Саяхан “Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгаагаа танилцуулаад билээ. Тус судалгаанаас харахад "Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь Та энэ оны сонгуулиар ерөнхийлэгч болоосой гэж хүсдэг вэ?" гэсэн асуултад Улаанбаатарт Н.Энхбаяр, Хөдөөд УИХ-ын гишүүн Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнийг хамгийн их дэмжсэн байв. Дунджаар энэ асуулгад Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл гарч ирэх магадлал тун өдөр харагдсан. Харамсалтай нь эрхэм аварга Ерөнхийлөгч битгий хэл УИХ-ын гишүүн Батлан хамгаалах яамны сайдын албан тушаал хашихад ёс зүйгүй нэгэн болохоо харуулаад авсан.Тодруулбал, Энэ долоо хоногийн эхээр ЗХЖШ-ын харьяа нийслэл хотын хүрээний анги нэгтгэлүүдийн байлдааны хээрийн сургуулилтын үеэр гранат дэлбэрч, ЗХ-ий 330-р ангийн албан хаагчид амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ үеэр салбарын сайд “таг” чимээгүй, байгаа үгүй нь ч мэдэгдсэнгүй. Дайн дажингүй энхийн цагт цэрэг эрс амиа алдсан энэ хэрэг Батлан хамгаалах яамны сайд, дарга нар нь хэр хариуцлагатай ажилладагыг бидэнд тодорхой харуулаад авлаа. Тухайн хэрэг гарсанаас хойш хоёр хоногийн дараа Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ хоёр цэрэг амиа алдсан талаар Засгийн газрын хуралдаан дээр танилцуулж, Ерөнхий сайд уучлалт гуйж харагдсан. Үүнээс өөрөөр салбарын сайд юу ч дугарсангүй. Ядаж талийгаачдын ар гэрийнхэнд эмгэнэл ч илэрхийлсэнгүй. Ийм ёс зүйгүй салбарын сайд байх уу. Б.Бат-Эрдэнэ сайдын энэ хариуцлагагүй зан дэлхий нийтэд хэрхэн харагдаж байгаа бол.
Дэлхий нийтэд эрдэнэт хүний амь нас эрсдэхэд салбарын сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар нь маш хурдан хугацаанд гарч ирж ард түмэндээ хандаж мэдэгдэл хийж, уучлалт гуйдаг. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гынь Хе гэхэд төр барих хугацаанд ард түмнээсээ хоёр удаа бөхийж, нүдэндээ нулимстай уучлалт гуйсан. Тодруулбал, 2014 онд болсон “Севол” хөлөг онгоцны осолтой холбогдуулан ард түмнээсээ албан ёсоор уулчлалт гуйжээ. Тэрбээр төв телевизээр хэлсэн үгэндээ аюул ослоос сэргийлж чадаагүй, аврах ажиллагааг цаг алдаж эхлүүлсэн зэрэгт эрх баригчид буруутай хэмээн толгой бөхийн ард түмнээсээ уучлалт гуйж байв.
Үүний дараа Пак Гынь Хе Улс төр, авлигын дуулиан шуугианд холбогдоод байх үедээ “телевизээр ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ өөрийн найз Чой Сүн Силтэй холбоотой дуулиан шуугиантай холбогдуулан дахин уучлалт гуйсан.“Хэрвээ шаардлагатай гэж үзвэл би өөрийн биеэр очин прокуроруудад үнэн зөвөөр мэдүүлэг өгөх болно” гэж тэрбээр хоолой зангируулан хэлж байсан нь улс төрч хүнийхээ хувьд хэр ёс зүйтэйгээ харуулаад авсан.
Үүнээс гадна Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мөн л ард түмнээсээ уучлалт гуйж байв. Шон Спишер “Дэлхийн II дайны үеэр Адолф Гитлер ч химийн зэвсэн хэрэглэж зүрхлээгүй” гэж мэдэгдсэн нь нэлээд дуулиан тарьсан. . Уг мэдэгдлийн дараахан олон нийт хэвлэлийн төлөөлөгчийг “ямар ч мэдлэггүй” нэгэн хэмээн шүүмжилж байв. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч шуурхай ажиллаж, “Би химийн зэвсгийн тухай ярихдаа алдаатай харьцуулалт хийлээ. Энэ бол миний буруу. Дахин ийм үйлдэл давтахгүй болно” гэж мэдэгдэж, толгой бөхийн уучлалт гуйсан. Энэ мэт ард түмнээсээ уучлалт гуйж байсан дэлхий нийтийн улс төрчид маш их байгаа. Ер нь бол Б.Бат-Эрдэнэ сайдыг толгой бөхийж уучлалт гуй гэж байгаа юм биш. Гэхдээ салбарын сайдын хувьд шаардлагатай цаг үед шуурхай ажиллаж ард түмэндээ мэдэгдэл хийж байх ёстой.
Б.Бат-Эрдэнэ сайдын ажилаа хүлээн авч, тамгаа гардаж авах үедээ “Батлан хамгаалах салбар бол маш чухал салбар. Эх орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолтой салшгүй холбоотой чухал салбар. Хариуцлагатай салбарын сайдаар томилогдсондоо баяртай байна. Хууль зүйн шинэчлэлийг үргэлжүүлж улам төгөлдөржүүлж ажиллах болно. Энэ салбарт элэгтэй хүний хувьд хийх олон ажил миний өмнө байна. Цаашдаа салбарынхантайгаа гар нийлэн Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө хамтдаа зүтгэнэ" хэмээн хэлж байсныг тод санаж байна. Таны энэ байдлыг харахад юун “Хариуцлагатай салбарын сайд” вэ. Зүлэг ногоон дэвжээнээ эр бярыг уралдуулан барилдаж, ард түмний хайрыг хүртэж явсан сайхан цаг үе таньд байгаа. Гэхдээ одоо таньд алдах эрх байхгүй шүү.Олон аав ээжүүд хайртай үр хүүхдээ “Таньд даатгаж, эх орны хүү болгосон шүү” Эрхэм сайд аа.