8o
Улаанбаатар хот
mobile menu

Гамшгийн эрсдлийг бууруулах тухай хурал өнөөдөр болно

2017-04-05 12:11:25

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-д Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам улс болон олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон Олон Улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 70 гаруй, Монголоос 50 гаруй, нийт 120 гаруй төлөөлөгч оролцоно.

Азийн түншлэлийн хурал нь 2016 онд БНЭУ-ын Шинэ Дели хотноо болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал”-аас хойш зохион байгуулагдаж буй анхны бүс нутгийн хэмжээний хурал болж байгаагаараа онцлог юм.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын нээлтийн ажиллагаа өнөөдөр 14:00 цагаас Туушин зочид буудалд болно.

Азийн түншлэлийн хурлын зорилго нь Азийн бүс нутгийн төлөвлөгөө, оролцогч талуудын үүрэг амлалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформын үеэр батлагдах улс орнуудын Засгийн газар, бусад оролцогч талуудын төлөвлөгөөг эцсийн байдлаар хүлээн авч хянах, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг 2018 онд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцох, улс орнуудын гамшгийн эрсдэлийн менежментийн үнэлгээний явцыг хянах, бүс нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлт, шинэчлэлт, туршлагын талаар мэдээлэл солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл