8o
Улаанбаатар хот
mobile menu

Шадар сайд У.Хүрэлсүх: Төрийн үүрэг бол иргэдээ аюулгүй орчинд амьдруулах. Шаардлага гарвал нүүлгэн шилжүүлнэ

2017-03-17 17:13:22

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон холбогдох бусад албаныхан Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Усанд автсан айлууд болон шар усны үер бууж болзошгүй газруудын нөхцөл байдалтай танилцав.

Шадар сайдаар ахлуулсан баг Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Амгалан” дулааны станцын зүүн хойд хэсэгт орших айл өрхүүдийн нөхцөл байдлын талаар иргэдтэй уулзсанаар ажлаа эхэлсэн юм. Тус хэсгийн айлуудын дороос булгийн ус оргилж гарсны улмаас идэр есийн хүйтнээр усанд автаж, хөлдөн, нөхцөл байдал тун хүнд болоод байгааг онцгой байдлын албаныхан дуулгалаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр булгийн ус хальж, айлуудын дороос ус ундарсныг оршин суугчид нь хэлж байна. Газрын албаны мэдээлснээр энэ хэсэгт зөвшөөрөлгүй 30 гаруй айл байдаг бөгөөд булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган буусан айлууд ийнхүү өвлийн хүйтэнд  усанд автжээ.

Нийслэлийн захирагчийн ажлын албаны Геодези, усны барилга байгууламжийн газрын 20 албан хаагч 2016 оны 12 дугаар сарын 25-наас 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажиллаж,   нөхцөл  байдлыг харьцангуй сайжруулан дүүрэгт  нь хүлээлгэн өгсөн байна. Ажиллах хугацаандаа 2 метр өндөртэй, 830 метр урт шороон далан босгож, усыг соруулжээ.  Өвлийг  арайхийн давж чадсан өрх айлууд хаврын улиралд  мөс  хайлж, шар усны үерт өртөх магадлал маш өндөр байгаа гэдгийг иргэд, онцгой байдлын албаныхан  Шадар сайдад дуулгалаа. Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх  хэлэхдээ ” Баянзүрх дүүргийн  10 хорооны өнөөгийн нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа нь  ойлгомжтой. Төрийн үүрэг бол иргэдээ аюулгүй орчинд амьдруулах. Тиймээс холбогдох байгууллагынхан хурдтай ажиллаж, шар усны үерээс хамгаалах арга хэмжээнүүдийг авахын зэрэгцээ  шаардлага гарвал  нүүлгэн шилжүүлэлтийг хийх ёстой.  Очих газаргүй, хандах хүнгүй тэвдэж яваа иргэдээ дэмнээд  оршин суух  аюулгүй  байршил заан өгч, нүд хальтрам дүр зураг бүхий  нөхцөл байдлаас салах  хэрэгтэй.“ гэж  холбогдох албаныханд  үүрэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл