8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Батбаяр:Төслөө дуусгаж чадаагүй аж ахуйн нэгжүүдийг шахах нь буруу

2017-02-24 12:00:00

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх Захирал Б.Батбаяртай ярилцлаа. 

-МУ-ын Хөгжлийн банкны хуулийг УИХ энэ сард шинэчлэн баталсан. Тус хуулиар Хөгжлийн банк бие даан, хараат бусаар ажиллах боломж хэрхэн бүрдсэн гэж үзэж байна?

- Монгол Улсын Хөгжлийн банкны хууль батлагдснаар үндсэн гурван том багц асуудлыг шийдэж чадлаа. Монгол Улсын Хөгжлийн банкны  үүрэг ямар байх, энэ үүрэг нь өөрөө улс төр болон улс төрчөөс хараат байж чадах эсэх, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хэн хяналт тавих, хариуцлагын тогтолцоо бий эсэх дээр төвлөрч, шинэчилсэн. Хуулийн өөрчлөлтүүд нь Засгийн газар, УИХ-аас тавиад байсан асуултуудад хариулт болж чадсан гэж бодож байна.

Үйл ажиллагааны хараат бус бие даасан байдал, санхүүжүүлэх төслийнх нь өөрийнх нь санхүү эдийн засгийн үр ашиг харилцан тэнцүү байх, үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигч Засгийн газар болон хөндлөнгийн санхүүгийн байгууллагууд, Монгол банк хяналт шалтгалтаа тогтмол явуулах, тайлангаа хоёр жил тутам Засгийн газарт тайлагнах гээд хяналт хариуцлагын тогтолцоо иж бүрнээрээ шинэчлэгдсэн.

-Өмнө нь Хөгжлийн банк  УИХ-аар батласан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх үүрэг хүлээж байсан. Тэгвэл шинэ хуулиар санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг ямар шалгуураар сонгох вэ?

-Өмнөх хуулинд Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг УИХ-ын хаврын чуулганаар батална гэдэг заалт байсан. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүд энэ заалттай нийцээгүй явж ирсэн. Одоо шинэ хуулиар Хөгжлийн банкнаас  санхүүжүүлэх хөтөлбөр төслийг УИХ болон Засгийн газраас тусгайлан баталж өгөхгүй. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк өөрөө төсвийн нэг бүрэлдэхүүн буюу хавсралт байдлаар явж ирснийг халсан. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, мөн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэх зэрэг урт хугацааны бодлогод нийцсэн, дунд хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөрбөрт тусгагдсан арга хэмжээнүүдээс эргэн төлөгдөх бололцоотой, нийгэм,эдийн засаг, санхүүгийн үр ашиг нь тэнцүү төслүүдийг Хөгжлийн банкны ТУЗ эргэн төлөгдөх бололцоотой гэж үзвэл барьцаа, баталгаа, даатгалаар хангуулсны үндсэн дээр сонгон хэрэгжүүлнэ. Мэдээж нийгмийн үр ашгийг ч тооцно. Тэдгээр хөтөлбөр төслүүд нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон УИХ-аас баталсан төслүүдтэй нийцэж байх ёстой. Мэдээж Засгийн газар урт хугацаанд үр ашгаа өгөх, нийгмийн ач холбогдолтой төслүүдийг улсын төсвөөр хийдгээрээ хийнэ. Харин богино хугацааны арилжааны чанартай төслүүдийг банкны салбар, хөрөнгийн зах зээл санхүүжүүлнэ. Харин арилжааны банкны олгож чадахаас урт хугацаатай тэдний шалгуур үзүүлэлтээс давсан томоохон хэмжээний хөгжлийн хөтөлбөр, төслүүдийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ. 

- Хөгжлийн банк жижиг, дунд төслүүдийг хэрхэн санхүүжүүлэхээр болсон бэ?

-Жижиг дунд төслүүд дээр хамтарч ажиллах бололцоо бий. Хуулийн нэг агуулга нь төслүүдийг дандаа хамтын санхүүжүүлтээр хэрэгжүүлнэ гэж заасан. Гадаадын болон дотоодын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчтай хамтарч санхүүжүүлнэ гэж заасан. Жижиг дунд үйлдвэрүүдийг тодорхой хэмжээгээр санхүүжүүлж болно. Гэхдээ энэ дээр тодорхой хөтөлбөр гаргаад хөтөлбөрт зориулсан эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцлөөр олж ирж чадах юм бол тухайн эх үүсвэрээ арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлэх хувилбар байж болно. Эсвэл үндсэн хөрөнгө, томоохон худалдан авалттай холбоотой урт хугацаанд төлөгдөх хөрөнгө оруулалтын зардлыг манайх гаргаад, богино хугацааны эргэлтийн зардлыг арилжааны банкууд санхүүжүүлэх бололцоотой. Ер нь санхүүжүүлэх төслүүдийн 60-аас доошгүй хувь нь экспортод чиглэсэн төслүүд байхаар хуулинд заасан. Экспортод чиглэсэн төслүүд нь өөрөө санхүүгийн хувьд үр ашигтай, барьцаа, баталгаа, даатгалаар хангагдсан бол хамтраад хэрэгжүүлэх боломж хуулиар нээлттэй.

- Шинэ хуулиар Монгол банк Хөгжлийн банкыг хоёр жил тутамд шалгах, хянах үүрэг хүлээлээ. Өмнө нь Төв банкинд ийм эрх байгаагүй байх аа?

-Энэ бол өөрөө хуулийн бас нэг том цоорхой байсан гэж бид харж байгаа. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд гадны, хөндлөнгийн хяналт шалгалтын тогтолцоо орхигдсон байсан. Тэгвэл нэгд банкны өөрийнх нь дотоод аудит, хяналт шалтгалтын тогтолцоо бий болсон. Хоёрт банкинд байнгын хяналт байхгүй байсан. Тэгвэл одоо Сангийн яам, Засгийн газраас санал болгосон шалгуур үзүүлэлтүүдийн дагуу Монгол банк шалгана. Дээр нь Засгийн газрын өнгөрсөн онд хийсэнтэй адил гүйцэтгэлийн аудитыг хоёр жил тутамд Засгийн газар өөрөө хийнэ. Тэгэхээр Хөгжлийн банк анх үүсэн байгуулагдсан 2011 оноос хойш 5 жилийн хугацаанд Засгийн газрын хийгээгүй байсан хяналт, аудит одоо хоёр жил тутамд хийгддэг болно гэсэн үг.

-Өмнө нь голдуу Засгийн газрын баталгаатай бондыг арилжаалж санхүүжилтээ босгож байсан. Одоо харин санхүүжилтын эх үүсвэрийг бие даасан яаж шийдэх вэ?

-Хоёр янзын эх үүсвэр байгаа. Засгийн газрын баталгаатай гаргасан эх үүсвэр. Засгийн газрын баталгаагүй явж байгаа эх үүсвэрүүд ч байна. Дунд хугацаандаа санхүүгийн эх үүсвэрүүд сайжраад ирэхээр бид гаднаас ямар нэгэн баталгаагүйгээр санхүүжилт татах чиглэл рүү явна. Харин хуучинтай адил та нар мөнгөө өгчих, бид дараа нь учрыг нь олно гэдэг байдлаар явбал энэ хөрөнгө үнэтэй олдоно. Хуучин босч байснаас 2-3 дахин үнэтэй болно. Нөгөө талд хямд эх үүсвэр олох боломж бидэнд бий. Эргэн төлөлттэй, нийгмээс гадна санхүү, эдийн засгийн үр ашигтай төслүүд нь байгаад, энэ төслүүдээ хамтарч санхүүжүүлж байгаагаа танилцуулаад гадны Хөгжлийн банк, экспорт импортын банктай яриа хэлэлцээр явуулахад эдгээр банк 85 хүртэл хувийг санхүүжүүлэх бололцоотой гэж мэдэгдэж байгаа юм. Тэгэхээр техник эдийн засгийн үндэслэлээр ашигтай гэдэг нь нотлогдсон, даатгагдсан маш сайн төслүүд байх юм бол түүнд таарсан хямд өртөгтэй, урт хугацаатай эх үүсвэрийг татах бололцоо бидэнд нээгдсэн. Харин ерөнхий зориулалтай төсөлд өндөр өртөгтэй мөнгө олдоно гэсэн үг. Энэ заагыг ялгаж хараасай.

-Танай банк шинээр санхүүжүүлэхээр 50 –иад төсөл хөтөбөр шалгаруулаад байгаа тухай мэдээлж байсан. Энэ ажлын явц ямар байна?

-Бид яамдуудын судласан, эргэн төлөгдөх бололцоотой, найдвартай төслүүдийг шүүсэн. Манай банкны хувьд хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч гэсэн дөрвөн салбарын 50- аад төслийг нарийвчилан шүүж авсан. Эргэн төлөгдөх барьцаа баталгаатай, эдийн засаг, санхүүгийн үр ашигтай төслүүдийг салгаж үнэлгээ хийж, дараагийн шатны хөрөнгө оруулагчтай ярихад бэлтгэж байна. Ер нь дээрх дөрвөн салбараас Монгол Улсын экспортын орлого хамаарч байгаа юм.

- Энэ банкыг тэргүүлж байгаа, мэргэжлийн хүний хувьд олонхи төсөл хөтөлбөрийн санхүүжилт үр дүнгүй болсон үндсэн шалтгааныг та юутай холбож үзэж байна. Таны өмнө, энэ банкыг тэргүүлж байсан гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат ажил хариуцаж байхдаа Хөгжлийн банк  Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, гангийн үйлдвэр зэрэг олон ашигтай төсөл хөтөлбөрийг санхүүжүүллээ. Үр өгөөжөө ч өгч байна гэж албан ёсоор мэдэгдэж байсныг санаж байна.

-Хөтөлбөр, төсөл арга хэмжээ 3 янз байсан. Төслийн орлогоос төлөх 16 том төсөл бий. Эдгээр төсөл хэрэгжүүлэгчид хүүгийн төлбөрийг л төлж байгаа. Дээр нь 1800 орчим төсөл арга хэмжээг арилжааны 11 банкаар дамжуулан санхүүжүүлсэн. Одоо мөн л зөвхөн хүү нь төлөгдөж байна. Үндсэн төлбөр лүү ороогүй гэсэн үг. Үлдсэн хэсэг нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 3-4 их наяд төгрөгийн төсөл арга хэмжээ байсан. Эдгээр төслийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг өнгөрсөн 4 жилийн хугацаанд 1-4 удаа сунгасан. Эргэн төлбөр бас л хийгдээгүй байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд нийт төсөл хөтөлбөрүүдийн санхүүжүүлсэн төсөл арга хэмжээнээс хөрөнгийн 7 хувийг л эргээж олж чадсан, 93 хувийг олж чадаагүй байна. Мэдээж томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн нь зөв. Би үүн дээр санал нэгтэй байна. Гэхдээ эдгээр төслийн зах зээлийн багтаамжийг зөв судалж, эргэн төлөлтийн баталгаа, барьцаа, даатгалаар хангуулах ёстой байсан. Таны хэлдэг цементийн үйлдвэрийн төсөл байна. Монгол Улс  бүтээн байгуулалтын оргил үедээ 1 саяас 1 сая 500 мянган тн цементийн хэрэгцээтэй байсан. Гэтэл Хөгжлийн банкнаас тус бүрдээ 1 сая тн цемент үйлдвэрлэх гурван төсөл хэрэгжүүлсэн. Энэ хэмжээгээр тухайн төслүүдийн эргэн төлөх хугацаа 2-3 дахин сунана. Мөн тухайн төсөл бүрийн зах зээлд эзлэх хувь хэмжээ эргэн төлөлтөд нөлөөлнө. Ийм байдлаар төслийн сонголт, төслийн эргэн төлөлттэй холбоотой асуудал бий. Гэхдээ төслүүдээс хугацаандаа зээлийн хүүгээ төлж байгаа, үндсэн төлбөртөө ороогүй төслүүд ч олон бий.

-Зээлийн төлбөр төлөх хугацаа нь болоогүй гэсэн үг үү?

-Аль аль нь бий. Нэгдүгээрт төслөө дуусгаж чадаагүй нь маш олон байна. Төмөр замын, дэд бүтэц, барилгын үйлдвэрүүдтэй холбоотой төслүүд үүнд орно. “Эрэл” компаний байгуулсан барилгын үйлдвэр дуусаагүй, ашиглалтад орох болоогүй байна. Ер нь цементийн үйлдвэрүүдийн хагас нь ашиглалтад ороогүй байна. Хоёрдугаарт хугацаандаа ашиглалт орсон ч гэсэн үйлдвэрлэл нь хүчин чадалдаа хүрэх эсэх нь эргэлзээтэй төслүүд олон байна. Зах зээл өөрөө унасан, дээр нь иргэдийн худалдан авах чадвар буурснаас болж барилгын салбар уналтад орсон. Үүнийг дагаад байшин угсрах үйлдвэр ч юм уу, цементийн үйлдвэрүүдийн зах зээлд бүтээгдэхүүн борлуулах бололцоо муудсан. Ийм байдлаар суурь макро хүчин зүйл, төслийн сонголт, хэрэгжилт, үр дүн гээд бүтэн циклтэй холбоотой асуудал үүссэн.

-1800 төслийг арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлсэн гэсэн. Арилжааны банкууд эрсдлийг тооцож, үүрэх туршлагатай. Гэтэл яагаад ийм алдаа гаргав?

-Манай улсын хувьд гол асуудал экспортын орлоготой холбоотой. Олон улсын зах зээлд борлогдох чадвартай үйлдвэрлэл явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн хувьд үйлдвэрлэлээ явуулаад байх бололцоотой, асуудалгүй гэсэн үг. Гэтэл жижиг дунд үйлдвэр болон түрүүний хэлдэг үйлдвэрүүд экспортоос орлого олж чадах эсэхээс шалтгаалаад арилжааны банкуудад төлбөрөө төлбөх, банкууд Хөгжлийн банкинд төлөх урсгалд асуудал үүсч байгаа юм. Мэдээж тухайн аж ахуйн нэгж зээлээ төлөхгүй тохиолдолд арилжааны банк төлөх үүрэг хүлээсэн. Гэхдээ тухайн арилжааны банк өөрөө макро эдийн засгийн болон бусад гол суурь үзүүлэлтээ хөдөлгөж чадахгүй. Энэ бол арилжааны банкнаас хамаарахгүй. Тийм учраас түрүүн ярьсан нийт санхүүжүүлэх төслийн 60 хувь нь экспортод чиглэсэн байна гэж зааж өгсөн.

- Энэ цаг үед зээлийг эргүүлэн төлүүлэхийн тулд ямар хөшүүргүүдийг хэрэглэж, ямар арга хэмжээ авч байна?

-Хоёр янзын ажил байна. Нэгдүгээрт санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүд тухайн төслөө бүрэн дуусгаж чадсан, эсэхийг шалгаж байна. Чадаагүй төслөөс зээлээ эргэн төл гэж шахах нь учир дутагдалтай. Төсөл нь өөрөө дууссан байх ёстой. Хоёрдугаарт дууссан төслийг цааш нь явуулахын тулд ямар дэмжлэг хэрэгтэй байна. бүтээгдэхүүн, үйлчилгээг нь төрийн бодлого болон бусад төсөл арга хэмжээтэй уялдуулж чадах эсэх, үүний үндсэн дээр гадны хөрөнгө оруулагчаас санхүүжилт татах зэргээр ажиллана. Гуравдугаарт хэрвээ аж ахуйн нэгжүүд эдгээр үүргээ биелүүлж чадахгүй бол бид өр барагдуулах тусгай аж ахуйн нэгж, тусгай механизмаар дамжуулан арга хэмжээ авна. Эдгээр шалтгаануудын алинаас нь хамаарч тухайн төсөл гацсаныг тодорхойлсны үндсэн дээр таарсан арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ. Одоогоор дуусаагүй төслүүдийг дуусгах чиглэлээр ажиллаж байна. 95 хувьтай төслийг 100 хувь болгочихвол үйл ажиллагаа явуулах бололцоотой болно. Дууссан арга хэмжээг худалдан авах, эсвэл дараагийн санхүүжилтийг авах бололцоотой болно. Хоёр дахь нь дууссан ч гэсэн цааш явахад эргэлзээтэй төслүүдийг төсөл санаачлагч яамд, байгууллагуудад санал болгох байдлаар Засгийн газрын болон бусад шатны шийдвэрүүдийг гаргуулж шилжүүлж байна. Гуравт эхний нэг, хоёр дахь аргаар явахааргүй төслүүдийг тусгай активын буюу актив удирдлагын компаниар дамжуулаад гадны хөрөнгө оруулагчдад танилцуулах, эсвэл хууль шүүхийн байгууллага руу шилжүүлэх зэргээр ажиллаж байна.

-Найдваргүй зээлдэгчийн төлбөрийг татвар төлөгч бид төлөх болж байна уу гэсэн бухимдал, шүүмжлэл гарч байна. Үүнд ямар хариу өгөх вэ?

-Үндсэндээ зээл авсан хүмүүсээр 100 хувь төлүүлж дуусгана. Ямар нэг алдагдал гаргавал банк өөрөө алдагдалд орохгүйгээр, татвар төлөгчдийн мөнгийг алдагдалд оруулахгүйгээр төслийг санаачлагч хэрэгжүүлэгчид өөрт нь хариуцлага хүлээлгээд явуулахыг хичээж байна . Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж юм аа хийсэн үү, үгүй юу гэдгийг араас нь хөөж шалгадаг хяналтын тогтолцоо өмнөх хуулинд байгаагүй. Харин Хөгжлийн банкны шинэчилсэн хуулиар хянан шалгагчтай болж байна. Хянан шалгагч төсөл хэрэгжүүлэгч дээр өөрөө очоод тухайн төслийн материалтай, гүйцэтгэлтэй нь газар дээр нь танилцаад итгэл үнэмшил төрүүлэхээр байгаа эсэхийг шалгана. Итгэл үнэмшил төрөхгүй бол асуудлыг улсын байцаагчид тавьж акт торгууль ноогдуулах, эсвэл хууль хяналтын байгууллагад шилжүүлэх эрх нь нээгдсэн. Хуулийн дагуу аж ахуйн нэгжүүдийг тойрч шалгаад явж байна. Засгийн газрын шийдвэр ч эхнээсээ гарч байна.

- Өнгөрсөн жилүүдэд гаргасан бондуудаас хамгийн бага хувийн хүүтэй нь 1,5 хувийн хүүтэй “Самурай” бонд байсан. Гэвч ханшийн зөрөөнөөс аж ахуйн нэгжүүд, Хөгжлийн банк ихээхэн алдагдал хүлээсэн гэдэг. Цаашид ханшийг зөрүүг зээлд хэрхэн тооцох бол?

-Иений хүү бол өртөг зардлын зөвхөн нэг хэсэг нь. Иен нэг хувийн хүүтэй гэхээр зээл нь нэг хувийн хүүгийн өртөгтэй гэсэн үг биш. Тухайн зээлийг авсан аж ахуйн нэгж өөрөө тоног төхөөрөмжөө Японоос худалдаж аваад, бүтээгдэхүүнээ Японд гаргаж иений орлого олдог аж ахуйн нэгж л биш бол доллароор, эсвэл төгрөгөөр үйл ажиллагаа эрхлээд явж байгаа. Гэтэл иенээр зээл авсан аж ахуйн нэгжүүд хүүнээс гадна ханшийн их хэмжээний эрсдэлд ордог. Хөгжлийн банкны учирсан алдагдлын дийлэнхи нь ханшийн эрсдлээс хамаарах механизмыг тухайн үед шийдэж өгөөгүйгээс үүсч гарсан байгаа юм. Иен 16 төгрөгийн ханштай байхад 1 хувиар зээл авсан. Зээл авсан аж ахуйн нэгж буцаагаад иенээ зах зээлээс 22 төгрөгөөр авч байгаа юм. Тэгэхээр хүүд нэг хувийг төлсөн мөртлөө ханшийн улмаас 40 хувийн эрсдэл хүлээсэн гэсэн үг. Нийт дүнгээр иений зээл 40- 45 хувийн өртөгтэй болж байна гэсэн үг. Иенийг доллартай, долларыг төгрөгтэй уяж ханшийн эрсдлийг хааж өгөхгүйгээр энэ нь өөрөө төсөл арга хэмжээг санхүүжүүлэх найдвартай эх үүсвэр болж чадаагүй. Үүн дээр маш том эрсдэл хүлээсэн. Цаашид бусад зардлыг тооцохоор санхүүжилтийн эх үүсвэрийн хүү 7-8 хувьд хүрэх болов уу гэж тооцож байна. Валютын эрсдлийг хаахын тулд ийм өртөг гарах байх. Харин долларыг Хөгжлийн банк 5,25 хувийн хүүтэй гаргаж байсан. Өнгөрсөн хугацаанд Засийн газрын бондын өгөөж өөрөө 6-15 хувийн хүүтэй хэлбэлзэж байсан. Өнөөдөр ийм бондын хүү хоёр оронтой тоонд гарахаар байна. Ерөнхий зориулалтын бонд ийм л өртөгтэй байхаар байна. Тусгайлсан тодорхой төсөл арга хэмжээнд зориулсан, баталгаатай, санхүүгийн хувьд үр ашигтай байгаад, хамтран зээлдэгчээр гадаадын хөрөнгө оруулалтын, хөгжлийн, экспорт, импортын банкууд түншилсэн тохиолдолд зээлийн хүүг нэг оронтой тоонд босгож санхүүжүүлэх бололцоо бидэн бий. Гол нь төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл нь баталгаатай, Олон улсын  санхүүгийн байгууллагын шаардлагыг биелүүлсэн байх ёстой. Ийм төсөл, хөтөлбөрийг хямд эх үүсвэрээр санхүүжүүлэхийн төлөө бид ажиллаж байна.

Танд баярлалаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment