АН-ын дотоод сонгуульд мөнгө босгохоор чардайсан нэг хэсэг байхад төрөөс төрсөн тэрбумтан, оффшор данстанг гэгдэж цоллогддог зүсэн зүйлийн хүмүүс ч олон байна. АН-ын намын С.Эрдэнийгээ маш их хардаж байгаа. Шонхор франц тоглолт хийх нь. Намын эрх мэдлийг мөнгөтэй олигархуудын гарт тушаах нь гээд ярьж хэлэх, эсэргүүцэх гишүүд багагүй бий.
Тэдний нэг нь Төрийн өмчийн хорооны гэхээр хүн бүр анддаггүй Ц.Нанзаддорж. Тэрбээр аймгийн АН-ын хороог ямар ч хамаагүй авахаар Говь-Алтай уруу жим үүсгэсэн.
Ц.Нанзаддорж 1996-2016 он хүртэл Төрийн өмчийн хороонд ажилласан, 1990-ээд онд Монголд явагдсан өмч хувьчлалыг гардан хийсэн гол хүн.
Өмч хувьчлалаас цөөн тооны хүн хожсоны нэг тод жишээ нь Ц.Нанзаддорж гэгддэг. Төрөөс төрсөн тэрбумтаны өмчийг жагсаавал:
1. Нийслэлчүүдийн “Выставка” нэрээр сайн таних үзэсгэлэн худалдааны танхим
2. Нүхтийн амралтын цогцолбор
3. Үнэт цаасны үйлдвэр
4. Баруун дөрвөн зам дахь Барилгын коллежийн дөрвөн давхар өргөтгөл
5. Ялалтын баруун талын хоёр давхар цэцэрлэг
6. Монгол эм импексийн 50 хувийг зарсан гэдэг ч агуулах дахь эмийг актлах нэрээр авч эргүүлэн өөрт нь шахаж мөнгөөр нь худалдаж авсан.
7. Шарын голын Их өвөлжөөтийн алтны уурхайг алтны нөөц нь дууссан хэмээн молиго өмхүүлэн өөрөө алтажсан овтой нэгэн. Энэ бүгд түүний хөрөнгө.
Үүнээс гадна Тээвэр хөгжлийн банкны 49 хувийг эзэмшдэг байсан. Төрийн байгууллагад ажилладаг, цалингаараа амьдардаг хүн бүхэл бүтэн банкны хувьцааг эзэмших боломж байхгүй. Харин түүнийг банкны хувьцааг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бэлгэнд авсан гэж ярилцдаг.
Түүнчлэн Хадгаламжийн банк, “Говь”, Улсын циркийн хувьчлалыг зохион байгуулалцаж, 1999 онд оросуудаас хүлээж авсан Дорнод аймаг дахь Улаанбаатар төмөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 131 км төмөр замын рейлс, бэхэлгээ сэлбэгийг ашиглаагүй удсан гэдэг шалтгаанаар акт тавьж хувьчилсан. Ингэхдээ улсын бүртгэлд бүртгүүлээд арав ч хоноогүй байсан “Бүрхээстхайрхан” компанид хаягдал материал болгож өгсөн хүн нь Ц.Нанзаддорж юм.
2015 онд АТГ-т хөрөнгө орлогоо албан ёсоор ийн мэдүүлсэн байдаг. Төрийн өмчийн хорооны дарга ажилтай, Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн Цагааны Нанзаддорж нь 10 га болон 1125 м/кв хоёр газартай. Газрын нийт үнэ нь 122 сая 500 мянган төгрөг. Нийт 45 сая төгрөгийн үнэ бүхий “Toyota LEXUSES330” болон “Toyota” загварын хоёр автомашинтай. Фловерс хотхонд 534 сая төгрөгийн үнэтэй 197.78 м/кв цутгамал бетон орон сууцтай. “Бобоми”, “Сарны титэм”, “Гурван гол холдинг“, “Гурван гол бааз”, “Эрдэс таван толгой ХК зэрэг долоон компанид 4 тэрбум, 358 сая, 018 мянган төгрөгийн үнэ бүхий хувьцаа эзэмшдэг.
Түүний 2011 онд төрсөн хүү “Э” нь Худалдаа хөгжлийн банкинд 2.3 сая ам.доллар болон 3 сая юанийн хадгаламжтай юм. Харин энэ үед Ц.Нанзаддоржийн Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалыг хашсаныхаа төлөө авч байсан цалингийн орлого нь жилийн 12 сая төгрөг гэж мэдүүлж байжээ. Жилдээ 12 сая төгрөгийн цалин авдаг ТӨХ-ны даргын дөрөвхөн настай хүү сая сая ам.доллар, сая сая юанийн хадгаламжтай гэсэн шүү.