8o
Улаанбаатар хот
mobile menu

“Жи Тайм” сүлжээний луйврын хэрэг ингэсхийгээд замхрах уу

2017-03-28 15:58:00

Өнгөрсөн хоёрдугаар сард “Жи тайм” сүлжээний луйврын хэрэг ил болж, тус сүлжээний захирлууд хилээр оргон гарах гэж байхдаа баригдаж нэлээд дуулиан шуугиан тарьсан билээ. Тодруулбал, Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг өнгөрсөн сарын 12-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилсан билээ.  Ж.Марат нь Монгол улсад пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулан оргон зайлах гэж байхдаа баригдсан. Түүнийг Монгол Улсын аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-т заасан олон шатлалт маркетинг буюу санхүүгийн пирамид тогтолцооны замаар бусдыг хууран мэхэлсэн үйл ажиллагаа явуулж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, Мөрдөх байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгаж эхэлсэн юм. 

Түүнийг баривчлагдсаны дараагаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Мөрдөн байцаах газарт хохирогчид хандаж, гомдолоо мэдүүлээд байсан. Хохирогчдын дунд хүүхдүүдээсээ нууцалж, 400 мянган төгрөгөөр элссэн тэтгэврийн буурал, хоёр сая 300 мянган төгрөгөө 19 сая төгрөг болгон буцаан авахаар гэрээ байгуулж, мөнгөө өгсөн төрийн албан хаагч,  багш, өрх толгойлосон эмэгтэй, бизнесмэнүүд хүртэл элсэн орж, халаасаа хоосолсон.

 Цагдаагийн байгууллагаас энэ сүлжээнд хэдэн хүн элсэж, хохирсон болон хэдэн төгрөгийн мөнгө угаасныг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байсан энэ хэрэг сураг тасарсан гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, Ядарсан монголчуудын халаасыг хоосолсон энэ хэрэг ингээд чимээгүй өнгөрөх нь. Учир нь алдарт “Жи Тайм” сүлжээний удирдлагууд нийлэн “Жи Тайм корпорацийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-г байгуулж тэмцэж эхэлсэн байна. Тэдний хэлж буйгаар бол цагдаагийн байгууллага тус “Жи Тайм” сүлжээний захирлуудыг шалгаж буруутайг тогтоогүй байгаа аж.

Тэд саяхан мэдэгдэл гаргасан бөгөөд тус мэдэгдэлдээ “буруутай нь нотлогдсон дүгнэлт гараагүй байгаа  “Жи Тайм” корпорацийн үйл ажиллагаа нь хөрш зэргэлдээ орнууд болон Монгол Улсын хуулиар зохицуулагдан үргэлжлүүлэхээр шийдвэрлэгдвэл улс орны эдийн засаг , ядуурлыг бууруулах, улсын төсвийг нэмэгдүүлэн ажиллах болно” хэмээн албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлээс харахад дахин үйл ажиллагаа явуулахад бэлэн гэдгээ зарласан байна.

 

Харин хохирогчдын зүгээс захирал Ж.Маратын дансанд 6 тэрбум төгрөг байгаа учраас "бидний мөнгийг буцаагаад өгчих байх" гэсэн итгэл сэтгэлээр хүлээж байгаа аж. Гэтэл сүлжээний үүсгэн байгуулагчид тус үйл ажиллагаагаа хууль ёсны, ядуурлыг бууруулах төсөл, дахин үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно, та бүхэн хүлээж бай хэмээн иргэдийн тархийг угаасан хэвээр байгаа аж. Энэ мэт сүлжээний нөхдийг шалгаж, бурууг нь  тогтоодог хуулийн байгууллага байна уу. Жирийн нэг Казахстан улсын иргэн ирээд ядуу ард түмний халаасыг хэрхэн халаасалж болдогийг бид харлаа. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт “Гадаад худалдаа”- ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тус компани Казахстаны Шунгит ордын чулуун бүтээгдэхүүн болон цаг борлуулдаг гэх боловч үнэн хэрэгтээ бараа худалдаалахгүйгээр багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлж, иргэдийг төөрөгдүүлж мөнгийг нь завшсан тус хэрэг энэ мэт чимээгүй өнгөрөх үү.Манай хуулийн байгууллага сүр дуулиантай шалгаж эхлээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа хэрэгсэхгүй болгодог жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл олон мянган иргэдийн халаасыг хоосолсон “Жи Тайм”  сүлжээний луйврын хэрэг ингэсхийгээд замхрах уу

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Буяа
мөнгөө алдсанууд нь даруй буцааж авахийг бодооч ээ, ингэж удаж байх хооронд чинь цаадуул чинь та нараас авсаныгаа авлигад өгчихөөд алга болно до, харж л байгаарай,эс мэдэх биш
2017/03/29 202.21.124.18
Иргэн
Хэзээ мөнгийг минь өгөх юм бэ? Балай сүлжээнд итгэж байдаг хэрэг алга
2017/03/29 202.9.41.184
Иргэн
Тэр мөнгө буцааж олгох уу. Хэрэг үүсгэсэн бол улсын орлого болдог гээд бга. Мөнгөө авья.
2017/03/28 66.181.177.121
Иргэд
Их хэмжээний мөнгийн хууль бусаар шудрага биш арга замаар олж авсан хүмүүсийг илэрүүлэн тогтоож өөрийнх элссэн мөнгийг тооцож олгоод үлдэгдлийг хохирсон хүмүүсд нь олгож болно шүү дээ
2017/03/28 103.229.120.103