8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Д.Дорлигжав сэтгэлийнхээ дуудлагаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болж, Хөвсгөл аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн өдөр

2017-04-07 18:40:00

Ачаалалтай ч гэсэн амжилт дагуулсан шинэ долоо хоногийн ажлын өдрүүд ийнхүү дуусаж байна. Та энэ долоо хоногт төлөвлөсөн ажлуудаа дуусган, амралтын өдрөөр юу хийхээр төлөвлөж сууна уу. Хайртай гэр бүлтэйгээ энэ амралтын өдрөө халуун ам бүлээрэй сайхан өнгөрүүлээрэй. Хэн бүхний хувьд  хамгийн чухал зүйл бол гэр бүл шүү дээ. Энэ их ажлын дундуур “Бид ер нь амьдрах гэж ажиллаад байна уу?, ажиллах гэж амьдраад байна уу? гэсэн бодол хааяа таньд төрж байна уу . Тэгвэл амралтын энэ өдрүүдээ хайртай ханьдаа гэр бүлдээ зарцуулаарай. “Өргөн орчлонд хүн хайраар л дутаж болохгүй” гэсэн сайхан үг байдаг шүү дээ. Дэргэдээ байгаа бүхнээ хайрлаарай. Амралтын өдрүүдэд цаг агаар тогтнуун байх  тухай ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэлсэн тул агаар салхинд хайртай гэр бүлтэйгээ хамт гарч, амралтын өдрөө аятай тухтай өнгөрүүлээрэй. Ингээд үдэш бүхнийхээ энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тоймоо хүлээн авна уу.

Б.Лхагважав:Ерөнхий сайд хэлсэн үгнийхээ төлөө огцор

Монгол Үндэснийн худалдаа аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа.

-2017 оны төсвийн тодотголыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцээд эхэллээ. Бизнесийн төлөөллийн гол байгууллага МҮХАҮТ, түүний гишүүдийн төлөөлөл МЭДЭГДЭЛ гарган УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүдэд хүргүүллээ. Юу юу шаардсан бэ?

- Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2016 оны төсвийн татварын орлого төлөвлөснөөс 487,1 тэрбум төгрөгөөр түүний дотор нэмэгдсэн өртгийн албан татварын орлого өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 70.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн. Мөн 2017 оны эхний гурван сард татварын орлого 30 хувиар давж биеллээ. Үүнээс дүгнэхэд татварын эрх зүйн орчны шинэчлэлийн системийн эхлэл тавигдаж, үр дүнд нь эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч төсөвт төвлөрөх татварын орлого зөвхөн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 800 тэрбум төгрөгөөр давсан байна.

2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд төлөх гуравдугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татвар, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх нэгдүгээр улирлын ААНОАТ, тавдугаар сард төлөх дөрөвдүгээр сарын Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байхыг нийт аж ахуйн нэгжүүдэд уриалахаа мэдэгдсэн.

Ийнхүү татварын суурь өргөжиж, татварын орлого бүрдүүлэхэд нааштай үр дүн гарч байгаа энэ үед Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэх, түүнчлэн 2016 оны намрын чуулганаар хэлэлцүүлж байсан татвар нэмэх асуудлыг Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх нэрийн дор 2017 оны төсвийн тодотголтой хамт УИХ-д өргөн барьж байгаатай холбогдуулан бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд МҮХАҮТ, түүний гишүүдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлан үгээ хэлсэн. Тэд төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс огт нэмэгдүүлэхгүй байх, төрийн захиргааны албан хаагчдийн тоог 20 хувь, үйлчилгээний албан хаагчдийн тоог 10 хувиар тус тус бууруулах, Нийгмийн даатгал, Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байхыг шаардан эдгээр асуудлууд дээр өөрсдийн саналаа хэллээ. Мөн монгол хүний насжилт, салбарын онцлог, ажлын байрны нөхцөл, тогтвортой байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй гэдгийг ч хэллээ. Улсын Их Хурал 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гарган дээрх шаардлагуудыг судлан шийдвэрлэхийг холбогдох төрийн байгууллагуудаас шаардлаа. Бизнес эрхлэгчдээс тавьж байгаа эдгээр шаардлагуудыг хүлээн авч нааштай шийдвэрлээгүй тохиолдолд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд төлөх гуравдугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татвар, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх нэгдүгээр улирлын ААНОАТ, тавдугаар сард төлөх дөрөвдүгээр сарын Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байхыг нийт аж ахуйн нэгжүүдэд уриалахаа мэдэгдсэн. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

Б.Майцэцэг: Өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байна

Дэлхийн эрүүл мэндийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг зорилготой аж. Тэгвэл таны бодлоор эрүүл мэнд гэж юу вэ, хэрхэн эрүүл байх вэ, эдгээрт шаардлагатай зүйлийн талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн НЭМБХЗХ-ийн мэргэжилтэн Б.Майцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Өвчнийг эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх нь чухал-

-Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Яагаад энэ өдрийг тэмдэглэдэг болсон юм бэ?

-Манай улс 1962 онд ДЭМБ-д гишүүнээр нэгдэн орсон. Жил бүр дэлхийн нийт хүн амын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж улс орнуудын засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэж ирсэн. Эрүүл мэнд гэдгийг хүн өвчин, эмгэггүй байхаас гадна бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байх"-ыг хэлнэ гэж ДЭМБ-аас тодорхойлсон байдаг. Бид өвчилсөн хойно нь оношлох, эмчлэх гэж өртөг зардал өндөртэй эмнэлгийн тусламжид  илүүтэй анхаарч  ирсэн. Авсаар ч ирсэн. Өвчин гэдгийг хэлж ирдэггүй хийсэж ирдэг хэмээн ойлгодог бас ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр зохистой хооллож, дасгал хөдөлгөөн хийж сэтгэл тайван, эрүүл орчинд аз жаргалтай амьдрах нь өвчнөөс урьдчилан сэргийлдэг, хүн амын насжилтыг уртасгадаг гэдгийг өндөр хөгжсөн орнуудын жишээгээр харж байна. Нөгөө талаас бид мэдээлэл, техник технологийн хөгжлийн эрин зуунд амьдарч байна. Хөгжил нь эргээд мөхөлд хүргэж болзошгүйг гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед бид мэдэрдэг. Үйлдвэрлэл хэт хөгжсний улмаас барилга, орон сууц, гэр ахуй, эм, гоо сайхан, хүнс, бараа гээд бидний өдөр тутмын хэрэгцээнд хэрэглэж байгаа олон төрлийн химийн бүтээгдэхүүний  эрүүл мэндэд үзүүлэх хоруу чанарыг бүр мөсөн судалж тогтоож чадаагүй байна.

Өвчнийг эмчлэх гэхээс илүү эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх боловсон хүчин бэлтгэх  хэрэгтэй. Мөн нэн шаардлагатай байна.  

-Эрүүл мэнд гэж чухам юу бэ. Хүн эрүүл аж төрөхийн үндэс юу вэ?

-Эрүүл хүн сайн сурч, үр бүтээлтэй ажилладаг. Эрүүл эх эцэг эхээс эрүүл хүүхэд төрдөг. Хүүхэд бүрийг гэрт нь, цэцэрлэгт нь эрүүл орчин бүрдүүлж эрүүл мэндээ сахин хамгаалах, эрүүл байхын утга учрыг  багаас нь ойлгуулж хэвшүүлэхэд сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллагсад илүүтэй анхаардаг. Гэтэл сургуульд ороод энэ дадал зуршлыг аажимдаа мартахад хүрч байна. Хүн эрүүл байх нь өөрөөс нь, бас өөр хэнээс, юунаас хамаарч болохыг тунгаан эргэцүүлж, нас насандаа тохирсон мэдлэг, чадварыг ахиулан олж амьдралдаа хэрэгжүүлэх нас бол өсвөр нас. Харамсалтай нь эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр дунд сургуулийн сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хасагдаж эцэг эхчүүд зөвхөн сурахад нь анхаарлаа хандуулж, хүүхдүүд бие биенээсээ, цахим ертөнцөөс өөрт хэрэгцээтэй  мэдээллийг өөрсдийнхөөрөө шүүн тунгаан авч байна. Цаашид эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр төдийгүй эрүүл мэндийн сургалтын стандартыг Ерөнхий боловсролын болон Их дээд сургуулиудад тогтвортой хэрэгжүүлэх нь чухал байна. Эндээс л эрүүл иргэн төлөвшиж, өвчлөх эрсдэлтэй нас, дундаж насжилт уртасах суурь тавигдана. Тиймээс өвчнийг эмчлэх гэхээс илүү эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх боловсон хүчин бэлтгэх  хэрэгтэй. Мөн нэн шаардлагатай байна.  

 -Өвчнийг эмчлэх гэхээс илүү эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх боловсон хүчин бэлтгэх  хэрэгтэй гэж та ярьлаа. Таны бодлоор эдгээр боловсон хүчнийг хэрхэн бий болгох вэ? 

-Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сэтгэл зүйчийн нөөц дутагдалтай байна-

-Хүн амын эрүүл мэнд нь хувь хүний эрүүл мэндийн нэгэн адил тэдний удамшлын болон тухай хүний эрсдэлийн хүчин зүйл, эмнэлгийн тусламжаас дутуугүй нийгмийн хүчин зүйлсээс хамаардаг. Нийгмийн тэгш бус байдал, нам, улс төрийн оролцоо, төлөвлөлтгүй бодлого, нийгмийн нөхцөл байдал нь нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс эмчээс илүүтэй нийгмийг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байна. Жил бүр эмч, эмнэлгийн мэргэжилтнээс гадна, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжлээр сурч төгсдөг ч  хүний нөөц дутагдалтай байна. Анагаах ухааны боловсрол олгодог их дээд сургуулиудад тавих шалгуурыг өндөрсгөх, эмчилгээнээс илүүтэй урьдчилан сэргийлэх чиглэлээр элсэлтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үздэг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

"29 дүгээр сургуульд бэлгийн дарамт болон ёс бус харилцаа байгааг тогтоосон"

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуулийн багш ажилчид, сурагчидтай уулзлаа.

29 дүгээр сургуулийн сурах орчин болон хүүхдүүдийн зөрчигдөж буй эрхийн талаар сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Сурагчдын зүгээс багш нарын дохионы хэлний мэдлэгийг сайжруулах, сурагчидтай зүй бусаар харьцаж, тэдэнд гар хүрч, хэл амаар доромжилдог, ажлын байран дээр архидан согтуурдаг гэх мэт асуудлуудыг хөндөж тавьсан юм. Уг асуудал дээр БСШУСЯ, НИТХ дахь МАН-ын бүлгээс анхаарал хандуулан, яаралтай арга хэмжээ авч, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өнөөдөр ажлын хэсгийн дүгнэлтийг тус сургуулийн багш, сурагчдад уншиж танилцуулсан юм. Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг маргааш хэвлэлийн хурлаар дамжуулан олон нийтэд ил болгох аж.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга хэлэхдээ “НИТХ дахь МАН-ын бүлгээс энэ асуудал дээр онцгой анхаарч ажлын хэсэг байгуулан хяналт шалгалтын ажлыг хийж байна. Миний бие ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаагийн хувьд сургуулийн нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцаж, багш, сурагчдын санал бодлыг сонсохоор ирээд байна. БСШУСЯ-аас гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас судалгаа явуулсан. Гаргасан дүгнэлтүүдийг үзэхэд багш ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлж, ажлыг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байна. Түүнчлэн 29 дүгээр сургуулийн хашаанд 2015 онд Газрын тухай хууль зөрчиж, газар олгосон байсан. Үүнийг нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр цуцлах шийдвэр гаргасан. Энэ газрыг сургуулийн хүүхдүүдэд зориулж тохижуулах ажлыг шат дараатайгаар хийх болно” хэмээн ярьлаа.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “БСШУСЯ-аас гаргасан ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад өнөөдөр тус сургуулийн багш сурагчдад танилцууллаа. Маргааш бид хэвлэлийн бага хурлаар дамжуулан энэ гаргасан дүгнэлтээ олон нийтэд бүрэн эхээр нь танилцуулна. Хүүхдүүдийн хөндөж тавьсан асуудлууд бүгд ямар нэгэн үндэслэлтэй, бодитой гэдэг нь гарсан. Багш нарын хувьд дохионы хэлний мэдлэг, чадвар муу байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Манай яамны зүгээс дахин “Ажил сайжруулах” ажлын хэсэг байгуулаад богино хугацаанд багш нарын мэдлэг боловсролыг өөрчилж, хэрэгжүүлж чадах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. 29 дүгээр сургуульд бэлгийн дарамт болон ёс бус харилцаа байгааг тогтоосон гэв. 

“Богд-Ар” хороололын даацын хана, тааз нуржээ

“Богд-Ар” хорооллын 21а байрны  өргөтгөлийн давхарт даацын хана, тааз нуржээ. Тус газар Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, ОБЕГ-ын аврах 105 дугаар  ангийнхан газар дээр ажилласан байна.Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, ОБЕГ-ын аврах 105 дугаар  ангийнхан алба хаагчидтай хамтран тус барилгад хүчээр нэвтэрч оржээ. Учир нь, тус барилгыг эзэмшигчид Мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилчид болон цагдаа нарыг нэвтрүүлэхээс  татгалзсан байна.

Д.Дорлигжав сэтгэлийнхээ дуудлагаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Хэдхэн сарын дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр хүн албан ёсоор  нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байна. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын захирагч асан Э.Бат-Үүл нар мэдэгдээд байгаа. Тэдгээрийн араас Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ өнөөдөр албан ёсоор зарлалаа. Ингэснээр АН-аас Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдсэн гуравдахь улстөрч болж байна. Түүний хувьд сэтгэлийнхээ дуудлагаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргасан хэмээн тайлбарлалаа. 

Гурван аймагт шүлхий өвчин дэгджээ

Энэ жил малын гоц халдварт шүлхий өвчин Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгуудад дэгдсэн байна. Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Хөх толгой хэмээх газар нутаглаж буй малчys үхрээс малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ. Дөрөвдүгээр сарын 02-ны байдлаар хоёр голомтын бүсэд 16 хот айлын 27 өрхийн 68 хүн,11616 толгой мал буй бөгөөд шүлхий өвчинд мэдрэмтгий 10657 толгой мал байна гэсэн мэдээлэл байна. Сэжигтэй бүсэд 32 хот айлын 54 өрхийн 121 хүн, 20975 толгой мал, үүнээс шүлхий өвчинд мэдрэмтгий 19252 үхэр буй аж. Мөн голомтын хоёр бүсийн дөрвөн өрхийн 12 үхэрт дээрх өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд гурван өрхийн 10 үхрийг устгалд оруулжээ.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн долоон үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд шүлхий болох нь тогтоогдсон байна. Мөн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас баруун хойш 60 км-т орших “Дэлгэр өлзийт” гэх газарт хаваржиж буй Д.Батгавьяагийн суурьт малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ. Өвчилсөн малаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилснээр шүлхий өвчин мөн болохыг тогтоосон байна. Тиймээс өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Хөвсгөл аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн Хөвсгөл аймгийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.Тус аймагт ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр тэргүүтэй ажлын хэсэг өчигдрөөс эхлэн ажиллаж, сургуулилтын дадлагын явцад зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байгаа аж. Тус арга хэмжээний үеэр Мөрөн сумын 700 иргэн, Алаг-Эрдэнэ сумын 600 иргэдийг нүүлгэн шилжүүлж, газар хөдлөлтийн гамшгийн үеийн аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль дадлага, хээрийн эмнэлгийн дэлгээ, мал амьтны гоц халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээний дууриалган үзүүлэх болон усны ослын үеийн аврах ажиллагааны дадлага сургуулийг хийх юм байна.

Сангийн сайд шатахуунаа “даалгаад” Тосон бумба руу явсан уу?

Сангийн сайд маань хөдөө явах гэтэл яамны хэмжээнд ганцхан “Старекс” маркийн микро автобус л байсан гэнэ. “Туулах чадваргүй, тав тухгүй машинаар сайдыгаа явуулснаас хувийн машинд нь шатахуун хийж өгөөд явуулъя гэж шийдсэн” хэмээн Сангийн яамны түшмэл Х.Энхбаатар ярьж байна. Үүнийг даруйхан шийдэхгүй бол төрийн үндсэн чиглэлийн яам атлаа ганцхан мирко хөлөглөөд хаа хүрч ажиллах билээ... Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Х.Энхбаатарын энэ “зовлонг” энэ ондоо эрхбиш шийдчих биз ээ. Харин сайд хувийн машиндаа шатахуун хийлгээд Өмнөговь аймгийг зорьсон байна. Тодруулбал, Тост, Тосон бумбын нуруу чиглэлд хувийн ажлаар явсныг ихэд нууцалж байгаа аж. Тиймээс энэ томилолтын тухай яамны түшмэл нэг ч мэдээлэл хийсэнгүй. Хувьдаа 25 компанитай байж, 800-хан мянган төгрөгийн шатахууны асуудлаас болж, хамаг булайгаа чирэхдээ тулсан сангийн сайдын “амьдралын хар ухааныг” яалтай.

Ж.Ганбаатар: Татварыг 5 биш 50 хувь болго

"Хадгаламжийн хүүгийн орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэл, автобинзенд ногдох татварыг дахин авч үзэх боломж бий гэж ойлгож байна.Хадгаламжийн хүүгийн хувьд 50 сая, 100 сая төгрөгийн босгыг хэвээр үлдээх ёстой. Хэвээр нь үлдээхийг хичээнгүйлэн хүсч байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх саналаа эргэн харах, боломж байвал ОУВС-тай дахин тохиролцох хэрэгтэй болов уу. 1,5 сая төгрөгөөс дээш цалинтай, нийт ажиллагсадын 5 хувийн хүчээр эдийн засгийн хүндрэлээс гарна гэж Засгийн газар, УИХ-ын зарим гишүүн ярьж байна л даа. Тэгвэл цаашид энэ 5 хувиа 10, 20 бүүр цаашилбал 50 хувь болгох ёстой. Төрийн бодлого түүнд л чиглэх учиртай.Мэдээлэлд ойрхон байгаа 5-хан хувь нь баяжих биш нийт ажиллагсадын 50 хувийг дунджаас дээгүүр орлоготой болгохын төлөө бодлого хэрэгжүүлдэг байгаасай гэж хүсч байна. Жижиг бизнес эрхлэгчид дунд, том аж ахуйн нэгж болоосой гэж хүсдэг. Би энэ талаар өөрийн байр сууриа байнга илэрхийлэх болно.

Солонгос хэлний шалгалт ирэх даваа гарагаас эхэлнэ

БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийн солонгос хэлний төвшинг тогтоох шалгалтыг дөрөвдүгээр сарын 10-наас авч эхлэхээр болжээ.Уг шалгалт ирэх наймдугаар сарын 16-ныг дуустал үргэлжилнэ. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг ажлын өдрүүдэд гурван ээлжээр авах бөгөөд шалгалтад орох өдөр, цаг, ээлжийг өөрчлөх боломжгүй тул заасан өдөр, цагт Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт ирсэн байх ёстойг мэргэжилтнүүд анхааруулав. Шалгалтыг EPS-TOPIK шалгалтын компьютер тестийн танхимд авах аж.Шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэх, гадаад паспорт хоёрын аль нэгтэй нь ирнэ. Шалгалтад ороход хурууны хээ уншуулж бичиг баримтын тулгалтыг гурван удаа хийдэг учраас бусдыг өмнөөсөө шалгалтад оруулах, бусдын өмнөөс шалгалтад орох зэрэг хуурах үйлдэл гаргаж болохгүй.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
санаж байна
Эрдэнэтийн 850 сая төгрөг, сингапурын банкинд илэрсэн хадгаламж, ... танд ил болгох, тайлбар хийх зүйл байна даа
2017/04/08 43.242.243.39