8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Сү.Батболдын оффшор данс илэрч, Хаврын анхны бороо зүсэрсэн өдөр

2017-04-05 18:50:00

Амьтай бүхэн сэргэж, үндэстэй бүхэн ургаж, үртэй бүхэн уярдаг хаврын улирал хамгийн сайхан. Хаврын анхны бороо газар ижийд мэхийсэн энэ өдрийн мэндийг эрхэм уншигч танд хүргэе. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тоймоо хүлээн авна уу.

Архангай аймагт анхны бороо оржээ

Архангай аймгийн Жаргалант, Өндөр-Улаан суманд өчигдөр  хаврын анхны бороо бага хэмжээтэй оржээ. Харин бусад нутаг болох Тариат, Эрдэнэмандал, Хайрхан, Цэцэрлэг зэрэг сумдад цас бороо холилдож орсныг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас мэдээлж байна.

Урд шөнө буюу 4-р сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө аймгийн нийт нутгаар 0-10 см цас орж, цасан бүрхүүл тогтсон байна. Хамгийн их орсон газар нь аймгийн төвийн сум Эрдэнэбулган суманд 10 см цас оржээ.Харин Хангай, Цахир сумдад ямар ч хур тунадас ороогүй байна.

Онцгой байдлын офицер эхнэрээ хэрцгийгээр хөнөөжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн онцгой байдлын албаны офицер У эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогджээ. Тодруулбал энэ ноцтой хэрэг гуравдугаар сарын 18-нд буюу Монгол цэргийн өдөр гарчээ.

Зүүнхараад үйл ажиллагаа явуулдаг цэрэгжсэн байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээн болж, онцгой байдлын офицер шүүгчээр нь ажилласан аж. Тэмцээний дараа архи ууцгааж, шөнө нь гэртээ очоод эхнэрээ зэрлэгээр хөнөөжээ. Эмч нар гэрт нь ороод талийгаачийн цогцсыг харж ч чадахгүй байсан тухай мэдээлэл байна.

Онцгой байдлын офицер У сархад багагүй хүртчихдэг, уухаараа гэр бүлийнхэндээ агсам тавьдаг байсан тухай орон нутгийн иргэд ярьж байна. Түүний ах нь Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албанд ажиллаж байсан нэгэн, садан төрлийнх нь хүн цагдаад нь ажилладаг гэдгийг ч нутгийн иргэд ярив.

Талийгаач эхнэр нь Зүүнхараагийн Хэрх багийн сургуулийн нийгмийн ажилтан байсан гэнэ.

“Panama Papers” Сү. Батболдын оффшор дансыг ил болголоо

Оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан өнгөрсөн жил ил болгосон. Эдгээр хүмүүс дотор олны танил мөн улс төрчдийн ах дүү нэлээдгүй байсан. Түүнийг нэг нь Сү.Батболдын ах буюу Сүхбаатарын Бат-Очир гэх бизнесмэн хүн багтсан байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Харин тухайн үед нэр бүхий 49 хүний нэр дотор УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр байгаагүй. Тэгвэл саяхан оффшор данс эзэмшигчдийн нэрийн жагсаалтад нэг жилийн хугацаанд хоёр ерөнхий сайд шинээр нэмэгдсэн нь ил боллоо. Үүний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд аж. Тус материалд "Сүхбаатарын Батболд 2009-2012 оноос Монгол Улсын Ерөнхий сайд байсан. Одоо УИХ-ын гишүүн юм. Улс төрд орохын өмнө харилцаа холбоо, худалдаа, зочид буудал гэсэн өргөн хүрээг хамарсан компаний гүйцэтгэх захирал байсан. 2000 онд Батболд Гадаад хэргийн дэд сайдаар томилогдсон хэмээн мэдээлэл нь оржээ. 2005 оны 12 дугаар сард Батболд тухайн үед Худалдаа, аж үйлдвэрийн сайд болсныхоо дараа Британийн Виржинийн арлууд дахь компанийн хувьцаагаа Хонконгод төвтэй "Ever Legend Engineering Limited" компанид шилжүүлсэн" хэмээн мэдээлсэн байна.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард оффшор дансны асуудал дуулиан тарьж байхад шуурхай мэдээлэл хийж байсан. Тэр үед УИХ-ын гишүүн С.Батболд хэлэхдээ “Гарсан мэдээлэлтэй холбогдуулан өөрсдийн зүгээс тайлбар өгөхийг хүслээ. МУ-д мөрдөгдөж байгаа хуулийн дагуу улстөрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцох эрхгүй, харин хувьцаа эзэмших хэлбэр нь байдаг. Тийм учраас энэ нь хуулийн дагуу. Хөрөнгө оруулалт хийсэн компани маань МУ-д бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулагчтэй.  Энэ компанид орохдоо ил тод, хуулийн дагуу орсон учраас нууж хаах зүйлгүй учраас ямар нэгэн оффшор компаниар дамжаагүй. 11.9 хувийг нь С.Батболд гэж хүн худалдан авч орсон. 2003 онд. Үүнийг худалдаж авахдаа ямар нэгэн хэлбэрээр гаднаас мөнгө авсан уу гэсэн. Би 18771 ам.доллартэй тэнцэх хэмжээний хувьцааг өөрийн эзэмшдэг Капитрон банкны дансаар дамжуулан авсан. Дараа нь 2005 онд компанийн үйл ажиллагаа ойлгомжгүй, ирээдүй нь тодорхой бус болсон учраас зараад компаниас гарсан. Эндээс дүгнэвэл өөрийн хөрөнгөөр хувьцаа худалдаж авч, зарсан үйлдэл. Тиймээс оффшор бүсэд компани байгуулсан, данс нээсэн зүйл байхгүй. Та бүхэнд тайлбар өгөхөөс гадна энэ асуудлаар хуулийн байгууллагад хандана. Бид хууль зөрчсөн эсэхийг шалгуулна” хэмээн хэлж байсан билээ. 

Б.Туул: Хоол хүнсийг гүйцэд болгосноор аюултай бичил биетүүд устдаг

рин дулаан цаг ирэхээр хоолны хордлого гарах тохиолдол нэмэгддэг аж. Энэ нь хоолны хүнсээ  зөв хадгалаагүй,  хэрхэн зөв боловсруулж хэрэглэх, зөв сонгоогүйтэй холбоотой гэнэ. Тиймээс Нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Туулаас хоол хүнсээ хэрхэн зөв хадгалах боловсруулах, хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх талаар цөөн хором ярилцсан юм.  

Хоол хүнсээ хэрхэн зөв хадгалах вэ? 

-Хоол хүнсээ хэрхэн зөв хадгалах талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

Хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлэх хамгийн энгийн зөвлөмж буюу ДЭМБ-ийн гаргасан аюулгүй хоол хүнсний таван түлхүүр зарчим байдаг. Үүнийг өдөр тутмдаа эзэгтэй нар баримталж хэвших хэрэгтэй. Нэгдүгээрт цэвэр байлгах: Гарын болон хувийн ариун цэвэр сахих хэрэгтэй. Гал тогооны хэрэгсэл, аяга таваг, халбага сэрээ зэргийг сайтар цэвэрлэх шаардлагатай. Бохир гарт 200 сая орчим нян агуулагдаж байдаг. Хоол бэлтгэх болон хийхийн өмнө, бие зассаны дараа, гар бохирдох тохиолдол бүрт гарыг сайтар савандаж угаах ёстой. Үүнийг хүн бүр мэддэг хэрнээ тэр бүр хэвшүүлдэггүй. Гарын ариун цэврийг сайн сахих нь хоолны хордлогын тохиолдлыг 50 хувь бууруулдаг. Хоёрдугаарт болгосон болон түүхий хүнсийг тусад нь байлгахХүнсийг бэлтгэх болон хадгалах үед түүхий хүнс болон тэдгээрийн шүүс болсон буюу шууд хэрэглэх хүнсэнд хүрэхээс хамгаалан тусад нь хадгалах хэрэгтэй. Мөн түүхий мах, ногооны ганбанз модон дээр болсон хүнс хэрчиж бэлтгэхгүй байх нь чухал. Түүхий бүтээгдэхүүн ганбанз модыг хэрэглэсний дараа халуун усаар сайтар угааж хэрэглэнэ. Гуравдугаарт хоол хүнсийг гүйцэд чанаж болгох: Мах, махан бүтээгдэхүүнийг гүйцэд болгох хэрэгтэй. Хоол хүнсийг гүйцэд болгосноор аюултай бичил биетүүд устдагДөрөвдүгээрт хүнс хоолыг зохих хэмд хадгалах: Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, өндөг, майонезээр амталсан бүтээгдэхүүн зэргийг хөргөгч, хөлдөөгчид хадгалах хэрэгтэй. Хүйтэн орчинд ихэнх төрлийн өвчин үүсгэгч нянгийн өсөлт зогсдог. Тавдугаарт аюулгүй хүнс сонгож хэрэглэх:  Хүнсний бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангасан баталгаатай эх үүсвэрээс худалдаж авах хэрэгтэй. Энэ хамгийн чухал. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргүүртэй нөхцөлд хадгалж байнуу үгүй юу, хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг авахгүй байх, мэдрэхүйн үзүүлэлт хэвийн эсэх, бяцарсан, гэмтсэн бол худалдаж авахгүй байх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал зэрэгт анхаарах хэрэгтэй. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Аавын алаг үрийг алагчилж байхаар өгөхөө больчих

Хүнсний талон. Энэ үгсийг сонсохоор сүүлийн үед тун таагүй бодол төрөх юм. Зорилтот бүлгийн хүүхдүүд хүнсний талон болгож өгнө гэдэг өгүүлбэр бүүр ч таагүй айдастай сонсогдоод байна. Дайны үеийн дараах үе шиг, эсвэл Хойд Солонгосын нөхцөл байдал шиг тийм л муухай мэдрэмж, кинонд гардаг дүрслэл ой тоонд буугаад байна. Монголчууд бид хүнсний талонд ортлоо ядуурч, туйлдах юм гэж үү. Тэнгэрлэг монголчуудын заяа тэгтлээ дордоно гэж огт бодохгүй байна. Бас эргэлзэхгүй байна.

Эрх баригчид өөрсдийн тансаглал, хангамжид огт гар хүрэхгүй хэрнээ өнөө муу хойд талын хар овоохой гэдэгчлэн хүүхдийн, мөнгө, тэтгэврийн мөнгөөр оролдох юм даа.

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг олгоно гэж 200 тэрбум төгрөгийг хассан. Гэтэл дахиад хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд нь олгоно гэхчлэн хасахаар болсон.

Эрх баригчид өөрсдийн тансаглал, хангамжид огт гар хүрэхгүй хэрнээ өнөө муу хойд талын хар овоохой гэдэгчлэн хүүхдийн, мөнгө, тэтгэврийн мөнгөөр оролдох юм даа. Эрдэнэт үйлдвэрийн дарга сар бүр 25 сая төгрөг цалинтай. 300 сая төгрөгөөр автомашин аваад уначих жишээний. Энэ мэтчлэн дээгүүрээ арай дэндүү ямба эдэлж байна.

Эс бөгөөс хүүхдийн мөнгийг танах дээрээ тулсан бол бүгдэд өгөхөө больчихвол яасан юм бэ. Аавын алаг үрийг алагчилж байхаар зүгээр.

Монгол Улс бүх хүүхдийг эрхийг тэгш хангах олон улсын конвенцид нэгдсэн тул үүргээ биелүүлэх ёстой. Бүх хүүхдэд 20 мянган төгрөгийг олгох ёстой. Монгол улсын газрын баялаг, уул уурхай зэргээс олсон ашиг монголын бүх хүүхдэд сар бүр 20 төгрөг өгөөд байх дайны даацтай гэж бодож байна.

Эс бөгөөс хүүхдийн мөнгийг танах дээрээ тулсан бол бүгдэд өгөхөө больчихвол яасан юм бэ. Аавын алаг үрийг алагчилж байхаар зүгээр. Хоёрын хооронд зорилтод бүлгийн 40 хувьд нь талоноор олгоно энэ тэр гэж шалдар булдар зүйл хийж, улс өгсөн нэр зүүхийн хэрэг юунд байна. Нөгөө сонгуулийн үеэр амласан иргэдийнхээ нийгмийн халамжийг нэмэгдүүлнэ.Хүүхдийг мөнгийг үргэлжлүүлэн олгоно хэмээсэн мөр өгүүлбэртээ ороогдож шүлс шиг байдлаар хүртээж байгаа нь энэ гэлтэй.  

Зорилтот бүлгийн хүүхдүүдийг дахин тодруулахад улсаас 4.5 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Төрөөс халамж хүртэх ёстой жинхэнэ эзэд нь халамж хүртэж байгаа эсэхийг тодорхойлох чухал судалгаа хэмээн онцолдог. Энэ судалгаа жил бүр хийгддэг гэсэн. Ингэж тэрбум тэрбум төгрөг зарцуулан жил бүр судалгаа хийх шаардлага ч байдаг юм уу даа. Юуны төлөө дүүрэг бүрт хороо, аймаг бүрт сум, баг гэж байдаг билээ. Хорооны ажилтан бүр өрхийн тоо, ам бүл хэд, тухайн хорооны хэн нь ямар амьжиргааны түвшинд амьдарч байгаа мэдэх үүрэгтэй, тиймээс л цалин авч байгаа биз дээ. 

Ц.Элбэгдорж: Монголын нэр нүүрний буянаар мөнгө олдох бололтой

Яг одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы хуралдаанд үг хэлж байна. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг товчлон хүргэж байна. Төрийн тэргүүн хэлэхдээ "Төрийн зардлыг бууруулахгүйгээр төсвийн ачаа буурахгүй ээ. Тал хувиар нь хасахгүйгээр хэмнэлт гарахгүй. Ерөнхийлөгчийн төсөвт зардлыг 11 тэрбумаас 4 тэрбум болтлоо хассан. Ийм байдлыг төрийн бүх албанд хэрэгжүүлж болно. Төрийн нэг албан тушаалтан ганцаараа шийдвэр гаргадгийг болиулъя. Тэр дундаа байгууллага дээрээ хэм хэмжээ тогтоодгийг болиулъя.

 “Монголын нэр нүүр буянаар мөнгө олдох бололтой. Гэхдээ Монголд олдохгүй байгаа ховор юм хариуцлага. Хариуцлагагүй төрд мөнгө гай болно. Мөнгөгүй хийж болох ажил хариуцлага. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцоход бусдаас мөнгө авах хэрэггүй. Хариуцлагатай болъё гэвэл Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийг батлах ёстой.

Хуулийг баталж байж, ард түмний итгэл сэргэнэ. Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн. Хариуцлагыг мартахгүйн тулд хуульчлах хэрэгтэй. Олдвол өлддөг занг хариуцлагаар л хязгаарлаж болно" гэв. 

Цагдаагийн алба хаагч жорлонд унагаасан нярайн амийг аварчээ

Цагдаагийн алба хаагч дөнгөж төрсөн нярайн амийг аварчээ. Гуравдугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 25 минутанд Цагдаагийн газрын 7059102 дугаарын утсанд иргэн М-ээс "Жорлонд хүн төрөөд хүүхдээ жорлонд унагасан байна" гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу мөрдөн байцааагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж нь тухайн газарт шуурхай очиж түргэн тусламж болон онцгой байдлын аврах бүрэлдэхүүн ирэхийг хүлээж хугацаа алдвал нярай хүүхдийн амь нас хохирч болзошгүй нөхцөл байдлыг үнэлэн жорлонгийн гишгүүр модыг трубаагаар хөшиж авч, нүх рүү орж жорлонд унасан нярай хүүхдийг гаргаж, амь насыг нь аварч, яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгсөн гавъяатай үйлс бүтээжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
С. Батболдын оффшор гэх зуйлийг энэ бичснээс олсонгуй. Нэг компаний худалдаж аваад зарсан юм байна. Тодорхой ойлгомжтой бичиж бай л даа. Гарчигаар нь ойлгож болохгуй шуу
2017/04/06 103.212.119.151
Баяр
Манай ерөнхийлөгч үнэнхүү үнэн үг хэлэв,Хамар дороо байгаа хариуцлагагүй нөхөдөө хариуцлагатай болгох цаг хугацаа зөндөө л байлаа,/8жилийн турш / Харамсалтай нь Офф-ын талаар ???Энэ таны хариуцлага
2017/04/06 202.179.23.86