8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУВС-ийн хөтөлбөрийн талаар хэн юу хэлэв

2017-04-08 10:33:00

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: 1,5 тэрбум ам.доллар гэдэг чинь Чингис бондтой тэнцэх хэмжээний мөнгө


2017 оны төсвийн тодотголыг батлахдаа төсвийн хүрээний мэдэгдэл болон дунд хугацааны баримт бичгээ хөндөхгүйгээр батлах саналтай байна. Учир нь, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар орж ирэх гэж байгаа 3 гаруй тэрбум ам.долларын зарцуулалтыг харахад 1,6 тэрбум ам.доллар нь урсгал зардал, үлдсэн 1,5 тэрбум ам.доллар нь төсөл хөтөлбөрүүд рүү зарцуулагдах гэж байна. Энэ 1,5 тэрбум ам.доллар гэдэг чинь бид нарын яриад байгаа Чингис бондтой тэнцэх хэмжээний мөнгө. Энэ хэмжээний мөнгийг бид төслүүд рүү оруулах гэж байна. Энэ хэмжээний мөнгийг шингээх төслүүд байгаа юу? Мөн хэмжээгээр өр нэмэгдэх гэж байгаа. Тэгэхээр бид нар үүнийг дэмжээд байх юм уу.
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон төсвийн хүрээний мэдэгдэлдээ өөрчлөлт оруулмааргүй байна. Аль болох алдагдлыг бууруулах, өсөлтийг нэмэгдүүлэх дунд хугацааны баримт бичгийн хүрээн дотор төсвөө тодотгоё. Төсвийг зарим нэг зүйлээр тодотгох шаардлага байгааг ойлгож байгаа. Гэхдээ хасч, танаж болох бүх зардал болон нэмж болох бүх орлогоо дахин авч үзэх шаардлагатай гэсэн саналтай байна. Хэрвээ уг саналыг дэмжиж байвал Төсвийн тодотголыг батлахаа дэмжиж байгаагаа илэрхийлж байна


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Засгийн газар өр тавихаа болимоор байна


Засгийн газар өр тавихаа болимоор байна. Өрийг өрөөр дарчихаад бүү баярлацгаа.Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат евро бондын өрийг төлсөн гэж худлаа яриад байна, хугацааг нь л сунгасан шүү дээ. Эхлээд өрөө төлмөөр байна.Тэгж байж дараагийн өрөө авмаар байна.
2017.03.21 өдөр төлөх ёстой байсан Хөгжлийн банкны Евро бондыг ЗГ-ын бонд болгон өөрчилсөн.  Энэ их өр чинь 85 хувиасаа давчихна тэгэхээр яах юм бэ, нэмэх юм уу. Өрөө аль болох дармаар байна. Өрөө яаж төлөхийн бэ. Судалгаа тооцоогүй яваад байна. Зардал, өр хэдэн хувийг эзэлж байна гэдэг судалгаа хийх хэрэгтэй. Хэдхэн сарын өмнө татвар нэмэхгүй, хүүхдийн мөнгийг танахгүй гэж байсан. Гэтэл өнөөдөр хэд хэдэн татвар нэмнэ, хүүхдийн мөнгийг хасна гэж байна. Яагаад өөр арга хэмжээ авч ажиллахгүй байгаа юм бэ” 


УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй
 

Улс орны эдийн засаг төсөв санхүүгийн байдал хүнд байдалд байгаа. Энэ байдлаас гарахын тулд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй. Олон улсын туршлагаас харахад хямралаас гарахын тулд Унгар, Грек зэрэг орнууд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж эдийн засгийн хүнд байдлаасаа гарсан


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Энэ төсөв чинь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болж хувирлаа


Нэг ч төгрөгийн зээл авахгүй, зээл авч иргэдээ дарамтанд оруулахгүй л гэсэн. Гэтэл одоо энэ хоёр дарга очсон газар болгоноосоо зээл гуйгаад л яваад байна. Ийм байдлаар сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийн эсрэг төсвийн тодотгол оруулж ирж байгаа нь маш харамсалтай байна. Ард түмэн энд чинь маш их эгдүүцэж байна.
 
Энэ төсөв чинь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болж хувирлаа. Хотын захиргааны нөхдүүд 60 тэрбумаар Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж олж өгч байгаа байх. Уяачдын холбооныхоо яаманд 60 тэрбум төгрөг төсөвлөөд оруулаад ирсэн байх жишээтэй. Энэ төсөв угаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулагдана л гэсэн үг

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Төсвийн тодотголыг сайжруулж батлах нь зүйтэй
 
ОУВС-гийн шаардлагад хариу өгөхийн тулд л тодотгол хийлээ гэж ойлголттой асуудалд хандмааргүй байна. Харин эдийн засаг санхүүгээ эрүүлжүүлэх бодлогын суурийн тавьж өгч байна гэдэг хандлагаар хандах юм байна гэж ойлгож байна. Орж ирсэн төслөөс харахад орлого нэмэгдэх төсөл нэлээд байгаа нь харагдаж байна.
 
Дэлхийн банк судалгаа хийгээд орон нутгийн хөгжлийн санд дэмжлэг үзүүлж байгааг би дэмжиж байна. Гэхдээ буруу зөв хийсэн гэж шүүх хэрэггүй. Харин хуваарилалтыг нь тэгш хийх хэрэгтэй. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: ОУВС-аас 5.5 тэрбум төгрөг хандивлахаар болсон
 

ОУВС-аас 5.5 тэрбум төгрөг хандивлахаар болсон. 2.4 тэрбум долларыг хөгжлийн банк даана. 3.1 нэг тэрбум төгрөгийг гадны хандивлагчид ирүүлнэ. Тухайлбал саяхан УИХ-ын дарга Япон улсад хийсэн айлчлалын үеэр японы талаас манайд тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Манай улсын эдийн засаг тогтворгүй байна. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл