8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Оффшорын хууль батлагдаж, Өөрийгөө шатаасан эмэгтэйн ар гэрийнхэн мэдээлэл хийсэн өдөр

2017-04-13 18:45:00

Хүн бүр л хаврыг мөрөөдөж, мод бут гөлөглөн нахиалахыг тэсэн ядан хүлээж байгаа мэт. Цаг хугацаа гэдэг харвасан сум лугаа өнгөрдөг юм байна. Байгаль дэлхий сэргэж, өнгөө засахтай зэрэгцэн хүн бүрийн сэтгэл тэнийнэ. Арга ч үгүй биз. Хүн байгаль хүн байгаль хоёр хүйн холбоотой болохоор тэр. Хаврын улирал олон ааштай салхи шуурга нь төвөгтэй шүү гэж ярих хүмүүс бий. Гэтэл тэр сэвэлзэх салхи нь энэ ертөнцөд хавар ирж буй тод илрэл. Эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Үдэш бүрийн энэ цаг мөчид та бүхэнд хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Оффшортой холбоотой хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Уг хуулиар нийтийн албанд ажиллаж байгаа 38900 хүн болоод тэдний хамаарал бүхий этгээд оффшор бүсэд данстай байхыг хориглож байгаа юм.

Мөн хамраал бүхий этгээд гэдэгт тухайн хүний аав ээж, гэр бүл, ах дүүс, үр хүүхэд хамаарч байгаагаас гадна ашиг сонирхлын холбогдолтой этгээд ч хамрагдах аж.

ШУУРХАЙ: Соёмбо кино театрын арын барилга шатаж байна

Яг одоо Сонгино хайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Соёмбо кино театрын ард талд байрлах барилгад гал гарчээ. Эх сурвалжийн хэлж буйгаар тус хэсэгт байрлах байрны дээвэр нь шатаж галын улмаас нуржээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж байгаа аж.  

Д.Чилхаажав: Оффшорын хуулийг “Төрийн албанд хамааралтай” болгох гэж байгаа нь цэвэр луйвар

УИХ-ын чуулган дээр яригдаж байгаа Оффшорын эсрэг хуулийн талаар хуульч Д.Чилхаажавтай ярилцлаа.

- Оффшорын хууль батлахаар УИХ дээр хэлэлцэгдэж байгаа. Та энэ хуулийн талаар ямар бодолтой байна вэ?

-Одоогийн хууль дээр Оффшор данс нээхийг хориглох тухай яригдаж байна. Улс төрчид Оффшор данс нээхийг гэр бүл, ах дүүгээр нь хязгаарлах гээд байна. Мэдээж хууль ингээд гаргачихвал өөрийн дотны хүний нэр дээр оффшор данс нээнэ гэж байхгүй. Өөр хэний ч нэр дээр хийж болно. Ингэхээр хориглосон биш хамгаалсан хууль болох гээд байна. Хууль гарсаны дараагаар өөрийнхөө нэр оффшор данс нээх хүн байхгүй. Өөр арга замаар хийж эхэлнэ. Тэгэхээр нарийн зохицуулалт хэрэгтэй байна. Хамгийн ноцтой нь оффшортой холбогдуулан хуульд өөрчлөлт оруулах замаар оффшорчдыг хамгаалах гэсэн оролдлогыг УИХ-ын зарим гишүүд гаргаж байгаа нь харамсалтай. Оффшорт мөнгө байршуулах нь манай Эрүүгийн хуулиар хориотой байхад, үүнийг зөвхөн “Төрийн албанд хамааралтай” болгох гэж байгаа нь байж боломгүй луйвар. Энэ нь оффшорчдод гэмт үйлдэлээ нуух боломжийг олгож байна. Хууль шаардлагагүйгээр тэр хүмүүс хариуцлага тооцох бүрэн боломж байгаа. Гэтэл УИХ-ын гишүүд тэр хүмүүсийг хариуцлагаас  хамгаалахын тулд оффшорын хууль батлах гэж байна. Хамаг хөрөнгийг зөөж дууссаны дараагаар оффшорын хуулийг батлах гэж байгаа бол буруу. Оффшорын хуультай хуульгүй тэр хүмүүст хариуцлага тооцож болно.

ОФФШОР БҮСЭД МӨНГӨ УГААХ, ХАР ТАМХИ ЗАРАХ ГЭХ МЭТЧИЛЭН БУРУУ АРГААР ОЛСОН МӨНГӨӨ АВААЧИЖ НУУДАГ ГАЗАР

-Манай улсаас оффшор данстай 49 хүний нэр ил болоод байгаа. Эдгээр хүмүүс дотор улс төрчид, бизнесмэнүүд хүртэл орсон. Зарим улс төрчид үүнийг тайлбарлахдаа бизнес хийж байгаа хүмүүст оффшор данс байх нь хэвийн үзэгдэл хэмээн хэлсэн. Тэгэхээр бизнес хийдэг хүмүүс оффшор данстай байж болно гэсэн үг үү?

-Оффшор дансанд би ч гэсэн мөнгө хийж болно. Миний хадгалуулсан мөнгө эх үүсвэр тодорхой байх ёстой. Тэр мөнгөө бизнес хийгээд олсон уу, талх зарж, тариа тарьж олсон уу гэдэг эх үүсвэрээ тодорхой гаргаж өгөх ёстой. Мөн хууль ёсны татвараа төлсөн байх ёстой. Төрийн албан хаагч бол хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлсэн байх шаардлагатай. Манайд ил болоод байгаа оффшор данстай эрхэмүүд нэгэн ч татвар төлөөгүй, эх үүсвэрээ тодорхой гаргаж өгөөгүй. Гэхдээ оффшор бүсэд ихэвчлэн хар мөнгө л байдаг. Мөнгө угаах, хар тамхи зарах гэх мэтчилэн буруу аргаар олсон мөнгөө аваачиж нуудаг газар. Оффшор бүсэд байгаа мөнгө дандаа сэжиг төрүүлж байдаг.

-Өчигдөр УИХ-ын чуулган дээр оффшор бүсэд байгаа мөнгийг эргүүлэн татна гэж ярьж байна. Оффшор бүсийг судалдаг эдийн засагчид оффшор бүсэд байгаа мөнгийг хэзээ ч эргүүлэн татах боломжгүй гэж ярьж байна. Тэгэхээр тэр 17 тэрбум төгрөгийг эргүүлэн татах боломж байна уу?

-Боломжтой. Олон Улсын гэрээ конвекцед манай улс нэгдсэн. Үндэстэн дамнасан корпорацийн хууль бус санхүүгийн  гэмт хэрэгтэй тэмцдэг авлигын эсрэг хууль гэж байдаг. Оросууд гэхэд оффшор данстай нэр эрхэмүүдийг оффшор данс дахь мөнгөө авчрах хугацаа хүртэл өгсөн. Авчирсан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай ярьж байна. Манай улс одоо л нэг ярьж эхэлж байна.

-Та түрүүн хэлэхдээ эх үүсвэрийг тогтоох хэрэгтэй гэж хэллээ. Тэгэхээр тухайн хүний оффшор дансанд байгаа мөнгөний эх үүсвэрийг хэрхэн яаж тогтоох вэ?

-Оффшор данстай эрхэмийг монголд ямар бизнес эрхэлж байсан талаар тухайн компанийн талаар бүртгэл бий ш дээ. Тухайн компанийн хэр ашигтай ажиллаж байсан талаар бүртгэл нь хүртэл байгаа. Үндэслэлгүй хөрөнгөжих оролдлого хийсэн бол энэ нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж байна гэсэн үг. Ер нь бол 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийсэн бол цаад эх үүсвэр нь хаанаас орж ирсэн гэдгийг тогтоох хуультай. Тухайн мөнгийг хаанаас орж ирсэн гэдгийг тогтоох бүрэн боломжтой. Энэ бүх зүйл заалт нь хуулинд байгаа, үүнийг ашиглах хэрэгтэй. Хамгийн харамсалтай Оюутолгойн гэрээ хийсэн мөнгө монголд байхгүй шууд гадаад руу гарч байгаа учраас мэдэх боломжгүй байна. Гэтэл одоо УИХ-ын гишүүд оффшорын хууль батлагдсаны маргааш нь төрийн албан хаагч оффшор данс нээлгэвэл тэрийг шоронд хийх тухай яриад байна. Гэтэл дэлхийн улс орнууд оффшор бүсийг эсэргүүцэж оффшор данстай хүмүүст  хатуу хариуцлага тооцож хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. АНУ, Хятад, Канад, Япон, Энэтхэг гэх мэт улс орнууд оффшортой тэмцэх шалгах тусгай комисс байгуулсан байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.  

Катарын иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Украины иргэншилтэй Катарын иргэн А-г хууль бусаар идлэг шонхор барьж, Монгол улсын хилээр гаргахыг завдсан гэх хэргээр шалгаж байгаа билээ. Тэрбээр, Сэлэнгэ аймгийн харъяат хоёр монгол иргэнтэй хамтран 47 шонхор шувууг барьж, Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт иргэн Н-ын байшингийн дээвэрт нууж байгаад баригджээ. Тиймээс түүнд холбогдох энэхүү хэргийг шалгаад шүүхэд шилжүүлжээ. 

Ш.Батбаатар: Эхнэр минь амиа алдчихаад байхад нутгийн удирдлагууд ерөөсөө ирж уулзаагүй

Завхан аймгийн Идэр суманд гуравдугаар сарын 28-ны шөнө төрийн алба хаагч эмэгтэй ажлаасаа халагдсаны улмаас өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Тухайн үед юу болсон талаар талийгаачийн нөхөр  Ш.Батбаатар, нагац ах С.Доржсүрэн нараас тодрууллаа.

ТАЛИЙГААЧИЙН НӨХӨР Ш.БАТБААТАР: ЗАСАГ ДАРГА ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ИРЖ УУЛЗААГҮЙ

-Тухайн өдөр гарсан хэргийн талаар мэдээлэл өгөхгүй. Талийгаачийг амиа хорлох үед таныг байсан гэж сонссон?

-Миний хань талийгаач С.Тэгшжаргал нь 28 жил Идэр сумын төрийн албанд ажилласан. Гэтэл гэнэт 2017 оны гуравдугаар сарын 14-нд талийгаачийг ажлаас нь чөлөөлж, төрийн албаны хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр С.Нямжав гэх эмэгтэйг ажилд томилсон. Ажлаас халагдсанаас болоод сэтгэл санаагаар унаж ийм үйл явдал боллоо. Тухайн хэрэг гарах үед шөнийн 04.00 цагийн үед бид хоёр гэртээ унтаж байсан. Гэтэл шөнө сэрээд бие засаад ирье гээд гарсан юм. Тэгээд л ийм юм болчихлоо.

-Талийгаач цалингийн зээлтэй мөн таныг дарамталдаг байсан гэсэн мэдээлэл гарлаа?

-Би тэгж дарамталсан зүйл байхгүй. Манайх  зээлтэй байсан нь үнэн. Гэхдээ тэр зээлнээс болоогүй. Би эрхэлсэн тодорхой ажилгүй ч гэсэн модны ажил хийдэг байсан.

-Хэрэг болоход та унтаж байсан юм уу, таслан зогсоох боломж байгаагүй юм уу?

-Бие засчихаад ирье гээд гараад явсаны дараагаар би хэсэг туг хийсэн байсан. Тэгээд сэртэл ийм хэрэг гарсан байсан. Би мод зөөж зардаг ажил хийдэг байсан юм. Тэгээд амбаартаа жоохон бензин хийчихсэн байсан юм. Түүнийг аваад өөр рүүгээ цацчихсан байсан.

-Тухайн хэргээс хойш тус сумын Засаг дарга та бүхэнтэй ирж уулзсан уу?

-Нутгийн удирдлагууд ерөөсөө ирж уулзаагүй. Өнөөдрийг хүртэл чимээгүй байна.

-Та бүхэн  хуулийн байгууллагад гомдол гаргасан уу?

-Гаргаагүй байгаа. Бидэнд нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан тэр хүмүүст маш их гомдолтой байна. Хоёр охинтойгоо хамт үлдээ, үнэхээр хэцүү байна. Манайх хоёр охинтой. Том охин тусдаа гарсан, бага охин хотод 2 курсын оюутан. Одоо хичээлдээ явж байна. Маш их гомдолтой. Надад өөр хэлэх зүйл алга. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийг хэрэгслээр гарч байгаа мэдээлэл шиг дарамталдаг, өр ширнээс болоод амиа хорлосон зүйл байхгүй. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Ирэх сарын нэгнээс нэмэгдэх татваруудыг танилцуулж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар зарим татварыг ирэх сараас нэмэгдүүлэх саналыг дэмжсэн. юм. Тэгвэл ирэх сарын нэгнээс нэмэгдэх гурван төрлийн татварыг танилцууля.

Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлнэ: Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж онцгой албан татварын хэмжээг нэмнэ. Тухайлбал, 4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 хувиар тус тус онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлнэ.Ингэснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 57.3 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байгаа аж. 

Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна: Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Өөрөөр хэлбэл хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авах юм. Ингэснээр төсвийн орлого энэ онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 67 тэрбум төгрөг, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой аж.

Импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмнэ: Импортын тамхинд ногдох гаалийн албан татварын хэмжээг ирэх сарын нэгнээс дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тулган нэмэгдүүлж 30 хувьд хүргэнэ. Хуулийн төслийн танилцуулгад импортын тамхинд 5 хувийн гаалийн албан татвар ногдуулдаг ба ирэх сараас энэ хувь 30 болж өсөхөөр болж байгаа юм. Ингэж хувь хэмжээг нэмэгдүүлсэнээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх аж.

Шархадсан цэргийн албан хаагчдын биеийн байдал сайжирчээ

Шархадсан цэргийн албан хаагчдын биеийн байдал сайжирч байна. Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалын район Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах үед гарсан ослын улмаас шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч, өчигдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 12-ны 19.00 цагийн орчимд О.Ууганбаяр, Л.Очирбат, Ж.Баднаанямбуу нарын 3 цэргийн алба хаагч, 4 дүгээр сарын 13-ны 11.00 цагт Б.Цэндсүрэн, П.Пүрэвжав, Т.Анхбаяр нарын 3, нийт 6 цэргийн алба хаагч эмчийн байнгын хяналтанд эмнэлгээс гарсан байна. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нарын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд П.Данзанравжааг энгийн тасагт шилжүүлээд байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл