8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр хорооллын иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна

2017-04-14 08:30:15

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөр батлуулах тухай, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг шинээр байгуулах, зарим хороодод төрийн үйлчилгээг шилжүүлэх тухай зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулж, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чирэгдлийг бууруулах зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг гэр хороололд байгуулах саналыг хуралдаанд танилцуулсан юм. Хотын хүн амын суурьшил, ялангуяа гэр хороололд амьдарч буй иргэдийн ихэнх хэсэг нь Улаанбаатар хотын хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан 6 буудал орчимд байгуулах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзсэн байна. Энэ хэсэгт салбар байгуулснаар Чингэлтэй дүүргийн 13, Сүхбаатар дүүргийн 10, Баянзүрх дүүргийн 2 хорооны нийт 231 мянган иргэн төрийн үйлчилгээ авах боломжоор хангагдах аж. Мөн хотын хойд болон зуслангийн чиглэлд явж буй иргэн, тухайн бүсэд ажиллаж байгаа, бизнес эрхэлж байгаа иргэд ч төрийн үйлчилгээг илүү зардал, чирэгдэлгүйгээр цаг хугацаа алдалгүй авах боломжоор хангагдах юм.

Одоогоор нийслэлд Дүнжингарав, Мишээл, Драгон гэсэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбар ажиллаж байгаа. Эдгээр салбараар өнгөрсөн жил 413 мянган иргэн үйлчлүүлж, 1 сая гаруй төрийн үйлчилгээг авсан байна. Үйлчилгээний төвийн шинэ салбарыг гэр хороололд байгуулснаар иргэд төрийн үйлчилгээг илүү ойроос, чирэгдэлгүйгээр авах боломжтой болно. Мөн иргэд шинэ салбараас нийслэлийн нутгийн захиргааны 17 байгууллагын 271 нэр төрлийн төрийн үйлчилгээг авах юм.

Зөвлөлийн хуралдаанаас гэр хороололд оршин суугаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн  төвийн шинэ салбар байгуулахыг дэмжлээ. Мөн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд төрийн зарим үйлчилгээг хороонд шилжүүлэх ажлыг гурав хүртэл хороонд туршилтаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хороодод төрийн үйлчилгээг шилжүүлснээр одоо үзүүлж буй 77 нэр төрлийн үйлчилгээн дээр 120 нэр төрлийн үйлчилгээ нэмэгдэх юм байна. Эхний ээлжинд СХД-ийн 8 дугаар хороо буюу Баянхошуу, ЧД-ийн 9 дүгээр хороо буюу Дэнжийн мянга, БЗД-ийн 27 дугаар хороо буюу Дарь-Эх орчимд туршилтаар хэрэгжүүлэх боломжтой гэсэн ажлын хэсгийн саналыг зөвлөлийн гишүүд дэмжлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл