8o
Улаанбаатар хот
mobile menu

ТОЙМ: Б.Булган гэрчээр оролцохгүйг тайлбарласан, хотын хөрсний 88 хувь нян, мөөгөнцрийн бохирдолтойг, жүжигчин Бооёог эмзэглүүлсэн саарал өдөр

2017-03-17 18:44:00

Хавар цаг. Урин дулаан улирал наашилж бүх л зүйл эерэг сайхан болдог. Ханш нээгдэж хамаг зүйл дэлгэнэх цагаар хүмүүс их бага гэлтгүй бага зэрэг алжаалж, амин дэм, эрч хүчээр сэлбэхийг эгэл биений эрхтэн тогтолцоо маань шаарддаг. Та ядраад байна уу, нойр хулжаад, эсвэл илүү их нойрмоглож ажлаасаа хоцорсхийгээд байна уу. Тэгвэл амин дэм заавал уугаарай, агаар салхинд гарч явган аялал хийгээрэй. Гурав, дөрөвдүгээр сард хөнгөн хооллож, иогоор хичээллэвэл эд эрхтэн сэргэж эрүүлжинэ хэмээн мэргэжлийн хүн зөвлөсөн. Ядуу гэж сохор зоосгүй хүнийг бус харин хүсэл мөрөөдөлгүй нэгнийг хэлнэ онч үгээр таныг хурцалья. Ирэх амралтын өдрүүдийг гэр бүлээр алжаал ядаргаагаа тайлсан хөгжилтэй, зугаатай аяллыг зохион байгуулаарай хэмээн уриалаад Та бүхэндээ шинэ, шинэлэг бүхнээр дүүрэн “Монголын нэг өдөр” ТОЙМ булангаа хүргэж байна.

Б.Булган сэжигтэн яллагдагчаар байцаагдсан учраас гэрчээр оролцох боломжгүй

Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэлгүй 18 жилийн нүүр үзсэн. Гэртээ онц хэрцгийгээр алуулсан тус  хэргийн учиг, зангилаа нь тайлагдахгүй байсаар өнгөрсөн жил Эрдэнэтээс  гурван хүнийг баривчлан ял ногдуулаад байгаа билээ. Тус хэрэг гарснаас хойш 450 хүнийг сэжигтнээр татаж шалгаж, эцэс сүүлд нь Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэсэн гурван хүнээр туг дахиад дуусах бололтой. 


Энэхүү хэргийн мөрдөн шалгах тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагаа тасралтгүй 18 жил үргэлжилсэн. Үеийн үед тухайн байгууллагуудын ур чадвар бүхий албан хаагчид багтаж байсан энэ ажлын хэсгийн хайгуул зөвхөн монголд төдийгүй тив алгасан хийгдэж байв. Энэ ажлын хэсгийнхий шийдвэрээр европт тусгай ажиллагаа явуулж, өндөр хүчин чадалтай орны лабораториудад шинжилгээ хийлгэж байсан. АНУ-д хүн барилаа гэсэн мэдээлэл ч гарч байв. Үе, үеийн шилдэг тагнуулчид тухайн хэрэг дээр ажиллаж байсан мөртлөө Эрдэнэтэд байсан 16,18 настай байсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг илрүүлж баривчилж чадаагүй юм бол гэдэг асуулт олны анхаарлыг маш их татаж байна. Мөн үүнээс гадна хоёр шатны шүүх хурал болж байхад хэргийн цорын ганц гэрч шүүх хуралд оролцсонгүй. 


18 жилийн турш учир битүүлэг явж ирсэн тус хэрэгт цорын ганц гэрч байсан нь талийгаачийн эхнэр Б.Булган. Хэрэг гарах үед талийгаачтай хамт  байсан Б.Булган яагаад шүүх хуралд оролцсонгүй вэ. Олон нийтийн зүгээс Б.Булган яагаад шүүх хуралд оролцсонгүй вэ, заавал оролцуулах ёстой гэж үзэж байгаа. Амьд гэрчтэй хэрэг яагаад илрэхгүй байна вэ?.  Бид энэ талаар хуулийн байгууллагын хүнээс асууж тодрууллаа.  Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Э.Бат-Үүл болон Б.Булганыг шүүх хуралд оролцуулж болохгүй үндэслэл бас байгаа аж. 


Учир нь  Б.Булган өөрөө гэмт хэргийг нуун далдалсан сэжигтэн яллагдагч хэмээн шалгагдсан. Б.Булган анхнаасаа гэрчээр оролцох ямар ч боломжгүй юм байна. Гэрч гэдэг бол эрүүгийн байцаан шийтгэх хуулинд 41 дүгээр зүйлд зааснаар хэрэгт ямар ч хамааралгүй, хөндлөнгийн харсан хүн байх ёстой. Тэгэхээр Б.Булганыг гэрчээр оролцуулах ямар ч боломжгүй болж байгаа юм.
Б.Булган нь тухайн хэргээр өнгөрсөн 2016 онд  11-н сарын турш хоригдон шалгагдсан. Хүмүүс амьд гэрчтэй хэрэг яагаад илэрдэггүй юм бэ гэж гайхдаг.  Эр нөхрөө алдчихсан мөртлөө хохирогчоор тогтоогдоогүй нь Булганы статус өөрчлөгдсөн байгааг илэрхийлж байна. Анхандаа хохирогч байж байгаад хэрэг шалгагдах үед сэжигтэн яллагдагчаар шалгагдсан учраас эргээд шүүх хуралд гэрчээр оролцох боломжгүй болж байгаа. Учир нь ашиг сонирхлын зөрчил үүснэ. Б.Булганы хувьд ингээд гэрчээр оролцох боломжгүй болоод дуусаж байна. 


Өнгөрсөн хоёр дахь өдөр  С.Зоригийг хөнөөсөн хэргийн  давж заалдах шатны шүүх хурал болсон. Тус шүүх хуралд талийгаачийн ах С.Баяр анх удаа оролцсон. Гэхдээ шүүх хурлыг дуусгаж чадалгүй, дундаас нь хаалттай шүүх хурлыг  орхин гарсан юм. Тодруулбал, С.Баяр шүүх хуралдааны эхэнд "Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа юм. Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэсэн юм.
Харин шүүх бүрэлдэхүүн түүний саналыг хүлээж аваагүй тул тэрбээр "Олон нийтэд нээлттэй явуулахгүй байгаа учраас хаалттай шүүх хуралдаанд суухгүй" хэмээн шүүх хурлыг орхин гарсан. Энэ удаагийн шүүх хурал мөн л хаалттай болсон бөгөөд шалтгаан нь  төрийн нууц. 


Төрийн нууц гэдэг нь  1995 онд батлагдсан төрийн нууц хадгалах журмын тухай хууль, нууцад хамааруулах журмын тухай хууль гэж байдаг. Өөрөөр хэлбэл төрийн нууц гэдэг нь үндэсний тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой төрийн нууцыг задруулж болохгүй баримт бичгийг төрийн нууцад хамруулж үздэг. Тэгвэл С.Зоригийн хэрэг төрийн нууцад хамаарахгүй. Учир нь гүйцэтгэх ажиллагааны дагуу цуглуулсан баримт бичиг нь төрийн нууцад хамааруулж болно. 
Шүүх хурал үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Шүүгдэгчийн үг, мэтгэлцээний үе шат, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүмжийн шат гэсэн хэсгээс бүрддэг. Тэгвэл С.Зоригийн хэргийн шүүх хурлыг шүүгдэгчийн үг, мэтгэлцээний үе шат, шүүмжийн шатыг нээлттэй явуулаад ганцхан төрийн нууцад хамааруулж үзээд байгаа нотлох баримтыг шинжлэн судлах хэсгийг хаалттай явуулах ёстой. Үндсэндээ шүүх хурлыг бүхэлд нь биш хэсэгчлэн хаалттай явуулж болох байсан. Бүхэлд хаалттай явуулж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Төрийн нууц нэрийн дор бүхэлд нь  хаалттай явуулсаны дараа ард түмэн шүүхэд үл итгэх,  гэмгүй хүмүүс ял авсан юм  биш биз дээ гэсэн том эргэлзээтэй үлдэж байгаа юм. Энэ мэтчлэн улстөрийн хүрээнд яригддаг тус хэрэг жирийн нэг малчин, тогоочоор туг дахиад дуусаж байгаа бололтой. Монголд үнэн юм, шударга, нээлттэй зүйл гэж байна уу. 

П.Оюунбат: Гэр хороолол, томоохон зах, хур хогийн цэг орчмын хөрсөнд нянгийн бохирдолт хамгийн их

- Мутацын өвчлөл нь урт хугацаандаа хүний генийн төвшинд сөрөг нөлөөтэй-

Өвөл утаа, урин дулааны улиралд нийслэлийн иргэдийн хувьд тулгамдаж буй асуудал бол хөрсний бохирдол юм. Хөрсний бохирдол нь нүдэнд утаа шиг манантаж харагдахгүйгээр бидний эрүүл мэндэд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг аж. Ингээд хөрсний бохирдлын өнөөгийн байдлын талаар ШУА-ын Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлаач, доктрант П.Оюунбаттай ярилцлаа.

-Хөрсний бохирдол гэж юу бэ. Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн байдал ямар байна вэ?

-Хөрсөнд янз бүрийн химийн хорт бодис, өвчин үүсгэгч нян бактери орж хуримтлагдах үйл явцыг хөрсний бохирдол гэнэ. Улаанбаатар хотын хөрсний нянгийн шинжилгээний дүнгээр нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн. Үүнээс харахад нийслэл хотын хөрс нянгаар бохирдсон байдалтай байна. Гэр хороолол, томоохон зах орчим, хур хогийн цэг орчмын хөрсөнд нянгийн бохирдолт хамгийн их байна. Судалгаанд хамрагдсан нийт дээжний 12 хувь нь нянгийн бохирдолгүй, 53 хувь нь  бага зэргийн, 24 хувь нь дунд зэргийн, 11 хувь нь  их зэрэглэлийн нянгийн бохирдолтой гарсан. Хөрсний нянгийн бохирдолтын төрөл, тэдгээрийн нийт дээжинд эзлэх хувиар авч үзвэл, Гэдэсний бүлгийн бичил биетэн: E.coli 65.2,  Proteus 27.3, Citrobacter 12.2, Pseudomonas 3, Enterococcus 7.6 хувь байна. Агааргүйтэн бичил биетэн: Cl.perfringens 21.2, Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бактер: Salmonella  9.1,  Хөгц мөөгөнцөр 42.4 хувь байна. Хөрсний нянгийн бохирдол өндөр байгаа нь гэр хорооллын ариун цэврийн нөхцөл муу, нүхэн жорлон, ил задгай хог хаягдалтай шууд холбоотой.  Мөн иргэдийн ухамсар, ахуйн соёл тааруу (эрэгтэй хүмүүс), нөгөө төлөөр нийтийн бие засах газар хангалтгүй учраас гэр хороолол, томоохон захууд орчим ил задгай бие засах, асуудал түгээмэл байгаа нь хөрсний аммоны бохирдол үүсгэх нэг шалтгаан болж байна. Хөрсний хүнд металлын бохирдлын хувьд Арьс ширний үйлдвэр орчим хром зонхилсон хар тугалга, кадми, цайрын бохирдолт багагүй талбайг хамарч байна. Бусад газруудад хүнд металлын бохирдолт алаг цоог байдалтай ерөнхийдөө бага байна. 

Улаанбаатар хотын хөрсний нянгийн шинжилгээний дүнгээр нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн. Үүнээс харахад нийслэл хотын хөрс нянгаар бохирдсон байдалтай байна.

-Нийслэлийн аль хэсэгт хөрсний бохирдол хамгийн их байна вэ?

-Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэг хүнд металлын бохирдолтоор бусад дүүргээс илүү байна. Тэр тусмаа Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо арьс шир боловсруулах үйлдвэрүүд, харгиа цэвэрлэх байгууламж орчимд хөрсний хромын агууламж стандартаас хэдэн арав дахин их бохирдолтой байна. Мөн шар хадны техникийн зах, эрдэнэтолгой, маахуур, өгөөмөр, 100 айл болон хоёрдогч түүхий эд авдаг цэг, авто машины тос тослох материалын худалдаа засвар үйлчилгээ хийдэг газрууд орчимд хөрсний хүнд металл харьцангуй өндөр байна.  Харин гэр хороолол тэр дундаа Гандан, Баянбүрд, 100 айл, 32-ын тойрог, Дарь эх, Амгалан Толгойт, Баянхошуу гэх мэт хүн ам ихээр төвлөрсөн, олон жил гэр хороолол байсан газруудад хөрсний нянгийн бохирдол хамгийн их байна.

-Ямар ямар хүчин зүйлс хөрсний бохирдолд хамгийн их нөлөөлөөд байна вэ?

-Гэр хорооллын нүхэн жорлон, ил задгай гудамжинд асгадаг угаадас, ахуйн хог хаягдал, үхсэн амьтаны сэг зэрэг нь хөрсний нянгийн бохирдлын гол эх үүсвэр болж байна. Зарим иргэд гол төлөв эрэгтэй хүмүүс гудамжинд нус шүлсээ хаях, согтуу хөлчүү үедээ гудамж, булан дохойд шээх, идэж уусан хоол хүнсний үлдэгдлээ ил задгай хаях зэрэг ухамсаргүй, бүдүүлэг зуршил нь хөрсний бохирдолд багагүй нөлөөлж байна. Манай улсад 1990-ээд оны эхэн үеэс эхлэн арьс шир боловсруулах үйлдвэрүүд олноор нээгдэж зургаан валенттай хромыг ашиглаж арьс ширнээс үсийг нь салгах технологийг өргөн ашиглаж ирсэн. Харамсалтай нь арьс шир боловсруулах үйлдвэрүүд маань хүнд хортой элемент болох хромоо хадгалах, тээвэрлэх дүрэм журмаа мөрдөөгүй зэрэг хэнэггүй эмх замбараагүй байдлаас болж хромоор их бохирдож байна. Үүнд хууль хяналтын байгууллагууд нь хяналт шаардлага тавьж ажиллах шаардлагатай байна.

Мутацын өвчлөл гэдэг нь богино хугацаанд хүчтэй мэдэгдэхгүй, урт хугацаандаа хүний генийн төвшинд сөрөг өөрчлөлтөнд оруулах, хөгжлийн бэрхшээлтэй, гаж хөгжилтэй хүүхэд төрөх зэргээр хүнд хэлбэрээр илэрдэг. Мөн  эмчлэгдэх боломжгүй өвчлөл

-Хөрсний бохирдол олон төрлийн өвчин үүсгэдэг гэж сонссон. Хүний эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй вэ?

-Бохирдсон хөрс агаар, ус, ургамал, амьтанаар дамжин хүний эрүүл мэндэд янз бүрийн халдварт өвчлөл үүсгэдэг. Жишээ нь хромын бохирдлоос хүний арьс харшилтай болох, үс унах зэрэг өвчлөл цаашлаад бусад хар тугалга, цайр, кадми, никель, мөнгөн ус зэрэг хүнд элементүүдээс мутацын өвчлөл ч үүсч болох юм. Мутацын өвчлөл гэдэг нь богино хугацаанд хүчтэй мэдэгдэхгүй, урт хугацаандаа хүний генийн төвшинд сөрөг өөрчлөлтөнд оруулах, хөгжлийн бэрхшээлтэй, гаж хөгжилтэй хүүхэд төрөх зэргээр хүнд хэлбэрээр илэрдэг. Мөн  эмчлэгдэх боломжгүй өвчлөл. Хөрсний нянгийн бохирдлоос дотор муухайрах, гүйлгэх, гэдэсний хижиг, цусан суулга, зистит, бөөрний дутагдалд орох зэрэг олон өвчлөлүүд үүсдэг. Гэдэсний өвчлөгсдийн дийлэнх нь 0-15 насныхан байна гэсэн судалгааны дүн байдаг юм байна лээ.  

-Стандартын бус модон жорлонгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Гэр хорооллын айл өрхүүдийн 97 хувь нь стандартын бус нүхэн жорлонтой байна гэсэн судалгааг хийсэн байдаг. Стандартын бус нүхэн жорлонгын бохир хөрсөнд шингэж хөрсний бохирдлыг үүсгэдэг. 2015 онд нүхэн жорлонгын стандарт (MNS 5924:2015) батлагдаж гарсан. Бид 2016 онд нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдлын судалгаа хийж үзэхэд дулааны улиралд хөрсөнд их хэмжээний нян бактерын бохирдолтой байсан. Гэр хорооллын хөрсний хамгийн их нянгийн бохирдолт илрэх дундаж гүн 2,8 метр байсан. Энэ гүн нь нүхэн жорлонгийн ёроолын төвшинтэй ойролцоо байна. Хөрсний бүтэц, нягтшил зэрэг үзүүлэлтүүдээс хамааран нянгийн бохирдолт тархах доод талын гүн 4-9 метр байна. Хөрсний нянгийн бохирдолтын тархалтын хамгийн доод талын гүн дунджаар 6.3 метр байна.  Ерөнхийдөө 10 метрээс доош хөрсний нянгийн бохирдолт илрээгүй. Гүний усны төвшин гадаргад ойрхон Туул, Сэлбэ, Улиастай голын татам орчмын гэр хороолол нь газрын доорх усыг бохирдуулах эрсдэлтэй байна.

-Хөрсний бохирдлоос сэргийлэхийн тулд иргэн болон шийдвэр гаргах шатны байгууллага, Засгийн газар ямар арга хэмжээ авч ажиллавал зохистой вэ?

-Хөрсний бохирдлыг бууруулахын тулд иргэд стандартын шаардлага хангасан нүхэн жорлон хэрэглэх, бохир ус, ахуйн хог хаягдлаа гудамж талбайд эмх замбараагүй хаяхгүй байх хэрэгтэй. Үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг иргэн аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагатай ажиллах шаардлагатай байна. Мэргэжлийн хяналтын байгууллага хөрсний бохирдлыг бууруулах, дахин бохирдол үүсгэхгүй байх тал дээр иргэд аж ахуйн нэжүүдтэй хамтарч ажиллах, холбогдох хууль дүрмийг хэрэгжүүлэх. Нийслэл хотын захиргааны зүгээс гэр хорооллын ариун цэврийн нөхцөл, хог хаягдлын менежментийг сайжруулах шаардлагатай байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны зүгээс хөрсний бохирдлыг багасгах тал дээр хууль эрхзүйн орчинг сайжруулах, энэ асуудлыг хариуцах чадварлаг боловсон хүчинтэй нэгжтэй болж, үе шаттай цогцолбор арга хэмжээ авч хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрэх болов уу.  

Монголчуудын дундаж цалин 942.9 мянган төгрөг

Монголчуудын дундаж сарын цалин 942.9 мянган төгрөг гэвэл та итгэх үү. Эсвэл сэрүүн зүүдлээд бай хэмээн зарим бүүр эгдүүцэж магад. Ямартаа ч нэг талаасаа чихэнд чимэгтэй гэмээр тоог Үндэсний статистикийн газраас гаргасан учраас хуудуутай мэдээлэл лав биш. Учир юунд байна вэ гэвэл уул уурхайн салбарын борлуулалт нэмэгдсэнтэй холбоотой. Тодруулбал, нэг ажилтанд ногдох дундаж цалин 2016 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 942.9 болж өмнөх оны мөн үеэс 74.4 мянган төгрөгөөр  өссөн байна. Ер нь 500000-700000 төгрөгийн цалинтай хүн 3.2 мянга, 700000-900000 төгрөгийн цалинтай нь 3.7 мянга, 900000-1100000 төгрөгийн цалинтай нь 4.0 мянга, 1100000-1300000 цалинтай хүмүүс 2.4 мянга, 1300000-1500000 төгрөгийн цалинтай нь 1.2 мянга, 1500000 дээш цалинтай нь 5.8 мянган хүнээр нэмэгдсэн.

 

500000-700000 төгрөгийн цалинтай хүн 3.2 мянга, 700000-900000 төгрөгийн цалинтай нь 3.7 мянга, 900000-1100000 төгрөгийн цалинтай нь 4.0 мянга, 1100000-1300000 цалинтай хүмүүс 2.4 мянга, 1300000-1500000 төгрөгийн цалинтай нь 1.2 мянга, 1500000 дээш цалинтай нь 5.8 мянган хүнээр нэмэгдсэн.

 

Үүнээс уул уурхайн салбар ажиллагсадын цалин харьцангуй өндөр, 2.3 сая төгрөгийн орлоготой. Гэхдээ дундаж цалингийн өсөлт нь эдийн засгийн үзүүлэлтэд нөлөөлөөгүй, сайжраагүй харин салбарын өөрчлөлтөөс хамаарсан байна.

 

Гэхдээ дундаж цалингийн өсөлт нь эдийн засгийн үзүүлэлтэд нөлөөлөөгүй, бас сайжраагүй харин салбарын өөрчлөлтөөс хамаарсан байна.

 

Тухайлбал, “Эрдэнэс-Таван толгой” ХК  дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх  зорилгоор  Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн онд дахин эхлүүлж, анхны борлуулалтаа амжилттай хийсэн.  Цанхийн Баруун уурхайгаас олборлосон анхны нүүрсээ 2017 оны нэгдүгээр сарын 15-нд 71.5 ам.доллараар борлуулсан билээ.

Нөгөөтэйгүүр нийгмийн даатгалын сангийн зарлага 2017 оны эхний хоёр сард  өмнөх оны мөн үеэс 31.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Үүнд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 22.0 тэрбум төгрөг, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2.5 тэрбум төгрөгөөр буюу 55.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Энэ нь УИХ-ын болон нийслэлийн болон орон нутгийн сонгууль 2016 онд болж МАН олонх суудал авснаар халаа сэлгээ хэр их хэмжээгээр хийгдсэнийг ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага илтэд өгүүлэх биз ээ.   

Санал асуулгаар 48.8 хувь хадгаламжийн хүүгийн орлогод татвар нэмэх нь буруу гэж үзжээ

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг /Extended Fund Facility/ хэрэгжүүлэхээр тохирсон. Энэ хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай. Энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд ОУВС болон олон улсын байгуулагууд, хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал төлбөрийн тэнцлийн зориулалтаар ашиглах тохиролцоонд хүрээд байгаа. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Төсвийн бодлогын хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд 7-8 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр байгаа.

Үүнд:

-Шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 1-нээс нэмэгдүүлнэ.

-ХХОАТ-ыг шатлалтай болгоно. Орлогын түвшингээс шалтгаалаад 10, 15, 20 хувь болгоно.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй үүсч байна.

-Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар нэмэгдүүлнэ.

-Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар нэмэгдүүлнэ.

-Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөнө.

-Импортын тамхинд байгаа гаалийн албан татварыг 30 хувь хүртэл нэмэгдүүлнэ.

-Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэнэ гэсэн мэдээллийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээллэсэн.

Манай Сhuhal.mn сайт тус татваруудыг нэмэх нь зөв үү гэсэн сэдвээр мэдээ, мэдээллийг уншигчиддаа цаг алдалгүй хүргэж байгаа билээ. Энэ хүрээнд манай сайт хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах нь зөв үү гэсэн санал асуулга сайтын уншигчидын  дунд гурав хоногийн хугацаатай явууллаа. Тодруулбал, “Дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс хадгаламжийн хүүгийн орлогод татвар оногдуулна. Та үүнийг дэмжиж байна уу? Гэсэн санал асуулгад гурав хоногийн хугацаанд 978 хүн оролцсон байна. Санал асуулганы дүнгээс харахад  дийлэнх нь буюу 48,8 хувь татвар нэмэх нь буруу гэсэн бол ялгавартай оногдуулах нь хэрэгтэй гэсэн саналыг 36,2 хувь нь өгсөн байна. Мөн үүнээс гадна татвар нэмэх нь зөв гэсэн саналыг 14 хувь өгсөн бол, мэдэхгүй гэсэн хариултыг  1.0 хувь өгсөн байна.

 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр хүүхэд гэртэйгээ шатаж амиа алджээ

Говьсүмбэр аймагт хоёр хүүхэд гэртэйгээ хамт шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.  Тодруулбал, зургаан настай Д, дөрвөн настай А нар гэртэйгээ шатаж амиа алсдан байна. Гал  юунаас үүдэлтэйг цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна.

Тиймээс гэртээ бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүйгээр орхиж хол газар явахгүй байх, ахуйн цахилгаан хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн газраас анхааруулж байна.

АН-ын дотоод сонгууль ирэх сарын 2-нд болно

Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 24:00 цагаар дуусгавар боллоо. Дотоод сонгуулийн хорооноос ирүүлсэн мэдээллээр Үндэсний бодлогын хорооны 380 суудалд өрсөлдөхөөр нийт 503 хүн бүртгүүлжээ. Үүнээс 307 нь Чөлөөт суудал бол Залуучуудын квотод 100, Эмэгтэйчүүдийн квотод 96 хүн нэр дэвшжээ. Түүнчлэн аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Харин гишүүдийн бүртгэл өнөөдрөөр дуусгавар болох юм байна. Дашрамд дурдахад, АН-ын дотоод сонгууль товлосон ёсоор ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болно гэж АН-аас мэдээлэв.

Г.Дэнзэн нарыг даваа гарагт шүүнэ

Өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшилсон. Учир нь, шүүгдэгч Төгсбаярын өмгөөлөгчийн ар гэрт гачигдал гарсан учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан билээ.
 
Тэгвэл тус шүүх хурал энэ сарын 20-нд буюу ирэх даваа гарагт болно. Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.

Бооёо: Дүүгийнхээ амь насыг мөнгөөр худалдах хүн би биш

“Шинэ үе” продакшны захирал МУГЖ Н.Ариунболдыг   талийгаач Т.Билгүүний хохирлын нөхөн төлбөрийг хувьдаа авч хэрэглэсэн тухай мэдээ зарим сайтаар цацагджээ.  Үүнд МУГЖ Н.Ариунболд өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл хийсэн байна.

Тэрбээр “Талийгаач Т.Билгүүнд “Одон” телевизээс өгсөн хохирлын хоёр тэрбум төгрөгийг намайг авсан гэж зарим сайтад бичсэн байна. Ийм зүйл болоогүй.  Дүүгийнхээ амь насыг мөнгөөр худалдах хүн би биш. Юм гэдэг үнэнээрээ сайхан байдаг учраас хүнийг хилсээр гүжирдэж, лайк цуглуулах гэж оролдож байгаа сайтуудад хатуу арга хэмжээ авна. Би шүүхдэнэ.  Бидний хамгийн эмзэг сэдвээр ингэж оролдож байгаад маш их харамсаж байна” хэмээсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
BABA
ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ
2017/03/17 103.57.93.80