийг авч ирсэний дараа “одой” хаан ямар ч ичих булчирхайгүйгээр гүнжийг өөрийг болгож, улмаар гэрлэх санал тавьж буй үйл явдал гардгийг уншигч та санаж буй биз.

Энэ бүхнийг яагаад бичих болов гэхээр, “Эрдэнэт” гэх цуутай үйлдвэрийн 49 хувийн маргаан яг л энэ киноны үйл явдал шиг өрнөж байгаа юм. Олон жилийн турш ОХУ-ын “Ростех” компанийн мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпораци хууль ёсны дагуу худалдан авсан. Тэд өөрсдөө мөнгөө олж, маш олон гэрээ хэлцэл зэргийг давж явсаар “гүнж-ийг эх орондоо авч ирсэн хэрэг. Гэтэл монгол төр яг л “одой” хаан шиг бэрхшээл саад бүрийг давж явсаар аваад ирсэн “гүнж”-ийг нь минийх хэмээн булааж авчихаад, гэрлэх сүйлэх тухай яриад давхиж явна. Монголын төр, хувийн хэвшил хоёр дунд үүссэн маргаан яг л Шрек, Одой хаан хоёрын дүрийг санагдуулаад байгаа учраас л Холливуудын киног жишээ болгон дурьдсан нь энэ юм. Асуудлыг эргэн сануулъя. УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Монголын зэс” корпораци “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 400 сая ам.долларын өөрийн хөрөнгө босгон худалдан авсан тухай өнгөрөгч Засгийн газрын удирдлагууд дуулиан шуугиантай олон нийтэд зарласан билээ.

Эндээс л хоёр намын дунд эцэс төгсгөлгүй маргаан эхэлсэн гэхэд болно. Хувийн хэвшил хууль ёсны дагуу худалдаад авчихсан хөрөнгөд санаархсан МАН-ынхан Ардчилсан нам Төв банкнаас баахан мөнгө хэвлэж өгөөд, түүнийг нь Худалдаа хөгжлийн банк ам.долларт хөрвүүлээд худалдаад авчихлаа гэсэн хуурамч мэдээлэл тарааж сүржигнэсэн удаатай. Хэрвээ асуудал ийм байсан бол өнөөдөр яагаад хууль хяналтынхан шалгахгүй байна вэ. Тэд төрийн өмчийг дур мэдэн булааж, бүр болоогүй төрийн мөнгөөр худалдаж авсан бол хэдийнэ “хэцүү нэрт”-ийн хаалга татчих ёстой бус уу.

Харамсалтай нь тийм зүйл болоогүй учраас өнөөгийн төр өмнөх нийгмийн хоцрогдсон аргаараа хувийн өмчийг хулгайлж авснаас өөрцгүй үйлдэл гаргасан хэрэг л дээ. Төр буруугүй байсан бол гэмт хүн шиг гэлбэлзэх хэрэг байсан уу. Нүүр бардам алхаж очоод хувиа хуулийн дагуу буцааж авч болох л байв. Ардчилсан нам шиг албан ёсоор зарлаж, шоу хийж болох л байсан. Гэтэл томилсон дарга нь хүртэл тамгаа олны нүдэнд ил авчихаж чадахгүй л гэлбэлзэж байгааг худлаа гэж хэлэхгүй биз ээ. “Одой” хаан шиг олны нүднээс нуугдан хувийн өмчийг шуудхан хулгайлсан. Хүмүүсийн анхаарал татахгүй байхыг ч талаар хичээж буй гэнэ лээ. Арга ч үгүй. “Эрдэнэт” бол үе үеийн улстөрчдийн саалийн ганц үнээ байв.

Тэр тусмаа МАН-ынхан энэ үйлдвэрийн буяныг их л олон жил хүртсэн дээ. Шахааны бизнес хийдэг гол суваг нь хаагдах вий гэхээс тэд сүнсээ зайлтал айж байгаа. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хүртэл төрсөн хүүгээ Эрдэнэт үйлдвэрт шахаа хийлгэхээр явуулж байсныг АН-ын дарга илчилж, Ц.Нямдорж ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Цаашдаа ч шахааны олон маапааныг АН-ын гишүүд илчлэнэ хэмээн хэвлэлд ярьсан байна билээ. Ах намынхан үе удмаараа үр ашгаас нь хүртэж ирсэн, саалийн үнээнээсээ салахгүйн тулд хувийн өмчийг хууль бусаар хулгайлж авчихаад сууж байгаа. Энэ бузар үйлдлээ тэд төр өмчөө авлаа гэсэн ядмагхан үгээр халхавчилж сууна Цаашид хоёр талын маргаан хэрхэх бол. “Монголын зэс” корпораци мэдээж зүгээр суугаад 400 сая ам.доллараа алдахыг хүсэхгүй нь тодорхой. Энэ бол нэг, хоёрхон сая төгрөгийн асуудал биш.

Бүхэл бүтэн нэг компанийн хөрөнгө, санхүү энд яригдаж байгаа. Тиймдээ ч тус корпорацийнхан олон улсын шүүхэд хандаад ч хамаагүй хөрөнгөө буцааж авахаа мэдэгджээ. Хэн ч төр авчихлаа, одоо яах билээ хэмээн харж суусаар дампуурахыг хүсэхгүй биз. Олон улсын шүүхээр энэ маргаан маш олон жил үргэлжилнэ. Хамгийн багадаа л 2-3 жилийн турш шүүхдэлцэнэ. Олон улсын шүүхийн шийдвэр мэдээж хувийн хэвшлийн талд гарч таараа. Харин тэр болтол МАН-ынхан дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх нь ээ. Энэ намд “Эрдэнэт” үйлдвэр ашигтай ажиллах эсэх огт хамаагүй. Зөвхөн хувьдаа ашиг олох л чухал. Төрийн албан тушаалаас зургаан тэрбумыг босгож чаддаг тэдний хувьд “Эрдэнэт” үйлдвэрт эзэн сууснаар хэчнээн тэрбум төгрөг халаасандаа хийхийг хэлж мэдэхгүй нь, уучлаарай. Магад идсээр дампууруулж мэдэх л хүмүүс. Дараагийн сонгуулийн мөнгөө ч босгоно. Иймэрхүү утгатай саналаа ч аймгийн намын хороогоор дамжуулж “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагад гаргаж эхэлсэн мэдээлэл бий.

Нөгөө талаар, улс төрийн зорилготой энэ маргаан дуусахгүй үргэлжлэх тусмаа “Эрдэнэт” үйлдвэр юу болж хувирах вэ. Энэ маргааны хохирогч нь төр өөрөө болно. Тав, арван жил маргаан үргэлжилж мэдэх ч эцэст нь Эрдэнэт хотын ард түмэн, үйлдвэрийн ажилчид, төр өөрөө л энэ бүхний хохирогч болж үлдэх билээ. Шүүхийн шийдвэр хувийн хэвшлийн талд гарч, маргаан үргэлжилсэн хугацааны нөхөн төлбөр, хууль бусаар булааж авсан алдагдал зэргийг эргүүлэн төлөх шийдвэр гарвал хэрхэх вэ. Худлаа наргисан юм аа, хувааж идэж боллоо гээд эргүүлээд өгөх хэрэг үү. Энэ мэтээр “Эрдэнэт”-ийн асуудал ээдрээ дагуулсаар байна.

“Ростех” компани, “Монголын зэс” корпораци хоёрын 49 хувиа наймаалцсан гэрээ өнөөг хүртэл албан ёсных байгаа гэдгийг учир мэдэх эдийн засагчид онцолж эхэлжээ. Хэрвээ төр хууль бусаар үйл ажиллагаа явуулж, хувийн хэвшилд зарсан 49 хувийг нь хууль бусаар эзэмшээд эхэлвэл “Ростех” мэдээж зүгээр суухгүй. Албан ёсны гэрээ дуусаагүй учраас бид хувиа буцааж авлаа гэчихвэл бид байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорно. Магад маргааны үр дүнд 49 хувь өөр нэг улс орны өмч болж хувирч мэднэ гэдгийг МҮХАҮТ-ын тэргүүн Б.Лхагважав хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Эдийн засагчдын тайлбарлаж буйгаар “Ростех”, “Монголын зэс” хоёрын хийсэн гэрээнд “Гэрээ 18 сар хүртэл хүчинтэй, энэ хугацаанд гуравдагч хүчинд худалдах эсвэл шилжүүлэх юм бол 100 сая ам.долларыг өр төлнө” гээд маш тодорхой заачихсан юм билээ. Тэгэхээр хэзээ ч хамаагүй тэд гэрээгээ цуцлах эрсдэлтэй. Дараа нь Хятад, Япон зэрэг аль нэг улсад илүү ашигтайгаар зарчихлаа, ард түмний өмч байх үлгэр лөөлөө болох билээ.

Энэ мэтээр маш олон сөрөг үр дагавар “Эрдэнэт”-ийн маргааныг дагалдан гарч ирж байна. Түүнчлэн, Үндсэн хуульдаа хувийн өмчийг хуулиар хамгаална гэж заачихаад феодалын хөрөнгө хурааж байгаа аятай ширхэг ч төгрөг буцааж өгөхгүйгээр дээрэмдсэн Засгийн газрын энэ үйлдэл олон улсад муухайгаар харагдлаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувийн хэвшлээс булааж авснаараа Монголд хувийн компанитай гадаадынхан ажиллана гэсэн ойлголт байхгүй болж байна. Монголд коммунист нийгэмд эргээд ирснийг энэ үйлдлээрээ тэд дэлхий дахинд тунхаглав. Хувийн хэвшлийг нухчин дардаг, хууль ёсны өмчийг ч хулгайлж, бүр дээрэмдэж чаддаг гэдгээ тэд дэлхий дахин яруу тодоор баталж өглөө.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг огцруулахыг шаардлаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад албан бичиг илгээлээ. Тэрбээр Тавантолгойд болсон ослын талаар салбар хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ өнөөг хүртэл мэдэгдэл хийхгүй байгаад харамсаж буйгаа илэрхийлэн, цэргийн албан хаагч энхийг цагт амиа алдсан нь сайдын алдаа гэдгийг тодотгожээ.

Тиймээс Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага тооцон, яаралтай огцруулж, түүний оронд мэргэжлийн хүн томилохыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас шаардсан байна.

Пак Гын Хэ-д ялын дээд хэмжээг өгч магадгүй

БНСУ-ын Прокурорын газраас тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг авлига авсан гэх хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдлээ. . Түүнд нийтдээ 13 зүйл ангиар ял тулгасан. Авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууцыг задруулсан зэрэг багтаж байгаа юм. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Тиймээс түүнд холбогдох шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байна.Түүнд бүх насаар нь хорих ял оноож магадгүй гэж БНСУ-ын хэвлэлүүд онцлон бичиж байна. 

Офшорт нуусан хөрөнгөтэй улстөрчдийг эгүүлэн тат

С.ЖАВХЛАН:МАН С.БАЯРААС МӨНГӨӨ ОЛЖ ИР 

“Офшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-өөс хоёр дахь жагсаалаа хийлээ. Жагсаал цуглаанд олон ирсэн. Энэ удаагийн цуглааны сонин “кадр” Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан. Тэрбээр гудамжны тэмцлийг ”тултал” хийдэг. Хэсэг хугацаанд чимээгүй энэ эмэгтэй тэмцэгч чанараа гээгүй хэвээр байна билээ. Цагдаа нарыг тэр “айлгадаг” нэгэн. Энэ удаагийн цуглааны үеэр ч цагдаа нар түүний дургүй хүргээд байгаа бололтой багахан маргаан тэнд дэгдээстэй байсан. Жагсаалд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Ц.Шинэбаяр нараас гадна “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Г.Мөнхбаяр, яруу найрагч Т.Галсан нар ирсэн.  Жагсагчдад офшорын хууль батлах болсон нь таалагдсангүй учир нь тэд хууль батласан нэртэй цаг хожсон, цаашид хэрэгжих боломжгүй худлаа хууль болчихлоо гэцгээж улстөрчдөө эгүүлэн татах, хөрөнгөө офшорт нуусан хүмүүсийг Монголдоо оруулж ирэх зэрэг шаардлагаа тавин, эрх баригчдыг энэ чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлага тавина. Тиймээс жагсаал цуглаан суултын хэлбэрт шилжсэн билээ.  

Одоо болсон. Бид өөрчлөгдөх шаардлагагүй, тэд өөрчлөгдөх ёстой. Энд 200 хан гэр бүл бий. Тэднийг өөрчлөгдтөл бид тэмцэх ёстой” хэмээн уриалж байсан.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:-“Ардчилсан нам С.Баярцогтоос мөнгөө олж ир, МАН С.Баяраас мөнгөө олж ир. Мөн оффшорт нэр холбогдсон 49 нөхрийн нэрс байгаа. Тэд ч мөн хөрөнгөө оруулж ирэх ёстой. Бүгд гадаад дахь мөнгөө олж ирж, тэрний дараа Ерөнхийлөгчийн сонгууль хийе.  

...УИХ-д сууж байгаа, хилийн чанадад хөрөнгөтэй хүмүүсээ нам нь санаачлага гарган эгүүлэх татуулах намын гишүүдийнхээ гадаад дахь хөрөнгийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахаасаа өмнө гаргаж ир. Эрх баригчид татварын асуудлаар олон түмнээсээ уучлал гуй. Ерөнхийлөгч та УИХ-ын зүгээс гаргаж байгаа алдаатай бодлого дээр хориг тавиач ээ. Ирэх долоо хоногт хориг тавихгүй бол алдаатай бодлогыг дэмжсэнд тооцно. Монголоор маань тэд 27 жил тоглолоо. Одоо болсон. Бид өөрчлөгдөх шаардлагагүй, тэд өөрчлөгдөх ёстой. Энд 200 хан гэр бүл бий. Тэднийг өөрчлөгдтөл бид тэмцэх ёстой” хэмээн уриалж байсан.

Т.АЮУРСАЙХАН:НАСААРАА  ШИМТГЭЛ ТӨЛЧИХӨӨД ТЭТГЭВЭР ГАРЧ ЧАДАХГҮЙ АМЬСГАЛ ХУРААХ НЬ

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны гарагт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан суулт хийж байгаа хүмүүстэй ирж уулзсан. Тэрбээр цагдаа иргэдийн хамтад нь байхдаа тэдэнд хандаж учирласан тайлбарласан маягтай үг хэлсэн.

Т.Аюурсайхан:-Энд хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнууд олон байна. Таг бүгд ахмадууд, үр хүүхэдтэй. Цалин мөнгө бага хүрэлцэхгүй байна. Цагдаа нар та нар өргөсөн тангарагтаа үнэнч, маш хүнд нөхцөлд ажилладаг. Цалин хөлсөө нэмүүлж чадахгүй, үр хүүхэд чинь цэцэрлэгтээ явж чадахгүй. Энэ улс орны байдал ямар байна. Ахмадууд тэтгэвэртээ гарч чадахаа болилоо. Насаараа ажиллаж шимтгэл төлчихөөд тэтгэвэр гарч чадахгүй амьсгал хураах нөхцөл байдал үүсч байна. Иргэдийн мөнгийг мөлжиж, дээрэмдэж хуурч аваад байна. Энэ өнгөрсөн 10 жилийн алдааг засахаар иргэд иргэний зориг гаргаад  үр хүүхэд, улс орныхоо төлөө цаг агаарын хүйтнийг үл анхааран энд ахмадууд их иржээ. Энэ хүмүүсийн эрүүл мэндийг анхаарч үзээрэй. Суулт хийж байгаа хүмүүс хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа юм байна. Үймээн самуун дэгдээх, хүч хэрэглэсэн ямар нэгэн эсэргүүцэлгүй байгаа юм байна. Миний хувьд анхааруулж хэллээ. Эсгийг оруулж дэвсэж өгье. Хүмүүсийн эрүүл мэндийг бодьё. Маргааш буюу даваа гарагт ажил цуглахаар албан бичиг шаардлагаа өгөх юм байна гэхчлэн иргэн цагдаа нартай яриа өрнүүлж  зохицуулж өгч байлаа. Учир суулт зарлагчдын хоёр эсгийг цагдаа нар хураан авчээ. Т.Аюурсайхан гишүүний буянаар өнөө шөнө эсгийтэй боллоо.

“Офшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-өөс хоёр дахь жагсаалыг Лондон, Солонгос улсад амьдарч байгаа хүмүүс дэмжиж цуглаан зохион байгуулсан байна.

У.Эрхэмбаяр: Хачигт халдвар төв болон захын мэдрэлийн системийг гэмтээдэг

Дэлхий дээр хачгаар дамжих халдвараар жил бүр хэдэн мянган хүн өвчилдөг байна. Дулааны улирал эхэлж байгаатай холбоотой ямаа самнах, хонь хяргах, ноос ноолууртай ажиллах, ой модонд явахдаа хачигт хазуулах эрсдэл нэмэгддэг аж. Хачиг нь хэдий жижигхэн ч зөвхөн нэг л хазалтаар аюулт өвчнүүдийг дамжуулдаг. Хачигт халдварын талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан У.Эрхэмбаяртай ярилцлаа. 

-Хачигт халдвар гэж юу вэ. Хачигт халдварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Дэлхий  дээр энэ төрлийн өвчнөөр өвчлөгсөд жил ирэх тусам нэмэгдэж байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд Европын 29, Азийн дөрвөн оронд хачигт халдварт өвчин бүртгэгдээд байна. Азийн орны тоонд манай ч улс багтддаг. Зарим улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн байдалд маш сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн.  Манай улсын хувьд 1980-аад оны үеэс ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран хачигт халдвар буюу хачигт энцефалитийн вирусийн  эсрэг судалгааг эхлүүлсэн. 1998 оноос ОХУ-ын Эрхүү хотын халдвар нян судлалын хүрээлэнтэй хамтарч Хөвсгөл, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн ойн бүс нутагт хачигт энцефалит өвчний тархалтыг судалсан. Дээрх аймгуудад илүү тархадаг нь судалгаагаар тогтоосон. Хачигт халдвар нь улирлын чанартай өвчин. Урин дулаан цагт түлхүү идэвхжидэг. Хачигт халдвар гурван төрлийн өвчин байдаг. Түүний нэг нь хачигт энцефалит. Манайд хамгийн элбэг тохиолдог гэж хэлж болно. Хачигт халдвар вирусээр үүсч хачгаар дамжин халдварлаж төвийн болон захын мэдрэлийн системийг гэмтээдэг. Нэг үгээр хэлбэл, байгалийн голомтод, цочмог халдварт өвчин. Хулгана, Зурам, Туулай, Зараа зэрэг мэрэгч амьтад ерөнхийдөө түлхүү энэ өвчнөөр өвчилж, халдвар тараадаг. Нэг хачиг дунджаар долоон өвчнийг үүсгэх боломжтой гэсэн судалгаа бий. Хэрэв өвчин үүсгэгч агуулсан мал, амьтан хазсан хачиг нь хүнийг хазахад цусаар дамжин тэрхүү өвчний халдвар биед орно гэсэн үг. Хэдий бүх хачиг халдваргүй ч таван хачигны нэг нь өвчин үүсгэгч вирус, нян тээж байдаг. Түүнчлэн хачиг салхины нөлөөгөөр агаарт нисч явдаг. Тэр замд нь хүн, амьтан таарвал шигдэж, шимэгчилэн амьдарч эхэлдэг.

Хачигт халдвар нь улирлын чанартай өвчин. Урин дулаан цагт түлхүү идэвхжидэг. Хачигт халдвар гурван төрлийн өвчин байдаг.

-Идэвхжилтийн үе нь хэдээс хэдэн сар байдаг вэ?  
-Иргэд 4-11 дүгээр сард хачигт хазуулж халдвар авах нь ихэсдэг. Энэ үеийг ерөнхийдөө хачигт энцефалитийн үе гэж хэлж болно.  Хавар, зун, намарт энэ төрлийн өвчлөл нэмэгддэг. Өвөл нь саармагжидаг.  Түүнчлэн бог мал, үхрийн сүүнээс халдвар дамжих тохиолдолд байдаг. Тухайн мал энэ төрлийн вируст тээсэн хачигт хазуулсан тохиолд сүүг нь буцалгаж боловсруулж хэрэглэх ёстой. Бэлчээрийн хачиг нь жил бүрийн гурван сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөж тархдаг бөгөөд тав дугаар сарын эхээр эзэн амьтдаа шимэгчлэн амьдардаг. Өөрөөр хэлбэл,  гурав дугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сард идэвхжлийнхээ үед хүн хазах тохиолдолд элбэг.   
-Хачигт халдварын тархалтыг газарзүйн байршлын хувьд авч үзвэл аль аймагт илүү  их байна вэ. Манай улсад хэдэн төрлийн хачиг байдаг вэ? 

Бэлчээрийн хачиг нь жил бүрийн гурван сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөж тархдаг бөгөөд тав дугаар сарын эхээр эзэн амьтдаа шимэгчлэн амьдардаг.


-Манай орны хувьд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг. Хачиг хүнийг хазах үед вирус, нян зэрэг үүсгэгч хүний цусанд орсны улмаас халдвар үүснэ. Нэг хачиг дунджаар долоон өвчин үүсгэх боломжтой гэсэн судалгаа бий. Хэрэв өвчин үүсгэгч агуулсан мал, амьтан хазсан хачиг нь хүнийг хазахад цусаар дамжин тэрхүү өвч¬ний халдвар биед орно гэсэн үг. Түүнчлэн хачиг салхины нөлөөгөөр агаарт нисч явдаг. Тэр замд нь хүн, амьтан таарвал шигдэж, шимэгчилэн амьдарч эхэлдэг. Салхинд хийсч яваад хүн, амьтан дээр унадаг учир хүмүүс хачгийг тэнгэрээс унадаг гэж ойлгодог. Манай улсад Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Орхон, Дорнод зэрэг найман аймгийн ой, тайгын бүсийн  29 сумын нутагт хачигт боррелиоз, энцефалитийн зөөвөрлөгч хачгийн 71  байгалийн голомт байгааг судлаачид тогтоосон.  Хачиг нь ерөнхийд нь ой хээр, тал, говийн бүсэд үхэр, тэмээ, хонь зэрэг амьтдаар илүү тархсан байдаг.Манай улсад хачигт  энцефалит, боррелиоз нь 2003, хачигт риккетсиоз нь 2005 оноос халдварт өвчний бүртгэлд бүртгэгдсэн.

-ХАЧИГТ ХАЗУУЛСАН ТОХИОДОЛД ХАМГИЙН ТҮРҮҮНД ЭМЧИД ХАНДАХ ЁСТОЙ-

-Хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв сугалж авах вэ. Манайхан шууд сугалж авдаг. Энэ нь зөв үү?

-Хачиг хүн, амьтны биед шигддэг болохоор тусгай аргаар авахаас нааш төдийлөн унадаггүй. Манайхан хачгийг шууд гараараа аваад хаячихдаг. Энэ нь буруу. Хэрвээ халдвартай хачигны ямар нэгэн хэсэг биед үлдэх юм бол өвчин үүсдэг. Хачиг хүн, амьтны биед шигддэг болохоор тусгай аргаар авахаас нааш төдийлөн унадаггүй. Хачиг байгаа хэсгийг олж мэдвэл 76 хувийн цэнхэр спиртийг цэвэр хөвөн болон даавуунд шингээж 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээхэд хачиг саажиж, мэдээ алдана. Үүний дараа хачгийг хавчаараар налуу байдалтайгаар зөөлөн татаж авна. Авсны дараа тухайн хэсгээ спиртээр ариутган, цэвэр боолт хийнэ. Мөн хачигны хошуу биед шигдэж үлдсэн бол мэс заслын аргаар авахуулах хэрэгтэй.

Хачиг хүн, амьтны биед шигддэг болохоор тусгай аргаар авахаас нааш төдийлөн унадаггүй. Манайхан хачгийг шууд гараараа аваад хаячихдаг. Энэ нь буруу.

-Манай улсын хэмжээнд хэчнээн  хүн хачигт халдвараар өвчилсөн байдаг юм бэ. Иргэдийн энэ талын мэдлэг хэр байна вэ?
-Сүүлийн 2-3 жилийн байдлаар хачигт риккетсиоз өвчнөөр 0-16, хачиг боррелиозоор  25-44,  энцефалит өвчнөөр 44-өөс дээш насныхан илүү өвчилсөн 44-өөс дээш насныхан илүү өвчилсөн  байдаг.  Мөн  2006-2009 онд Монгол Улсын хэмжээнд хачигт риккетсиозоор өвчлөгсдийн 34,9 хувь нь 0-10 насныхан, 2005-2014 онд нийслэлд өвчлөгсдийн 50 хувь нь 0-16 насныхан байсан. Тархалтын байдлаас үүдэн иргэдийн мэдлэг харилцан адилгүй. Дээр дурдсан аймгийн иргэдийн хувьд өөрсдийгөө хамгаалж чаддаг. Харин хаа холын Өмнөговь аймгийн хүн энэ талаар ямар мэдлэггүй байдаг. Тиймээс дээрх аймгуудад зорчих, дамжин өнгөрөх иргэд мэдээлэл сайтай байх хэрэгтэй. Учир нь зун хөдөө орон нутгийг зорих иргэд, аялал жуулчлалаар ирсэн гадны хүмүүс энэ төрлийн халдвар авах нь нэмэгддэг. Тиймээс иргэд өөрсдөө мэдлэг, мэдээлэл сайн байх нь чухал. Сүүлийн арван жилд арван аймгийн  29  суманд хачигт энцефалитийн 225  тохиолдол бүртгэгдсэн байдаг.  

-ТАВАН ХАЧИГНЫ НЭГ НЬ ӨВЧИН ҮҮСГЭГЧ ВИРУС, НЯН ТЭЭЖ БАЙДАГ-


-Хачигт хазуулсан тохиодолд хаана хандах ёстой вэ. Шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?  

-Хачигт хазуулсан эхэн үед  толгой бага зэрэг өвдөх, бие сулдах, ядрах, нойргүйдэх, нүүр ам болон биеийн аль нэг хэсэгт арьс бадайрах, зан чанар өөрчлөгдөх зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг. Харин хүндэрсэн тохиолдолд  үе мөч саажих, юм бүрэлзэж, давхарлаж харагдах, уналт өгөх, ухаантай боловч нойрмогдуу болох зэрэг шинж тэмдэг ажигллагдаг. Хачигт хазуулсан тохиодолд хамгийн түрүүнд эмчид хандах ёстой.  Иргэд тоомжиргүй хандаж хүндрэх тохиолдол элбэг байдаг. Хачигт хазуулсан тохиолдолд хачгийг болгоомтой ганхуулж, сугалан авч бүтүү саванд хийж шинжилгээнд хамруулах, мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Мөн тос түрхэх, биеийнхээ хазуулсан хэсгийг спирт, марганцын сул уусмалаар угаах, арчих, хүйтэн жин тавих шаардлагатай. Харин дээр дурдсан шинж тэмдгүүд илэрвэл яаралтай харьяа эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай нь хамгийн чухал.
-Хачигт энцефалитаас хэрхэн сэргийлэх вэ. Голомттой аймгийн иргэдэд дархлаажуулалтын вакцин хийдэг үү?
-Хачигт хазуулахгүй байх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга бол хачигт халдварын голомттой газруудаар явахгүй байх, зайлшгүй явах шаардлагатай тохиолдолд тод өнгөтэй битүү өмсгөл, хувцас хэрэглэх нь чухал. Хачигны голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цагт тутамд биеэ шалгаж байх хэрэгтэй.Хатгуулсан тухайн газар улайдаг. Түүнчлэн хачиг үргээгч бэлдмэл буюу хурц үнэртэй тосыг хувцсандаа цацах, биеийн ил хэсгүүдэд түрхэж хэрэглэнэ. Үүнээс гадна иргэд  дархлаагаа дэмжсэн чанартай хоол, хүнс хэрэглэх ёстой. Дээрх аймгуудын хүн амын дунд дархлаажуулалтын тунг гурван үе шаттайгаар хийдэг. Эхний тун нь 9-11 сард, хоёр дахь нь 14-30 хоногийн дараа хийлгэдэг. Гурав дахь дархлаажуулалтын тунг нэг жилийн дараа хийнэ. Үүнээс гадна олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, та мэдээлэл авах ямар боломжтой суваг байна түүгээрээ хачигт халдварын талаар мэдээлэл авч өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болох нь зүйтэй. Түүнчлэн мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагаж амьдралаа мөрдлөгө болгох хэрэгтэй.

Шуурхай: Завхан аймгийн Идэр суманд дахин нэг хүн өөрийгөө шатааж амиа хорложээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан хийдэг байсан  Т нь өөрийгөө шатааж амиа хорлосон хэрэг гарсан билээ. Тус хэрэг нь төрийн албан хаагчид ажлаасаа олноороо халагдах болсон нь ар гэрийн амьдралд нь ямар хүндээр тусч байгааг харуулсан юм. Энэ хэргийн дуулиан намдаж амжаагүй байхад тус аймагт дахин нэг иргэн өөрийгөө шатааж  амиа егүүтгэсэн хэрэг гарсан байна. Тодруулбал энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02.00-03.00 цагийн орчимд Идэр сумын иргэн 46 настай Б гэгч эрэгтэй эзэнгүй байсан айлын гэрийг шатаж, угаартсан байдалтай амь насаа алджээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн айл эзэнгүй байсан гэнэ. Амиа егүүтгэсэн этгээд тус айлын тооноор нь орж өөрийнхөө амийг егүүтгэсэн байна. Хэргийг Завхан аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Жүжигчин Б.Шинэбаяр  аав болжээ

"Аав" киноны дүрээрээ олонд танигдсан жүжигчин Б.Шинэбаяр  аав болжээ. Түүний эхнэр энэ сарын 13-ны өдөр төрсөн байна. Тэрбээр аав болсон баярын сэтгэгдэлээ цахим хуудаснаа хуваалцахдаа "Энэ мэдрэмж, энэ сэтгэл хөдлөл энэ цаг мөч юугаар ч сольшгүй агуу" хэмээн сэтгэгдэлээ илэрхийлсэн байна. Агуу хайрын түүхийг өгүүлэх Ромео Жульеттагаас авхуулаад их зохиолч Д.Нацагдоржийг хүртэл амилуулаад авсан залуу уран бүтээлч билээ. 

Суулт зарласан иргэдийн нэг нь эмнэлэгт хүргэгджээ

“Ард түмний онц түр зөвлөл” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан “Хуулиа дээдэлье, оффшорчдыг шалга” жагсаал, цуглаан суултаар үргэлжилж байгаа билээ. Дөнгөж сөя Сүхбаатарын талбай дээр суулт зарлаж буй иргэдийн нэгнийх нь бие мууджээ. Улмаар тус иргэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус суултыг цагдаагийн байгууллагаас хууль бус хэмээн мэдэгдээд байгаа юм.Учир нь жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1-т “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэж заасныг зөрчсөн хэмээн эсэргүүцэж байна. 

“Фэйсбүүк”-ээр “live” хийж, хүний амь хөнөөсөн хэрэг гарчээ

АНУ-ын Огайо мужийн Кливленд хотод “Фэйсбүүк”-ээр “live” хийж, хүний амь хөнөөсөн  хэрэг гарчээ. Тус хэргийг үйлдсэн гэмт этгээдийг Кливлендийн цагдаагийн газар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.

Гэмт этгээд машинаас бууж, явган хүний замаар алхаж явсан 74 настай хөгшин дээр очоод, хэдэн үг сольсны эцэст толгойд нь буудан хөнөөжээ. Тэрбээр энэ үйлдэлээ “Фэйсбүүк” орчинд “Live” буюу шууд дамжуулалтаар цацсан байна.  Этгээдийг Стив Стивенс гэдэг бөгөөд цагдаагийн газар гэрэл зургийг нь “Твиттер” хуудсандаа нийтэлж, зэвсэглэсэн, онц аюултай этгээдээс урьдчилан сэргийлэх анхааруулгыг иргэдэд өгчээ. 

ЕБС-ийн төгсөлтийн баярыг ресторанд тэмдэглэж, зугаалахыг хориглолоо

“Боловсролын тухай хууль”, Боловсрол соёл, Шинжлэх Ухааны сайдын 2008 оны “Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах тухай” 232 дугаар тушаал, болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн төгсөлтийн баярыг тэмдэглэх талаар зөвлөмжийг боловсруулжээ.

Энэхүү зөвлөмжийн зорилго нь Ерөнхий Боловсролын Сургуулийн “Эрдмийн баяр”-ыг хот дүүргийнхээ түүх соёлыг сурталчлах, тэдний авьяас сонирхлыг хөгжүүлэн, суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш, эцэг эх, хамт олон, найз нөхөд, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулахад чиглэж байгаа аж.

Төгсөлтийн баярын арга хэмжээг 5, 9, 12 дугаар ангийн сурагчдын дунд эрдмийн баяр, хийсэн бүтээсэн ажлын тайлант өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг эх сурагчдаас нэгдсэн байдлаар мөнгө хураахгүй байх чиглэлийг нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ЕБС-ийн захирлуудад хүргүүлсэн байна. Үүнд:

-“Эрдмийн баяр”-ыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар дүүрэг бүр нэг өдөр зохион байгуулах.

-“Эрдмийн баяр”-ыг тэмдэглэхдээ сурсан мэдсэн, хийсэн бүтээснээ тайлагнах тайлант өдөрлөг, боловсролын гэрчилгээ гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болгон нэгдсэн байдлаар зохион байгуулах.

-Эрдмийн баяр”-ыг зохион байгуулахдаа төгсөгчдийг урамшуулах, тэргүүний сурагчдыг алдаршуулах ажлыг зохион байгуулах.

-Нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, хороодын хэсгийн байцаагч, хорооны засаг дарга нарт “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх мэдээлэл хүргүүлж, аливаа учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах.

-“Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд эцэг эхчүүдийг татан оролцуулах, тэдний дэмжлэгийг авч хамтран ажиллах. /Эцэг эхийн зөвлөл, school police/

-Хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх, сурагчдаас зохион байгуулалттайгаар мөнгө хурааж авахгүй байх, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах.

-“Эрдмийн баяр”-ын үйл ажиллагааны нэг хэсэг болгож, сургууль бүр ногоон орчин бий болгох, хийсэн ажлаа олон нийтэд таниулж, бусдадаа бүтээлч зөв үлгэр дуурайл үзүүлэх чиглэлээр ажил зохион байгуулах.

-Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Эрдмийн аялал” аяныг 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж, шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэн номын сан, музей, түүхийн дурсгалт газар, үндэсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аяллыг сургууль бүр зохион байгуулах.

-“Боловсрол төгөл”-д сургууль бүр 12 дугаар ангийн төгсөгчдийн нэрэмжит мод тарих ажлыг зохион байгуулах.

-Анги удирдсан багш нар төгсөх ангийн сурагчдад гэмт хэрэгт холбогдох, хэвжурмын болон ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ярилцлага, уулзалтыг 4 сард багтаан зохион байгуулах.

-"Эрдмийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх энэхүү зөвлөмж нь нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулиудад хамаарна" гэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment