Өнгөрсөн гуравдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Лондон дахь Монгол улсын Элчин сайдын яамны гадаа Г.Ичинхорлоо гэх бүсгүй тайван жагсаал хийж эхэлсэн. Тодруулбал, Г.Ичинхорлоо гэх бүсгүй Монгол улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайд С.Баярыг эсэргүүцэн 19 хоног тайван жагсаж байна. Тэрбээр авлигад идэгдсэн улс төрч томилогдсоныг эсэргүүцэн ийнхүү жагсаж байгаа юм. Г.Ичинхорлоо “Оффшор дансаа нээ, хулгайлсан хөрөнгөө буцааж өг, 6 сая хүний нүд чих таныг харж байна, шударга ёсыг хүсч байна, зөв засаглалыг хүсч байна, Олон улсын байгууллагууд үнэнийг мэдэх ёстой” гэх зэрэг уриа лоозонтой жагсаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1100 гаруй монголчууд тус жагсаалд нэгдээд байна. Үүнээс гадна өчигдрөөс эхлэн Швейцарийн Женев хотод ажиллаж, амьдарч буй Монголчууд оффшор дансанд их хэмжээний ам.долларын хадгаламжтай улс төрчдийн эсрэг тайван жагсаал зохион байгуулж эхэлсэн байна. Швейцарийн Женев хотод ажиллаж амьдарч буй монголчууд Хотын дарга асан Э.Бат-Үүл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ц.Сандуй, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар болон оффшор данс нь ил болсон бүх хүнийг эсэргүүцэж байгаа аж.