8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Майцэцэг: Өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байна

2017-04-07 08:44:00

Дэлхийн эрүүл мэндийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг зорилготой аж. Тэгвэл таны бодлоор эрүүл мэнд гэж юу вэ, хэрхэн эрүүл байх вэ, эдгээрт шаардлагатай зүйлийн талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн НЭМБХЗХ-ийн мэргэжилтэн Б.Майцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Өвчнийг эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх нь чухал-

-Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Яагаад энэ өдрийг тэмдэглэдэг болсон юм бэ?

-Манай улс 1962 онд ДЭМБ-д гишүүнээр нэгдэн орсон. Жил бүр дэлхийн нийт хүн амын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж улс орнуудын засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэж ирсэн. Эрүүл мэнд гэдгийг хүн өвчин, эмгэггүй байхаас гадна бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байх"-ыг хэлнэ гэж ДЭМБ-аас тодорхойлсон байдаг. Бид өвчилсөн хойно нь оношлох, эмчлэх гэж өртөг зардал өндөртэй эмнэлгийн тусламжид  илүүтэй анхаарч  ирсэн. Авсаар ч ирсэн. Өвчин гэдгийг хэлж ирдэггүй хийсэж ирдэг хэмээн ойлгодог бас ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр зохистой хооллож, дасгал хөдөлгөөн хийж сэтгэл тайван, эрүүл орчинд аз жаргалтай амьдрах нь өвчнөөс урьдчилан сэргийлдэг, хүн амын насжилтыг уртасгадаг гэдгийг өндөр хөгжсөн орнуудын жишээгээр харж байна. Нөгөө талаас бид мэдээлэл, техник технологийн хөгжлийн эрин зуунд амьдарч байна. Хөгжил нь эргээд мөхөлд хүргэж болзошгүйг гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед бид мэдэрдэг. Үйлдвэрлэл хэт хөгжсний улмаас барилга, орон сууц, гэр ахуй, эм, гоо сайхан, хүнс, бараа гээд бидний өдөр тутмын хэрэгцээнд хэрэглэж байгаа олон төрлийн химийн бүтээгдэхүүний  эрүүл мэндэд үзүүлэх хоруу чанарыг бүр мөсөн судалж тогтоож чадаагүй байна.

Өвчнийг эмчлэх гэхээс илүү эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх боловсон хүчин бэлтгэх  хэрэгтэй. Мөн нэн шаардлагатай байна.  

-Эрүүл мэнд гэж чухам юу бэ. Хүн эрүүл аж төрөхийн үндэс юу вэ?

-Эрүүл хүн сайн сурч, үр бүтээлтэй ажилладаг. Эрүүл эх эцэг эхээс эрүүл хүүхэд төрдөг. Хүүхэд бүрийг гэрт нь, цэцэрлэгт нь эрүүл орчин бүрдүүлж эрүүл мэндээ сахин хамгаалах, эрүүл байхын утга учрыг  багаас нь ойлгуулж хэвшүүлэхэд сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллагсад илүүтэй анхаардаг. Гэтэл сургуульд ороод энэ дадал зуршлыг аажимдаа мартахад хүрч байна. Хүн эрүүл байх нь өөрөөс нь, бас өөр хэнээс, юунаас хамаарч болохыг тунгаан эргэцүүлж, нас насандаа тохирсон мэдлэг, чадварыг ахиулан олж амьдралдаа хэрэгжүүлэх нас бол өсвөр нас. Харамсалтай нь эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр дунд сургуулийн сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хасагдаж эцэг эхчүүд зөвхөн сурахад нь анхаарлаа хандуулж, хүүхдүүд бие биенээсээ, цахим ертөнцөөс өөрт хэрэгцээтэй  мэдээллийг өөрсдийнхөөрөө шүүн тунгаан авч байна. Цаашид эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр төдийгүй эрүүл мэндийн сургалтын стандартыг Ерөнхий боловсролын болон Их дээд сургуулиудад тогтвортой хэрэгжүүлэх нь чухал байна. Эндээс л эрүүл иргэн төлөвшиж, өвчлөх эрсдэлтэй нас, дундаж насжилт уртасах суурь тавигдана. Тиймээс өвчнийг эмчлэх гэхээс илүү эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх боловсон хүчин бэлтгэх  хэрэгтэй. Мөн нэн шаардлагатай байна.  

 -Өвчнийг эмчлэх гэхээс илүү эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх боловсон хүчин бэлтгэх  хэрэгтэй гэж та ярьлаа. Таны бодлоор эдгээр боловсон хүчнийг хэрхэн бий болгох вэ? 

-Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сэтгэл зүйчийн нөөц дутагдалтай байна-

-Хүн амын эрүүл мэнд нь хувь хүний эрүүл мэндийн нэгэн адил тэдний удамшлын болон тухай хүний эрсдэлийн хүчин зүйл, эмнэлгийн тусламжаас дутуугүй нийгмийн хүчин зүйлсээс хамаардаг. Нийгмийн тэгш бус байдал, нам, улс төрийн оролцоо, төлөвлөлтгүй бодлого, нийгмийн нөхцөл байдал нь нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс эмчээс илүүтэй нийгмийг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байна. Жил бүр эмч, эмнэлгийн мэргэжилтнээс гадна, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжлээр сурч төгсдөг ч  хүний нөөц дутагдалтай байна. Анагаах ухааны боловсрол олгодог их дээд сургуулиудад тавих шалгуурыг өндөрсгөх, эмчилгээнээс илүүтэй урьдчилан сэргийлэх чиглэлээр элсэлтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үздэг.

-Урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэсний ач холбогдол юунд орших вэ? 

Нийгмийн тэгш бус байдал, нам, улс төрийн оролцоо, төлөвлөлтгүй бодлого, нийгмийн нөхцөл байдал нь нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс эмчээс илүүтэй нийгмийг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байна

-Эмнэлэг, цэцэрлэг, сургууль, үйлдвэр, зэрэг олон нийтийн үйлчилгээний байгууллага бүр сэтгэл зүйч, хоол зүйч, чийрэгжүүлэлтийн арга зүйч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэнг тогтмол ажиллуулж хүн бүрийн эрүүл мэндийн чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой. Мөн төвлөрсөн суурин газруудад орчны эрүүл мэнд судлаач, хор судлаач зэрэг мэргэжилтэнг бэлтгэх орон тоогоор ажиллуулах нь агаар, хөрс, усны эрүүл ахуйг сахин хамгаалах, стандартад хяналт хийх, импортын бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй. Иймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь хор судлал, орчны эрүүл мэнд судлал, эмчилгээний хоол судлалаар зургаан сарын төрөлжсөн мэргэжлийн мэргэшүүлэх сургалт зохион байгуулж бүх аймаг дүүргээс хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. 

-Эрүүл мэндийн яамнаас энэ жилийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Эрүүл мэндийн яамнаас энэ жилийг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Сингапур улсад 140 мэргэжилтэнг сургахаар төлөвлөн  сургалтад хамрагдаж байна. Мөн манай төвөөс нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт, цэцэрлэг сургууль, сувилалын тогооч, няравын сургалт, эрүүл зан үйл төлөвшүүлэх харилцаа, зохистой хоололт, орчны эрүүл мэнд, орчны хор судлал, анагаах ухааны ёс зүй, залуучуудад эерэг зан үйл төлөвшүүлэх сургагч багш бэлтгэх сургалтуудыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулдаг. Байгууллага хамт олонд зориулан эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, эерэг зан үйлийг төлөвшүүлэх, ажлын байрны стрессийг тодорхойлох, бууруулах, хорт зуршлаас сэргийлэх, идэвхитэй хөдөлгөөн-эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, осол гэмтэл, гамшгийн эрсдэлийг бууруулах сургалтуудыг зохион байгуулж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment