“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай ирэх сонгуульд нам байгуулан Эрдэнэтээс нэр дэвшихээр эртнээс ажилдаа орсон билээ. Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа аль хэдийнэ тус хотод эхлүүлээд байгаа. Өнгөрсөн сард Л.Гүндалай хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрдэнэтийн 11 хороололд газар өгнө хэмээн зар тарааж хэсэг "шоу" зохион байгуулсан. Тухайн үед газар авахаар 130 гаруй гэр, 120 гаруй майхан барьсан иргэд цуглажээ. Иргэд газар олгоно гэсэн зарын дагуу 130 гэрийг дөрвөн өдрийн турш барьсан аж.
Энэхүү газрын маргааны талаар Эрдэнэтээс ирсэн иргэдийн төлөөлөл болон “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай нар мэдээлэл хийлээ. Л.Гүндайлай хэлэхдээ “Тухайн үед болсон үнэн үйл явдалыг яръя гэж бодсон юм. Тухайн үед Эрдэнэтийн телевизээр бодит үнэнийг гаргаагүй. Тус аймаг ард түмнийхээ эсрэг хүчирийлсэн үйлдэл гаргасан. 400 орчим цагдаа, хүчний байгууллагынхан барьсан гэр, майханыг буулгаж хаясан. Эрдэнэт хот бол хэзээч ард иргэддээ шударгаар газар олгож байгаагүй. Иргэд хашааныхаа газрыг авах гээд 15 жил хүлээж байна. Харин гайгүй байршил сайтай газраа дарга нар өөрсдөө хуваагаад авчдаг. Тиймээс иргэд газар олгооч гэж тэмцсэн" гэлээ.
Мөн Эрдэнэтийн иргэн Г.Нанзаддорж “Би Эрдэнэт хот 30 жил амьдарч байна. Одоо хүртэл хашааны газаргүй байна. Ядуу бид нар л газаргүй үлдсэн. Иргэдийн газар авах гээд тэмцээд байгаа газар нь Эрдэнэтийн 11 хороололд баячууд хаус барьдаг газар юм. Тэр хаусуудаа буулгаж чадахгүй байж ядуу мань мэтийн барьсан гэр, майханг хууль хүчнийхэн албан хүчээр буулгасанд гомдолтой байна" гэлээ.
Иргэн Б.Энхзаяа “Би газар авах гэж зөндөө өргөдөл гаргасан. Одоо газаргүй иргэд айлын хашаа түрээслэж, нэг хашаанд 3-4 айл амьдарч байна. 11 дхорооллын газарт усан цэцэрлэгт хүрээлэн барина гэж байгаа хэрнээ үнэтэй хаус баригдаад байгаа. Үнэхээр бүтээн байгуулалтын ажил хийх гэж байгаа бол хаусаа барихаа болох хэрэгтэй шүү дээ” хэмээн хэлсэн юм.