ХААН банкны карт болон юнителийн сим карт ашиглан нийтийн тээврээр зорчих боломжтой
2017-03-30 15:22:15
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар болсон. Энэ талаар нийслэлийн Тээврийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. “Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 86 чиглэлд 929 их, дунд багтаамжийн автобус, троллейбус өдөрт дунджаар 600 мянга гаруй зорчигч тээвэрлэж байна. Улаанбаатар хотын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сүлжээ төлөвлөлтийг оновчтой болгох, ачааллыг бууруулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн системийг боловсронгуй болгож цахим хэлбэрт ийнхүү бүрэн шилжүүлж байгаа юм” хэмээн нийслэлийн Тээврийн газрын орлогч Г.Доржпалам онцолж байв. “Авто тээврийн тухай” хуулийн дагуу зорчигчид нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо төлбөрөө төлж, зорчих үүрэгтэй. Цаашид нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн компаниудын шалгагчидтай хамтарсан хяналт, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулах ба хөлс төлөөгүй зорчигчийг 5000 хүртэл төгрөгөөр торгож, хариуцлага тооцох аж.