8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүртгэлтэй ажилгүй иргэд 34.4 мянгад хүрчээ

2017-04-11 15:02:27

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 3 дугаар сарын эцэст 47.6 мянга болж, 34.4 (72.2%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 13.2 (27.8%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1.0 (2.9%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 311 (0.9%) хүнээр өсч 34.4 мянга болсны 17.8 (51.8%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.8 (34.2%) мянга нь Улаанбаатарт, 7.2 (21.0%) мянга нь Хангайн бүсэд, 6.4 (18.7%) мянга нь Төвийн бүсэд, 5.8 (16.8%) мянга нь Баруун бүсэд, 3.2 (9.3%) мянга нь Зүүн бүсэд байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны эхний улиралд ажилгүй 18.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 16.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Эдгээр үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 10.2 (35.3%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 1.6 (38.6%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 6.0 (26.9%) мянган хүнээр буурчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.4 хувийг бүрэн дунд, 31.2 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 5.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.8 хувийг магистр, доктор, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл