8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Төрийн нарийн төсвөөс зугтаасан, Зэвсэгт хүчнийхэн хариуцлага хүлээхээ мэдэгдсэн, хүүхэд хоолонд хордож эндсэн харамсалтай өдөр

2017-04-12 19:00:00

Тойм:Төрийн нарийн төсвөөс зугтаасан, Зэвсэгт хүчнийхэн хариуцлага хүлээхээ мэдэгдсэн, хүүхэд хоолонд хордож эндсэн харамс

Цагийн байдал шалдар булдар, Сангийн сайдын үг ороо бусгаа, АН-ын бүлэг завсарлага уяатай энэ тэр гэхчлэн төсвийн тодотголын хэлэлцүүлэг тун ярвигтай хэлэлцэгдэж байна. Болгоомжгүй эсвэл зэвсэгт хүчний хээрийн сургалтын хариуцлага суларсан уу хоёр сайхан байлдагч амь насаа алдаж, хоолны хордлогоос болж дунд сургуулийн сурагч эндсэн харамсалтай мэдээлэлтэй өдөр өнгөрлөө. “Хэн ч хянаж хараагүй байхад ажлаа сайн хийсээр л байхыг чанар гэнэ” хэмээгээд “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна.

Т.Сүхбаатар: Амиа алдсан хоёр албан хаагч  маш  хүнд  гэмтэлтэй байсан тул амь насыг нь аварч чадаагүй

ЗХЖШ-ын харьяа нийслэл хотын хүрээний анги нэгтгэлүүдийн байлдааны  хээрийн сургуулилтын үеэр ЗХ-ий 330-р ангийн албан хаагчид амиа алдсан харамсалтай хэрэг  гарсан. Тодруулбал  энэ сарын 17:40 цагийн орчимд Төв аймгийн нутаг дэвсэр Тавантолгойн бэлтгэлийн баазад байлдааны гранат  шидэх сургуулилт хийх үеэр гранат дэлбэрч 330 дугаар ангийн ахмад Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нар амиа алдаж тэнд байсан цэргүүдээс найман гэмтэл авчээ. Уг хэрэгтэй холбоотойгоор  ЗХЖШ-аас өнөөдөр  мэдээлэл хийсэн юм.


Ж.Бадамбазар: Талийгаачдийн ар гэрийнхэнд мөнгөн тэтгэмж олгоно

Хурлын үеэр  ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар: “350 дугаар анги сургалт бэлтгэлийнхээ төлөвлөгөөний дагуу байлдааны тактикийн хээрийн сургуульт хийж байхад ийм харамсалтай хэрэг боллоо. Гранат шидэх сургуултийнхаа бэлтгэл ажлыг хангаж байхад байлдааны зориулалттай гар гранат дэлбэрсэн. Үүний улмаас найман цэргийн алба хаагч хүнд хөнгөн хэлбэрээр шархдаж, хоёр цэрэг амь эрсэдлээ. Үүнтэй холбогдуулан албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахмад Батсуурийн Мөнгөншагай, ахлагч Баасанжавын Ариунболд нарын ар гэр, төрөл төрөгсдөд Батлан хамгаалах яамны Жанжин штаб болон Зэвсэгт хүчнийхээ нийт бүрэлдэхүүний өмнөөс эмгэнэл илэрхийлж байна. Амиа алдсан цэргийн албан хаагчид дундаж цалингийн 10 жилтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгодог. Үүний дагуу талийгаачдийн ар гэрийнхэнд мөнгөн тэтгэмж олгоно” гэсэн юм.

Амиа алдсан ахлагч Б.Ариунболд нь 1993 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн. Эхнэр хүүгийн хамт амьдардаг байжээ.Мэргэжлийн ахлагч,  Бүгд найрамдах өмнөд Судан улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагч байсан гэдгийн онцолж байсан юм.

Ахмад Б.Мөнгөншагай нь 1987 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. Мөн эхнэр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Тэрбээр БХИС-ийн Зэвсгийн албаны офицер мэргэжилтэй. Зэвсэгт хүчний хэд хэдэн ангид алба хаасан. Афганстан, Бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд явсан, туршлагатай нэгэн аж. Мөн тэрбээр энэхүү сургалтыг хариуцаж ажиллаж байсан байна. Гранатад өртсөн эдгээр хүмүүс бүгд мэргэжлийн ахлагч нар байсан байна. Мөн энхийг дэмжих ажиллагаанд оролцсон, туршлагатай гэнэ. 

Т.Сүхбаатар: Амиа алдсан хоёр албан хаагч  маш  хүнд  гэмтэлтэй байсан тул амь насыг нь аварч чадаагүй

Цэргийн нэгдсэн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн  захирал, дэд хурандаа  Т.Сүхбаатар: “Тухайн үед ослын талаарх дуудлагын  ослын газар шуурхай бүлэг ажиллаж эмнэлгийн түргэн тусламж үзүүлсэн. Амиа алдсан хоёр албан хаагчийн тухайд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч маш  хүнд  гэмтэлтэй байсан тул амь насыг нь аварч чадаагүй. Шархагдагсдын хувьд  тэсрэлтийн улмаас үүссэн гадны биетүүд байлдаг ч нарын гарын шуу, гуя, хөл хэсгийн зөөлөн эдэд нь нэвчиж орсон  байдалтай байсан.  Хөл, гарын сарвуундаа нэлээд гэмтэл авсан.  Мөн хагалгаанд орсон хоёр хүний биеийн байдал хэвийн байна гэсэн” мэдээлэл өгсөн юм. 

Энэ үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгсөн юм. 

-Тухайн сургуулилтад нийт хэчнээн ахлагч хамрагдаад байсан вэ? 

-Сургуулилтад нийт 25 ахлагч хамрагдаж байсан. Бүгд туршлагатай, ахмад, ахлагч нар байсан. 

-Сургуулилтын үеэр байлдааны зэвсэг ашиглах нь хэр зөв?  

-Сургалт бэлтгэлийн явцад байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох дадлагыг ахмад Э нь явуулж байсан бөгөөд энэ үед тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна. Хээрийн сургуулилтын үед байлдааны зэсвэг ашиглана  гэсэн зүйл байдаг.  

Ж.Бадамбазар: Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр буруутай бол хариуцлагаа хүлээнэ

-Гранат дэлбэрсэн ослын шалтгааныг урьдчилсан байдлаар хоёр янз гэж байж болно гэсэн мэдээлэл гараад байна. Үүнд тайлбар хийнэ үү? 

-Осол юунаас болж гарсан болохыг яг одоо хэлж мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Осол гарах 2 төрлийн шалтгаан байх магадлалтай. Нэг нь хүний болгоомжгүй байдал эсвэл тухайн галт хэрэгслийн хадгалалт ашиглалтын байдлаас шалтгаалсан техникийн осол байхыг үгүйсгэхгүй. 

-Тухайн тэсэрсэн гранат хэр хэмжээний зайд хор хөнөөл учруулж  болох хэмжээний хүчтэй гранат байсан вэ? 

-Байлдааны зориулалттай учраас 50-200 метр хүртэл ойх орчмынхоо зайд хор хөнөөл учруулахуйц хүчтэй. 

-Сургалтад хэдээс хэдэн насны цэргүүд хамрагдаж байсан вэ. Сургалтын үйл ажиллагааг зогсоосон уу? 

-22-30 насны ахмад, ахлагч нар байсан. Сургалтын үйл ажиллагааг одоогийн байдлаар зогсоогоод байна. Ийм  хэрэг гарсанд бид харамсаж байна. 

-Ослын шалгааныг урьдчилсан байдлаар тогтоосон уу? 

-Ослын шалтгааныг хуулийн байгууллагаас шалгаж байна.  Мөн ослын шалтгааныг хууль хяналтынхан тодруулж тэд дүгнэлтээ гаргана. Тиймээс бид энэ талаар мэдээлэл өгөх эрхгүй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр буруутай бол хариуцлагаа хүлээнэ. 

-Шархадсан цэргүүдийн биеийн байдал одоогоор ямар байна вэ?

-Осол болсоны даруйд ЗХЖШ, сургалтын нэгдсэн төвийн сургалтанд гарч байсан эмнэлгийн бүрэлдэхүүн эмч нар газар орон дээр нь яаралтай тусламжийг үзүүлсэн. Газар дээр нь эмч нар эмнэлгийн тусламж үзүүлж Эхний шархадсан өвчтөн 19,58 минут сүүлийн албан хаагчийг 20,15 минутанд эмнэлэгт ирсэн. Хоёр цэргийн албан хаагч яаралтай хагалгаанд орсон. Ирсэн 8 цэргийн албан хаагчийн биеийн байдал тогтвортой, амь насанд аюулгүй байгаа. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна

Ийнхүү албаныханы өгсөн мэдээллийг хүргэлээ. Мэдээллийн дараа манай сурвалжлах баг Цэргийн Госпитальд очиход бидний дотогш нэвтрүүлээгүй юм.  Учир нь энэ талаар ямар мэдээлэл өгч болохгүй гэсэн үүрэг, даалгавар дээрээс ирсэн. Бид үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчид учраа та нарыг оруулах боломжгүй гэсэн тайлбарыг харуул нь өгсөн юм.

Хоолонд хордсон сурагчид нэг айлын хүүхдүүд байжээ

Төв аймгийн Батсүмбэр сумын гурван сурагч хоолонд хордсоны улмаас нэг нь нас барж,  хоёр нь яаралтай эмчилгээнд орсон талаар мэдээлэл хүргэсэн билээ. Хоолонд хордсон хоёр хүүхдийг Халдварт, өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д эмчилж байгаа юм байна. Хүүхдүүдийн хордсон шалтгааныг олон янзаар мэдээлж байгаа ч үдийн цайнаас хордоогүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Тэд сургуулийн дотуур байрны хоолноосоо хордсон байж болзошгүй байгаа аж. Хоолонд хордсон сурагчид нэг айлын хүүхдүүд байжээ. 

Хэргийг нуусны золиос эрдэнэт хүний амь баймгүй байна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ та яагаад дуугүй байна вэ. Ид шижигнэх насан дээрээ явсан идэр хоёр залуу амь насаа алдчихлаа. Батлан хамгаалахын сайд Та албан ёсоор өөрийн биеэр эмгэнэл илэрхийлж зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийхээ хариуцлагыг чангатгахгүй бол хээрийн сургуулилтын талбарт эрдэнэт хүний амь эрсдэх явдал энгийн үзэгдэл болох нь. Энгийн үзэгдэл хэмээн тодотгохын учир нь он гарсаар хоёр удаа гранат дэлбэрсэн хэрэг гарлаа.

Уг хэргийг ЗХЖШ-ынхан мэдээллийг хэвлэлийнхнээс нууцалж, хав дарж байсан. Хав дарсны балаг ийм байдалтай үргэлжилсээр байх уу.

ЗХЖШ-ын анги салбарууд ЗХЖШ-ын 2016-2017 оны батлагдсан хээрийн сургалтын хүрээнд командлалын болон төгсөлтийн шалгалтын үеэр сургалтын үеэр байлдааны Мөн Орхон аймгийн Зэсвэгт хүчний 186 дугаар сургуулилтын үеэр гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж гурван хурууг түлсэн хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ний өдөр гарсан байдаг. Уг хэргийг ЗХЖШ-ынхан мэдээллийг хэвлэлийнхнээс нууцалж, хав дарж байсан. Хав дарсны балаг ийм байдалтай үргэлжилсээр байх уу. Хээрийн сургуулийн явцад гранат дэлбэрэх нь хоёр шалтгаантай байдаг гэсэн. Тухайн байлдагч, албан хаагчийн болгоомжгүй байдлаас эсвэл галт хэрэгслийн хадгалалт ашиглалтын байдлаас дэлбэрэх магадлалтай гэсэн. Зэвсэгт хүчний хэмжээнд хавар, намрын улиралд хээрийн сургуулилалт шалгалт явуулдаг. Төлөвлөгөөний дагуу цэргийн ангиуд бэлтгэл сургуулилалтаа хийдэг.

Хариуцлага алдсан бол хүлээх хэрэгтэй.

Ослын шалтгааныг хууль хяналтынхан тодруулж, дүгнэлт гарсны дараа хэрвээ буруутай бол хариуцлагаа хүлээнэ гэсэн байна. Хариуцлага алдсан бол хүлээх хэрэгтэй. Галт хэрэгслийн хадгалалт ашиглалтын байдалд шалгалт хийх, албан хаагч болгоомжгүй байдал давтагдаж аюул осол гараад байгаа нь сургалт, сургуулилтын заах аргаа шинэчилж сайжруулах зэрэг арга хэмжээг яаралтай авах хэрэгтэйг сануулаад байгаа бус уу. Ер нь зэвсэгт хүчинтэй холбоотой хэргийг аль болох нууцлах гээд байдагаа одоо болимоор юм. Нуусны балаг золиос нь эрдэнэт хүний амь нас баймгүй байна.

Бүх нийтээр ажил хаявал яанам бэ

МҮХАҮТ, МҮЭ, Ажил олгогч эздийн холбоо ажил хаялт зарлахад тун ойртсон гэдгийг мэдэгдсэн. УИХ-ын даргад МҮХАҮТ-аас дараах санал, шаардлагуудыг хүргүүлсэн. Тодруулбал, Төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс огт нэмэгдүүлэхгүй байх. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тодотголоор нийт зарлага ба цэвэр зээлийг батлагдсан түвшнээс 220.7 тэрбум төгрөгөөр нэмсэн байна.

Төрийн захиргааны албан хаагчдийн тоог 20 хувь, үйлчилгээний албан хаагчдийн тоог 10 хувиар тус тус бууруулах. 2012 оноос хойш төрийн албан хаагчдийн тоо ойролцоогоор 15 хувь буюу 24 мянгаар өссөн байна. Мөн төрийн албан хаагчдийн шаардлагагүй зардал, нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмжийг зогсоох.

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх. Эдийн засаг хямралтай, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого буурсан хүнд нөхцөл байдалд НДШ-ийг нэмэгдүүлэх нь ажлын байр буурах, улмаар ядуурал ихсэх нөхцөл болно.

Аж ахуйн нэгжийн орлогын татвар сар бүрийн 15-нд орно. 600 тэрбум төгрөг улсын төсөвт орохгүй нь. Төрийн үйлчилгээ ч тасалдах нь.

Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх;  

Тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зарим барааны үнэ тогтворжуулах нэрийн дор зах зээлийн зарчмаар тэгш, шударга өрсөлдөх боломжийг хааж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үзүүлэхгүй байх.

Онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй байх.

Төсвөөс татаас авдаг, алдагдал өндөртэй төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх;

Тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо, судалгаатай хандан шийдвэр гаргах. Энд баталгаатай ажлын байртай төрийн 183 мянга гаруй албан хаагчдийн тэтгэврийн насыг нэмэх асуудлыг төр өөрөө мэдэж зохицуулах боломжтой ч чөлөөт зах зээлд ажиллаж байгаа нэг сая гаруй иргэд баталгаагүй, тогтворгүй ажлын байранд ажилладаг гэдгийг онцгойлон анхаарах шаардлагатай. Мөн монгол хүний насжилт, салбарын онцлог, ажлын байрны нөхцөл, тогтвортой байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй хэмээн шаардсан байгаа. Тэгвэл өнөөдөр ямар нэгэн хариу өгсөнгүй.

Эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд түргэсгэх томоохон төслүүдийг хөдөлгөх гэх мэт гарц шийдлүүдийг хайгаасай.

Төсвийн тодотгол энэ хэвээр батлагдаж, аж ахуйн нэгжүүд татвар төлөлтөө зогсоовол эдийн засаг нэлээд хүндрэл үүсэх тодорхой. Аж ахуйн нэгжийн орлогын татвар сар бүрийн 15-нд орно. 600 тэрбум төгрөг улсын төсөвт орохгүй нь. Төрийн үйлчилгээ ч тасалдах нь.

Өнөөдөр эдийн засгийн суурь үзүүлэлтүүд арай эерэг хандлагатай гарч байгаа. ОУВС-тай хамтрахаар боллоо гэснээр олон улсын төвшинд манай улсын нэр хүнд өсч байна. Эрдэс бүтээгдэхүүний үнэ  нэмэгдэж байгаа учраас экспортын орлого нэмэгдлээ. Ийм эерэг нөхцөлийг зөв ашиглаасай. Эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд түргэсгэх томоохон төслүүдийг хөдөлгөх гэх мэт гарц шийдлүүдийг хайгаасай.

Хэлэлцүүлгийн явцад төсвийн тодотголын төсөл Засгийн газраас анх өргөн барьсанаасаа  нэлээдгүй өөрчлөлтэйгөөр батлагдах “үнэр ханхийх” хандлага ажиглагдсан.  УИХ-ын гишүүд төсвийн тодотгол дахь аж ахуйн нэгж, иргэдэд чиглэсэн татвар нэмэх асуудалд шүүмжлэлтэй басхүү болгоомжтой хандаж харагдсан.Энэ мэтчлэн нааштайгаар шийдэгдээсэй дээ.

Өнөөдөр Чуулганы хуралдаанаар улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд. Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг явагдана.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг явагдана.

Б.Тунгалагтуяа: Элсэгчид зургаа буруу оруулсан тохиолдол БҮТ-д ирээд солиулах боломжтой

-Элсэгчид хугацаандаа амжиж бүртгүүлээгүй бол дахин бүртгэнэ гэсэн зүйл байх-

ЭЕШ-ын бүртгэл дуусахад хоёр хоног үлдээд байгаа билээ. Ингээд ЭЕШ-ын бүртгэлийн үйл явц хэр байгаа талаар Боловсролын үнэлгээний төвийн Шалгалтын бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Тунгалагтуяагаас тодрууллаа.

-ЭЕШ-ын бүртгэл дуусахад хоёрхон хоног үлдээд байна. Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн хүүхэд бүртгүүлээд байна вэ. Бүртгэлийн үйл явц хэр байна вэ? 

-Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 14-ний өдрийн оройны 18:00 цагт хүртэл явагдаад дуусна. Бүртгэл дуусахад хоёр хоног үлдээд байна. Бүртгэлийн үйл явц хэвийн үргэлжилж байна.  Энэ жил Ерөнхий боловсролын 12-р анги төгсөж байгаа нийт 38935 сурагч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар энэ онд төгсөж байгаа 38252 шалгуулагч, өмнөх оны 2400 шалгуулагч бүртгүүлээд байна. Бүртгэлийн явц 91 хувьтай байна.

-Бүртгэлийн явцад элсэгчид юун дээр анхаарвал зохилтой байна вэ. Зураг буруу оруулах нийтлэг алдаа гарч байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Алдаатай, зургаа буруу оруулсан сурагчид манай төв дээр өөрийн биеэр ирээд зургаа солиулах боломжтой

-Бүртгэл эхэлснээс хойш элсэгчид зургаа буруу оруулах тохиолдол нэлээд гарч байна. Тиймээс элсэгчид зурган дээр анхаарах хэрэгтэй байна. Алдаатай, зургаа буруу оруулсан сурагчид манай төв дээр өөрийн биеэр ирээд зургаа солиулах боломжтой. Мөн шалгуулагчид бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн буланд орж өөрийн сонгосон хичээлийг сонгон төлбөрөө хийснээр ЭЕШ-ын бүртгэл амжилттай болно. Үүнийг сайтар анхаарах хэрэгтэй байна.

-Ирэх жилээс ЭЕШ өгсөн сурагчид шалгалтаа өгч дуусаад, шалгалтынхаа хуудсыг уншуулаад шууд дүнгээ харах боломжтой гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг сунгахгүй-

-Энэ талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. 

-ЭЕШ-ын хичээлийн хуваарь гарсан байна лээ.  Ер нь ямар ямар хичээлийг элсэгчид түлхүү бүртгүүлж байна вэ?

-Жилийн жилд тодорхой хэдэн хичээлийг элсэгчдийн дийлэнх нь сонгож шалгалт өгдөг.  Үүнд Математик, Нийгэм, Англи хэл, Физик зэрэг хичээлүүд багтдаг. Энэ их дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам, мэргэжлийн бүлгүүдэд суурь хичээл болж өгдөг. ЭЕШ-ын хичээлийн хуваарь гарсан. ЭЕШ ирэх зургадугаар сарын 14-нд Монгол хэлбичгийн шалгалтаар эхэлж зургадугаар сарын 18-ны өдөр Орос хэлний шалгалтаар дуусна.

-Улсын хэмжээнд хэчнээн анги танхимд ЭЕШ явагдах вэ?

-Улсын хэмжээнд нийт 50 шалгалтын төв байгаагийн улаанбаатар хотод 28, хөдөө орон нутагт 22 шалгалтын төв бий. Эдгээр төвүүдийн анги танхимийг бүрэн камержуулсан. Үүнээс гадна сонсоод ойлгох чадварыг шалгах сонсох төхөөрөмжийг суурилуулсан. 

ЭЕШ ирэх зургадугаар сарын 14-нд Монгол хэлбичгийн шалгалтаар эхэлж зургадугаар сарын 18-ны өдөр Орос хэлний шалгалтаар дуусна.

-Бүртгэлийн хугацаанд элсэгчид хичээлээ нэмэх эсвэл хасуулах тохиолдол гарч байна уу. Хичээл хасах болон нэмэх боломжтой бий юу?

-Бүртгэлийн хугацаанд шалгуулагчид бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн буланд нэвтэрч хичээлээ нэмэх боломжтой. Харин хичээл хасах солих боломжгүй.

-Хугацаандаа амжиж бүртгүүлээгүй тохиолдолд дахин бүртгүүлэх боломжтой юу. Бүртгэлийн хугацааг сунгах уу?

-ЭЕШ-ын Бүртгэлийн хугацааг сунгахгүй. Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс бүртгэл эхэлсэн бөгөөд энэ сарын 14-ний  өдрийн оройн 18.00 цагт бүртгэлийн хугацаа дуусна. Энэ хооронд элсэгчид амжиж бүртгүүлэх шаардлагатай. Хэрвээ элсэгчид хугацаандаа амжиж бүртгүүлээгүй бол дахин бүртгэнэ гэсэн зүйл байх. Тиймээс элсэгчид энэ тал дээр анхааралтай хандаж хугацаандаа бүртгүүлэх хэрэгтэй. Шалгалтын бүртгэл болон зохион байгуулалттай холбоотой асуудлаар БҮТ-ийн  мэргэжилтнүүд нийслэлийн бүх ЕБС-ууд, зарим аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулсан. Түүнчлэн БҮТ үйл ажиллагаандаа БҮТ-ийн лавлах \CALL CENTER\ үйлчилгээг нэвтрүүлсэн. Тиймээс элсэгчид асуух зүйл гарсан тохиолдолд CALL CENTER-т хандаж зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой.

-ЭЕШ-тай холбоотой мэдээллийг элсэгчид хаанаас авах боломжтой вэ?

-Боловсролын үнэлгээний төв www.facebooк.com\eec.mn хуудсаар элсэгчдэд зориулсан постер оруулж байна.  Мөн 74779498 гэсэн лавлах утас, 70119498 Энэ утсаар холбогдож ЭЕШ-тай холбоотой өөрт хэрэгтэй мэдээллээ авах бүрэн боломжтой.

Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн оюутны байранд гал гарчээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн оюутны байранд гал гарсан байна.

Галын дуудлагыг өдрийн 12:27 цагт өгсөн бөгөөд дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч, нэмэлт дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллажээ.

Нийт 21 албан хаагч, таван автомашинтайгаар ажиллан галыг шуурхай унтрааж, утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргасан байна.Гал гарсан шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж.

ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар: Шуурхай комисс ослын газар дээр ажиллаж байна

Өчигдөр орой 18.00 цагийн үед "Тавантолгой"-д гранат дэлбэрч, хоёр хүн амиа алдаж, найман хүн шархадсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Одоогийн байдлаар шархадсан цэргүүд эмнэлэгт яаралтай хүргэгдэж хоёр албан хаагч яаралтай хагалгаанд орсон байна. Бусдынх нь биеийн байдал тогтвортой, амь насанд аюулгүй байгаа аж.  Амиа алдсан цэргүүд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчид байсан бөгөөд амиа алдсан цэргүүд мөн хөдөөнөөс цэргийн албан хаахаар ирсэн байсан аж.  Уг осол Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн сургалтын төв нь нийслэлээс 50 орчим километрийн зайтай оршдог байна. Энэ талаар бид албаны хүнээс тодрууллаа. 

ЗХЖШ-ЫН ОРЛОГЧ ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БАДАМБАЗАР

ЗХЖШ-ын 2016-2017 оны батлагдсан сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу хээрийн сургалт дадлага, байлдааны буудлага, харвалтыг хийж байгаа. Энэ үеэр /2017.04.11/ 17.40 цагийн орчимд осол гарсан.  Гранат дэлбэрэх явцад ахлагч А, М нар газар дээрээ нас барж, 8 хүн шархадлаа. Ослын шалтгааныг хууль хяналтын байгууллагынхантай хамтран тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон Шуурхай комисс ослын газар дээр ажиллаж байна. Энэ ослын талаар хуулийн байгууллага шалган тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээллийг өгнө ЗХ-ны сургалтын нэгдсэн төв нь Улаанбаатар хотоос 50 орчим км-т байрладаг бөгөөд энэ дадлага сургалт түүнээс 10 орчим км-н зайд болсон. Эндээс шаардлагатай түргэн тусламжийн машин, Цэргийн төв эмнэлгийн бүрэлдэхүүнийг ажиллуулсан. Шархадсан, нас барсан албан хаагчдын ар гэртэй холбогдсон. Гурван  хүнээс бусад бүх хүмүүсийн ар гэртэй холбогдсон. Нэг хүний ар гэр нь Ховд аймагт байдаг юм байна. Бид эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэний дараа ар гэртэй нь холбогдох арга хэмжээ авна. Ар гэрийн хүмүүсийг ирэхэд эмнэлгийн байранд тэднийг байлгах тусгай өрөө бэлдсэн байгаа.

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧИЛГЭЭ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ ДАРГА, ДЭД ХУРАНДАА Т.СҮХБААТАР

Осол болсоны даруйд ЗХЖШ, сургалтын нэгдсэн төвийн сургалтанд гарч байсан эмнэлгийн бүрэлдэхүүн эмч нар газар орон дээр нь яаралтай тусламжийг үзүүлсэн. Одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт 8 цэргийн албан хаагч ирж эмчилгээ авч байгаа.. Ирсэн 8 цэргийн албан хаагчийн хүний биеийн байдал тогтвортой, амь насанд аюулгүй байгаа. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна гэв.

Худлаа гэсэн чинь яасан бэ, Ц.Ням-Осор даргаа?

Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн цалинд сард нийтдээ 20 мянган доллар зарцуулах санал оруулж иржээ. ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор “Бид доромжлууллаа, сэтгүүлчид ташаа мэдээлж байна” гэж эхэлсэн хэвлэлийн хуралдаа ТУЗ-ийн гишүүдийн цалинг эцэслэн шийдээгүй гэсэн. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин ихэсгэссэн хэмжээний цалин л олгох байх гэж байв. Тэгвэл оруулж ирсэн саналаар ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнд сард 3200 доллар, нэр бүхий зургаан гишүүнд тус бүр 2450 доллар, нарийн бичгийн хоёр даргад 1050 долларын цалин өгөхөөр төлөвлөжээ. Ц.Ням-Осор худлаа хэмээн үгүйсгэж байсан санал ийнхүү албан баримтаар орж ирсэн нь ямар учиртай вэ. Үнэн зөв хариултыг хэн өгөх вэ?

Ч.Хүрэлбаатар:Төрийн нарийн бичгийн дарга болсноос хойш төсвөөс зугтаагаад, гэм хийчихсэн юм уу

З.Нарантуяа: Хос тэжээлт автомашин шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг хуучин 100 хувиар хөнгөлдөг байснйг 50 хувиар татвар авахаар боллоо. Яг энэ бүлгээсээ татварт хэдэн төгрөгийн орлого олох юм бэ.

Ч.Хүрэлбаатар: Чойжилсүрэн сайд хариулья.

З.Нарантуяа:Валютын сан татварын бааз суурийг нэмэх, тодорхой төрлийн татварыг нэмэх гэж хэлсэн болохоос “Приус” автомашиын татварыг нэм гэсэн зөвөлгөө өгсөн гэж бодохгүй байна.

Ч.Хүрэлбаатар: Төрийн нарийн бичгийн дарга Нямаа гэдэг хүн ирэх ёстой. Төсвийн хэлэлцүүлгийн явцыг мэдэхгүй байж төсвийг яаж ажил хэрэг болгох юм бэ. Төрийн бичгийн дарга болсноос хойш төсвөөс зугтаагаад, УИХ-аас зугтаах гэм хийчихсэн юм уу. Төрийн нарийн бичгийн даргыг хуралд суулгадаг болго. Удаа дараа шаардаж байгаа би. Хүн томилохдоо их хурдан хүн, энд ирж хуралдаа суух хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл