8o
Улаанбаатар хот
mobile menu

Стандарт мөрдөөгүйгээс “Теранова”-гийн тааз нурсан гэж үзжээ

2017-04-11 14:18:00

Гуравдугаар хороололд байрлах “Номин” их дэлгүүрийн нэгдүгээр давхрын бэлэн хувцасны салбар, “Теранова” нэрийн тасгийн тааз нурж, хоёр хүн гэмтсэн осол энэ сарын 2-ны өдөр гарсан билээ.  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай албанд ирүүлсэн мэдээллийн дагуу ослын газарт Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нар ажиллаж, дүгнэлт гаргасан байна.  Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлс нь “Номин фейшн” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай нэг давхар барилгын угсармал төмөр бетон нүхт хавтан хучилтад бэхэлсэн гипсэн дүүжин таазны төмөр рамыг стандартын дагуу угсраагүй, бэхэлсэн бэхэлгээг зориулалтын бус аргаар бэхэлсэн, чанарын шаардлага хангаагүй материал /тэлэгч боолт/ ашигласан байна. Энэ нь ашиглалтын хугацаанд олон тооны гэрэл дүүжилсэн, гипсэн таазны өөрийн жинг дийлэхгүй байсаны улмаас бэхэлгээ хэсгээрээ суларч унасантай холбоотой гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байна. 

Мөн  “Номин фейшн” ХХК нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 /Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна./, “Барилгын тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 /механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх;/, 11.1.5 /барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй,... эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх/-д заасныг тус тус зөрчсөн аж.  Улмаар “Номин” компани барилгын тохижилтыг хийхдээ стандартыг дагаж мөрдөөгүй, зориулалтын бус бэхэлгээ хийсэн гэж мэргэжлийн хяналтын байцаагч нар дүгнэжээ. Тиймээс хохирлыг тус компани бүрэн барагдуулах үүрэгтэй юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл