Монгол Улсын 19 төсвийн төвлөрүүлэн захирагч, 13 Засгийн газрын тусгай сан, 6 төрийн өмчит их, дээд сургуулиудын санхүүгийн тайланд аудит хийгдэж дууссан байна. Тус шалгалтаар нэлээдгүй олон зөрчил илэрчээ.Хамгийн их нотой бөгөөд ноцтой зөрчил нь Сангийн яамны зөрчил байна.
Нийтдээ Сангийн яамны аппаратын 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 610,215.3 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрчээ. Тус яам нь "Засгийн газрын цом-2016" тэмцээний бооцооны үнэ 2.0 сая, 2016 оны төсвийн төсөл батлахад хоолны зардал 1.5 сая, Амарбаясгалант хийдийн бумбаны тахилга болон бусад зардалд 4.2 сая, нийт 7.7 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан нь ил болжээ. Түүгээр ч зогсохгүй Сангийн сайд Чойжилсүрэн болон дэд сайд нар сая төгрөгийн шатахууныг хувийн автомашиндаа хийсэн зэрэг зөрчил илэрчээ. Бүр тодруулж хэлбэл улсын мөнгөөр хувийн автомашиндаа бензин хийсэн ноцтой зөрчил илэрчээ. Эдийн засаг хүндрэлтэй, ард түмэний амьдрал хүнд үед төрийн мөнгийг энэ мэт үр дүнгүй зүйлд зарцуулжээ. Нэг ёсондоо хамгийн хариуцлагатай албан тушаал хашдаг Сангийн сайд Б.Чойжилсүрэн төрөөс хулгай хийжээ. Уг нь түүний нэр дээр "Хурд Хүнс" ХХК, "Хурд Авто" ХХК, "Хурд групп" ХХК, "Рапид харш" ХХК, "Хаус инвест" ХХК, "Сауд гоби блейк" гоулд ХХК, "Апартмент Кей Эйч" ХХК, "Говь гоё сайхан" ХХК, "Өмнийн гоё" говь ХХК, "Хурд Транс" ХХК, ДЦ-Улаанбаатар ООО ХХК, Хурдпропертийз ХХК, Эйжнложистик бридж ХХК, Юнайтедтранс групп ХХК, Хурдресурс ХХК, Хурдцентр ХХК, Юнайтедложистик групп ХХК, Хурдстандарт ХХК, Хурдмайнинг ХХК, Хурдкапитал ХХК, Хурд-Энержи ХХК, Нэшнлмайнинг групп ХХК,Монконс ХХК, Беллвью пропертис ХХК, Түмэн найрамдал ХХК-ууд бүртгэлтэй байдаг. Гишүүд дундаа нэлээд хөрөнгөтэйд тооцогддог гишүүдийн нэг. Нэг үе 89 компанитай байж үзсэн хэмээн ярилцлага өгч байсан удаатай.
Түүний “Хурд Групп” ХХК-ийн хувьд 2001 оноос хойш орон сууц, худалдаа, үйлчилгээ, оффисын барилга угсралт болон хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тэдний компани Улаанбаатарын хамгийн үнэтэй А зэрэглэлийн бүсэд үнэтэй орон сууц барьж ашиглалтанд оруулсан гэдгийг ард түмэн мэднэ. Гэтэл Сангийн сайд маань төрийн мөнгөөр хувийнхаа машинд бинзен хийж, хэмнэсэн бололтой. Аль эсвэл түүний хувьд мөнгөгүй болтлоо ядуурсан уу. Сангийн сайдын 2016 оны ХОМ-оос харахад түүний нэр дээр 25 компани бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн мэдүүлсэн байдаг. Үүнээс гадна 2016 оны ХОМ-дээ хувьдаа машингүй гэж мэдүүлсэн 14 гишүүн байсны нэг нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн. Хувьдаа 25 компанитай ч хувийн автомашингүй гэж бүртгүүлсэн Сангийн сайдад итгэх үү. Хийсэн ажил хэлдэг үг нь яаж зөрдөгийг доор дурьдах ганцхан жишээнээс л харж болохоор байна. 2016 оны ХОМ-д хувьдаа автомашингүй гэж бүртгүүлсэн ч Аудитын шалгалтаар хувийнхаа автомашинд улсын мөнгөөр бинзен хийсэн нь ил боллоо.
Хувийн машиндаа шатахуунаа хийж чадахгүй байгаа Сангийн сайдад Улсын сан хөмрөгөө хариуцуулах нь зөв үү.
2014 онд мэдүүлсэн түүний ХОМ-ээс харахад хамгийн их орлоготой гишүүнээр тодорч байсан. Тодруулбал, Б.Чойжилсүрэн зургаан тэрбум 27 сая 651 мянган төгрөгөөр аман хүзүүдэж байсан билээ. Өнөө цагийн Монголын тэргүүн баячуудын нэг, Төрийн сайдын албан тушаалыг хашиж буй энэ эрхэм сая төгрөгөөр бензин хийх бэл бэнчингүй явна уу. Эсвэл Төрийн сайд болохоор ямар ч хуулийн зөрчсөн болно гэж боддог юм уу. Төрийн мөнгийг хувьдаа завшихад хууль байдаг юм шүү Сангийн сайд аа.