8o
Улаанбаатар хот
mobile menu

Зүрх сэтгэлд аавтай минь ижилсэх Талын уул

2017-03-18 10:51:00

...Дулаахан энгэртээ нөмөрлөж өсгөсөн
Дууны хишигтэй Талын уул
Аргалын галтай нутгийн минь
Араг үүрсэн ижий уул аа...
Ойрд нутгийн минь тухай дуу чихэнд хадаастай. Үргэлж л эгшиглэж, сонсоод баймаар бүүр биширч огшоод байх болж. Угтаалцайдам сумын унаган хүү, Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуйн зохиосон “Ижий шүтээн Талын уул” шүлэг сайхан аялгуутай дуу болж, нутгийн ах дүү Б.Ганбаатар, Б.Сүрхийсайхан нар ивээн тэтгэж дүрсжүүлсэн нь олны талархлыг хүлээгээд буй. Уянгалаг хоолойтой залуу дуучин, манай Талын уулын бэр Ж.Сүрэнлхам дуулсан нь цаанаасаа л учралын ерөөлтэй гэлтэй. Аав маань Талын уул тасагт ажиллах шаардлагатай болсноор намайг наймдугаар ангид орох жил манайх энд нүүдлэн суурьшсан ч төрж өссөн нутаг минь юм шиг тийм л дотно дулаахан. Хаа холоос ирээгүй ээ, сумын төвөөс тасагт ирж суурьшиж байгаа минь тэр.

Ээж маань Угтаалцайдам сумын Борхужирын унаган хүүхэд. Харин аав Увс аймгийн Сагил сумынх. Орь залуу насандаа Угтаалд ирж ажил амьдралын гараагаа эхэлж, таван сайхан хүүхэдтэй өнөр өтгөн айл болон амьдарсаар ид насандаа хорвоогоос буцсан даа аав минь. Анх Талын уул бригадад /бид урд тасаг гэж ярих дуртай/ ирэхэд тийм ч таатай байгаагүй ээ. Зөвхөн миний бодол. Учир нь гэрээсээ хол сумын төвд дотуур байранд амьдрах нь таалагдаагүй юм даг. Гэхдээ амархан дассан даа. Хагас бүтэн сайнд гэртэй харина. Ээжээрээ хэд хоног идэх боорцог бэлдүүлж аваад л бүтэн сайндаа Адъяа эсвэл Чинбат ахын “53” дээр суугаад дотуур байрандаа ирдэг сэн. Ихэвчлэн Адъяа ах бид нарыг сумын төв тасаг хоёрын хооронд зөөдөг байв. Өвөл бүхээг хийж уртаа төмрөөр халаагуур хийж дулаахан зөөнө. Инээдтэй нь бид олуул сууж явдаг байсан болоод тэрүү замын донсолгоонд цүнх сав, гутлаа түлэх нь энүүхэнд. Анх манайх тасгын аж ахуйн хашаанд барьсан гэрт нүүж орсон. Хачирхалтай нь гэрийн гадуур цагаан бүрээсийг хэн нэгэн авч одсон, аав минь гараа түлчихсэн гээд л нэлээд паянтай эхэлсэн болоод тэр үү тэрүүхэндээ манайх их л нүүдэллэсэн юм даг. Аж ахуйн хашаанаас Хамар давааны урд үзүүрт Буяа эгчийнхтэй айлсан өвөлжиж дахин нүүж Талын уултайгаа тун ойрхон газар хашаа, байшин шинээр барьж суурьшиж билээ. Зундаа Талын уулынхаа зүүн хормойд гэр барин зусна. Эсвэл Арван гэртийн урдхан талд, дараа жилийн зун нь Өвөр-Асгатад гэхчлэн зуны гурван сарыг үднэ. Тасгын айлууд ихэвчлэн иймэрхүү маягтай зусланд гардагсан. Тасгийнхаа ойрхон зусвал айлууд өдөр бүр ээлжлэн малаа хариулна. Тасгийн ойр орчмын ихэнх га талбайд улаанбуудай тариалдаг тул түүнийгээ хамгаалж байгаа нь тэр. Гэхдээ газар тариаланд “дайсан” мундахгүй. Тууврын малаас өгсүүлээд сумын малчдын үхэр, адуу талбайд орж сүйдэлж орхино. Огтоно хүртэл хөеөлөөд хураачихна аа. Нэгэн жил огтоно авхай нар тариалангийн талбайг нэлээдгүй сүйтгэж сум байтугай улс даяар яригдаж билээ. Зөвхөн нэг нүхнээс тал шуудай буудай гарч ирсэн гээд бодохоор их шуурхай нөхдүүд байгаа биз. Үүнтэй аав, ээжээс минь өгүүлсээд тасгийнхан бүгд тэмцдэг байж билээ. Зуны дэлгэр цагт малаа ээлжлэн хариулж, оройн сэрүүнд гар бөмбөг тоглоцгоож, үдэш нь болдог тасгийн бүжиг тун чиг догь. “Мартын-8”-наар сэтгэлд хоногштол нийтээрээ баярлана. Ер нь л баяр бүрийг тасгаараа тэмдэглэнэ шүү дээ. Цагаан сар бүүр өргөн болно оо. Бүх айлаараа орж шинэлцгээнэ. Ялангуяа бага насны хүүхдүүдэд их зугаатай байдаг байж дээ. Миний бага дүүд тэр жилийн цагаан сараар нэг л айл үлдчихээд Хамар хэд давж билээ. Аав маань тасгийнхаа их, бага гэлгүй найзалдаг сан. Тасгийн дарга Бат-Очир, Чинбат, Хавчуур, Даваацэрэн гуай гээд дурдвал зөндөө. “Сайн эцгийн нэрийг хэд хэд худалдаж иднэ” гэдэгчлэн би оюутан байхдаа аавынхаа нэрийг “барьж” байгаад л “Алтан тариа” гурилын үйлдвэрээс олон ч удаа будааны машинд суугаад үнэгүй харьдаг байж билээ. Аав оросын алдартай зохиолчийн нэртэй. Хүмүүс анддаггүй байв. Хот хөдөөгүй л олон найзтай. Ямартаа л намайг оюутан болоход УБИС-ийн монгол хэлний тэнхмийн декан, хэд хэдэн багш нартай найзалчихсан, гэр орноор нь айлчилдаг болчихсон байв. Нэг удаа деканы нарийн бичиг “Танай аав аль сумын монгол хэл, уран зохиолын багш вэ” хэмээн надаас асууж инээдэм болж байхав. Юун багш тэс ондоо агрономич мэргэжилтэй л дээ. Аав л намайг сэтгүүлч болгосон. Тухайн үеийн Ардын эрх /Өдрийн сонин/, тэгээд Зууны мэдээ, дараа Үнэн сонинд сурвалжлагчаар ажиллахад аав их бахархаж билээ. Үнэн сонинд ажиллана гэдэг нь миний сайхан аавын хувьд их нэр төрийг хэрэг байж дээ. Бөөн баяр болж билээ. Айлын том охин намайг ажил албатай болгочихоод “буцсан” болохоор сэтгэл тайван байсан байх гэж бодддог юм. Бор дарсанд дуртай ч маргааш нь тэрийгээ цайруулах санаатай буруу харж бүхэл өдөржингөө хэвтэнэ. Их гэмшинэ ээ. Аав минь их ажилсаг хүн байж билээ. Охидуудынхаа үсийг их сайхан самнана. Хоол маш сайхан хийнэ. Бид том болцгоож аав маань гэрийн ажлаас бүрэн чөлөөлөгдсөн дөө. Сэтгэл зүрхэнд ижилсэх аав, “Талын уул”-ынхаа тухай ярьж, бичих зүйл мөн ч их байна даа. Аав маань олон хүүтэй байхыг их хүсдэг байж дээ. Тэр хүсэл тань биелсэн. Та минь зургаан ач, зээ хүүтэй. Бас болоогүй ээ долоон хөөрхөн ач, зээ охидтой болсон. Таны өсгөж хүмүүжүүлсэн таван хүүхэд тань өнөр өтгөн айл болцгоож, сайхан аж төрцгөөж байна даа аав минь.

Сэтгүүлч П.Түмэндэмбэрэл 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Н. ЦЭЦГЭЭ
Баярлалаа, маш сайхан дурсамж байна. Идэр насандаа Бурханы тэнгэрт одсон ч, олон сайхан дурсамж үлдээсэн аавтай байсан нь туйлын аз жаргал даа.
2017/03/18 202.9.41.174
oboo
Mundag shvv tanii aav ih amjilt
2017/03/18 66.181.179.121