УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэл хийх үеэр С.Зоригийн хэргийн талаар өөрт байгаа мэдээллээ хуваалцлаа.
Ц.Нямдорж хэлэхдээ "С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр 3 хүн 24-25 жилийн ялаар шийтгүүлсэн. Байдал их ээдрээтэй, эвгүй байгаа учраас хэдийгээр миний хариуцах ажил биш ч гэсэн шүүх, хүний эрх, эрх чөлөө зэрэг олон зүйл хөндөгдөж байгаа учраас мэдээлэл хийж байна. Шоронд ороод таван жил болчихсон хүн яахаараа Содномдаржаа, Чимгээ хоёр луу мессэж бичиж байдаг юм. Ц.Амгаланбаатар шоронд хоригдох хугацаандаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар руу утсаар ярьж айлган сүрдүүлсэн 102 мессэж бичсэн байна. Хэргийн газрын цорын ганц гэрчийг жил гаруй хугацаанд хорьчихоод гэрч биш, хохирогч биш хэн ч биш болгосон. Өнөөдөр намайг Б.Булгантай холбоотой, хил давуулах гэж байна гэж зарим хэвлэлээр мэдээлэл гарсан байна. Би Б.Булганыг ерөөсөө танихгүй. Жилийн өмнөөс энэ хэргээс болж хохирч буй хүмүүсийн гомдол надад ирж эхэлсэн. Би шалгаж байгаа хүмүүст нь хандаж, асуудалд нухацтай хандахыг сануулж нууцын байдлаар захидал явуулсан. Яагаад энэ хэрэг замхарсныг би хэлье. С.Зоригийг алагдсан орой тэр гэрт нь тэр үеийн Ерөнхий сайд тэргүүтэй 70 гаруй хүн ороод гарсан. Эндээс хэрэг замхрах бүх завхрал эхэлсэндээ. Өмгөөлөлч нарт нь өмгөөлөх бололцоо ч олгохгүй, хаалттай байдлаар шүүх хурлыг явууллаа. Хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэрийнхэн үндсэндээ сүйрээд дуусч байна” хэмээн хэллээ.