Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Лондон хот дахь Монгол улсын Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж буй Г.Ичинхорлоотой ярилцлаа.
-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын баярын өдрөөр Төрийн ордны өмнө гурван бүсгүй хагас нүцгэн эмэгтэйчүүд эсэргүүцлээ илэрхийлж, тайван жагсаал хийлээ. Тэд “Оффшорчдыг зайлуул”, “Хулгайлсан хөрөнгөө буцааж өг”, “Хулгайч дарга нар боль” гэхчлэн уриа барин зогсож, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлсэн билээ. Харин та Лондон дахь хотноо Лондон хотноо С.Баярыг эсэргүүцсэн тайван жагсаалаа эхлүүлсэн. Эсэргүүцэн жагсах болсон шалтгаанаа тайлбарлахгүй юу?
-Танай хамт олон болон уншигчдад энэ өдрийн мэнд хүргье. Монголд жагсаал хийсэн эмэгтэйчүүдийг харсан. Хүмүүсийн тэвчээр хаа сайгүй барагдсан шүү дээ. Би тэр эмэгтэйчүүдийг дэмжиж байна. Монголд ардчилал байхгүй. Монголын улстөрчид дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна. Үүнээс хойш тэвшихгүй. Ардчилал гэж юу вэ гэдгээ мэдрээгүй хүмүүс улсыг 26 жил самарсан. Бөмбөрцгийн хоёр талд эмэгтэйчүүд, ээжүүд, эх орон, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө тэвчээр нь барагдаад өөрсдийнхөө чадахаар тайван жагсаал хийж байна. Миний бас ингэж ил гарч ирж эсэргүүцлээ илэрхийлсэн нэгэн зорилго нь ардчилсан нийгэм гэдэг чинь ийм байдаггүй, ингэж явах ёсгүй, ийм хүмүүс авч явдаггүй юм гэдгийг харуулах гэсэн юм. Нэгэнт одоо олон хүмүүс энэ эсэргүүцлийг үргэлжлүүлэхийг хүсэж байгааг харж байгаа болохоор бүгдээрээ ардчилсан орон ямар байдагыг давхар дараа дараагийн хийх алхамуудаараа харж авцгаая гэж бодож байна. Дээр нь хүнлэг ардчилан оронд хувиа бодсон, улсаа, ард түмнээ хохироогч хүн төлөөлөн ирэх орон зай байдаг эсэхийг мэдмээр байна.
-Та хэзээнээс жагсаал хийхээр төлөвлөсөн бэ. Уг жагсаал хууль дүрмийн хүрээнд явж байна уу?
-Эсэргүүцлээ илэрхийлэх шалтгаан нь өнөөгийн Монголын нийгэмд үүсэн бий болсон энэ их эцэс төгсгөлгүй уналт завхрал нь өнгөрсөн 26 жилийн туршид улс орныг удирдаж явсан хүмүүсийн зөвхөн өөрсдийнхөө төлөө гэж ажиллаж ирсэнтэй шууд холбоотой. Би утааны эсрэг ээж аавуудын хоёр дахь жагсаалыг Лондонд бусад дэмжиж буй хүмүүсийн төлөөл болсон ээжүүд хүүхдүүдийн хамт МУ-ын ЭСЯ-ны гадаа нэг өдөр зогссон. Хүн амьсгалж болохгүй, хүүхэд амилж чадахгүй болсон ийм гамшгийг сонсоод эх хүний хувьд, ар гэрийнхэн ахан дүүсээ бодоод би зүгээр сууж чадаагүй. Гэхдээ миний хувьд энэ бүх гамшгийн уг үндэс шалтгаан нь Монголын төр, улс төр, улстөрчид, улс орны удирдаж авч яваа хүмүүс. Тиймээс тэдэнтэй нүүр тулж асуудлыг шийдэх нь чухал.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард С. Баяр гуайг сайдаар томилогдсон тухай сонсоод дотор муухай оргисон юм. Тэгээд би Английн парламентд Монголыг хариуцсан бүх намын бүлгийн дарга парламентийн гишүүн James Grey-тэй холбогдож өөрийн санаа зовж байгаа Улаанбаатарын утааны гамшгийн түвшин болон улс төрийн авилгал хоёрын талаар ялангуяа их хэмжээний эх үүсвэр нь тодорхойгүй мөнгийг гадаадад үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт, борлуулалтаар угаасан, нэрээ цэвэрлээгүй хүн элчингээр ирэх гэж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж имэйл солилцсон юм.
Хариу имэйлд нь эх орныхоо төлөө санаа зовж байгаа сэтгэлийг маань ойлгож байгаагаа илэрхийлээд эдгээр асуудлууд бол зуун хувь Монголын Засгийн газар болон УИХ-ын хариуцлагын асуудал гэдэг хариулт өгсөн. Тэгэхээр энэ нь миний хувьд Монголын төр засгийг сонгодог ардчилсан орны ард түмэн төр засгаасаа болон холбогдох хүмүүсээс харицлага нэхэх эрх, ёстой гэдгийг л давхар баталж хэлж өгсөн хэрэг болсон. Тэгээд ЭСЯ-р дамжуулж МУ-ын засгийн газар, УИХ-д утааны эсрэг даруй арга хэмжээ авах, С.Баярыг нэрээ цэвэрлэхээс нааш сайдаар ирэхийг эсэргүүцэж жагсахад бэлэн байгаагаа илэрхийлсэн шаардлага бичиг дамжуулаад хариу хүлээсэн. Тэгээд хариу ирээгүй нэг сар гаруй боллоо. Утааны эсрэг дорвитой юм хийхгүй юм байна гэдгийг ч Гадаад хэргийн яамны сайд Ц.Мөнх-Оргилын саяхан англи хэл дээр гардаг "Дипломат" гэдэг мэдээлийн эх сурвалжид өгсөн ярилцлагаас харлаа. Дээр нь С. Баяр гуай Английн Хатан хаантай уулзаж байгаа зургийг онлайнаар харсан.
Би чинь Монгол хүн, монголын ард түмний л нэг. Өнгөрсөн 26 жилд жирийн ард түмний туулсан жаргал зовлонг адилхан туулж яваагийн хувьд одоо буруу юмны төлөө чимээгүй сууж чадахгүй гэдгээ илэрхийлж С.Баярын томилгооны эсрэг ЭСЯ-ны гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгээд ч гуравдугаар сарын 8 болох гэж байсан. Энэ өдөр өөрийн үзэл бодлыг илэрхийлэхгүй байж чадсангүй.
-Та С.Баяртай холбогдсон уу таньд ямар хариулт өгсөн бэ?
-Би өмнө нь утааны эсрэг жагсахдаа элчин сайдын яамны байрладаг дүүргийн цагдаагийн газар жагсаал хийх тухай хэлж зөвшөөрөл авсан юм. Тэгээд цаашид ч жагсаж магадгүй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ нэг удаа өгсөн бичгийнхээ хариуг хүлээж орхисон байсан. Тэгээд Мартын 8 болох гэж байдаг, нэг сар гаруй хариу ирэхгүй болохоор нь нэлээд бодож байгаад, бас хэд хэдэн хүмүүстэй өөрийн бодлыг хуваалцаж байгаад гуравдугаар сарын 6-нд цагдаагийн газар “Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхээ хамгаалах өдөр жагсахаар боллоо” гэдгээ дахин мэдэгдсэн юм. Тэр мэдээллийг цагдаагийн газраас Монгол улсын Элчин сайдын яамруу дамжуулсан байсан. Үүнийг Элчин сайдын яамны ажилтан над руу гуравдугаар сарын 7-ны өдөр утсаар ярьж хэлсэн юм. Энэ яриандаа:
1. Элчин сайдын яам Монгол Улсын хуулийн дагуу 8-нд амарна. Тэгээд таныг ирэхэд ажлын бус өдөр тул хүмүүс байхгүй байх шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Бас эмэгтэйчүүдийн баярын өдөр эргэн тойронд байгаа эмэгтэйчүүдээ баярлуулах ажилтай байгаа гэдгээ хэлсэн.
2.Таныг үзэл бодлоо илэрхийлж жагсах гэж байгааг чинь хүндэтгэж байнаа.Бид шинэ сайдад цагдаагийн газраас ирсэн мэдээллийг уламжилсан. Тэгээд сайд таньтай уулзаж өгөх материал байгаа бол биечлэн гардуулж өгч болно гэсэн.
Гэсэн зүйлүүдийг хэлсэн юм. Хариуд нь нэгэнт би хуулийн дагуу юм хийх хүсэлтэй байгаа болохоор та нарыг энэ өдөр амарна, ар гэрийнхэнийгээ баярлуулна гэдгийг чинь хүндэлж байна. Тайлбар өгсөнд баярлалаа. Тиймээс заавал найманд уулзана, бичиг өгнө гээд байх юм надад байхгүй. Гэхдээ би өөрөө 8-нд очдогоороо очноо. Надад энэ өдөр нь чухал гэдгээ хэлсэн. Харин бичиг баримт шаардлагаа өөр өдөр өгч болно гэж байгаа бол надад асуудал байхгүй. Тиймээс тэр өдрөө надад мэдэгдэнэ үү л гэсэн. Тэгээд гуравдугаар сарын 7-нд цаг 17:00 өнгөрч байх үед над руу элчингээс залгаж “Гуравдугаар сарын 9 нд сайд 11-12 цагийн хооронд таньтай уулзаж цаг гаргая гэж байна аа” гэж дамжуулсан юм. Би ч зөвшөөрсөн. Яагаад гэвэл 12-15 цагийн хооронд жагсах байсан тул өмнө нь уулзаж болох юм байна гэж бодсон.
Ингээд 8-ны өдрөө жагсаад, орой нь хэдэн зургаа фэйсбүүк дээрээ болон Утааны эсрэг ээж аавуудын групп, Оффшор...Ард түмний онц түр зөвлөл ТББ гэсэн хоёр групп дээр шэйр хийгээд унтсан. Үүрээр утас шажигнаад эрт сэрсэн. Энэ мэдээлэл онлайнаар маш хурдан тарж, хүмүүс их харсан байна лээ. Олон хүмүүс чатаар орж ирж хандсан. Тэгээд энэ зөвхөн миний эсэргүүцэл биш Монголын ард түмний нэгдсэн эсэргүүцэл гэдгийг баталж харуулсан болохоор би ганцаараа очиж уулзахаа хойшлуулж маргааш өглөө ажил эхлэнгүүт 9:00 цаг өнгөрөөгөөд би элчингийн ажилтанд нэг удаа хойшлуулах хүсэлтээ тавьсан. Өөртэйгөө ижил бодолтой хүмүүсийн бодол сэтгэгдлүүдийг нэгтгэж байгаад бэлэн болохоороо уулзъя. Надад хугацаа хэрэгтэй гэж хэлсэн.
-Энэ тайван жагсаал хэзээг хүртэл үргэлжлэх вэ?
-Өнгөрсөн 3 хоногт маш олон хүмүүс дэмжиж байгааг харлаа. Гэхдээ яг бодитоор хэдэн хүн нэгдэхийг хармаар байна. Үүнд хугацаа хэрэгтэй нь ойлгомжтой. Тиймээс бодит дэмжлэгийн тоо, цар хүрээг харагдтал үргэлжлүүлэх бодолтой, бэлтгэлтэй байна.
-Та С.Баярын оффшор данс, гадаадад байгаа хөрөнгийн талаар дугарч эсэргүүцэж эхэллээ. Таньд баримттай нотолгоотой мэдээлэл байгаа юу?
-Америкэд худалдаж авсан, зарсан 7 байрыг нь Голомт.мн сайт буюу УИХ гишүүн байсан Г.Уянгын нийтэд мэдээлж АТГ шалгахыг шаардсан эх сурвалжийг би өөрөө интэрнэтээр линкүүдээр нь орж харсан л даа. Бас олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн эх сурвалж дээр охидууд нь оффшор данснуудтайг харсан. Үнэхээр л ороод харахаар нүдэнд илт харагдаад байна. Монголынхоо байдлыг харьцуулаад л үзэл дээ... Асуух, шалгах эрхтэй шүү дээ. Хариулахгүй бол энэ талаар судалмаар байна. Цааш нь мэдмээр байна. Би цаг заваараа International Compliance Association гэдэг олон улсын санхүүгийн гэмт хэргийн эсрэг мэргэжилтэн бэлтгэдэг мэргэжлийн байгууллагын хичээлүүдээс судалж байгаа.
Эндээс харахад мөнгө угаасан гэж харагдаж байна. Тиймээс насаараа улстөрч байсан энэ хүн энэ их хөрөнгийнхөө эх үүсвэрийг нийтэд ойлгомжтой болгохгүй бол би элчин сайдаар ирэхийг чинь эсэргүүцэж байна гэж байгаа юм.
-Таньд янз бүрийн дарамт шахалт ирсэн үү. ?
-Би хүнээс айхаар юм хийж байгаа гэж бодохгүй байна. Миний өдөр тутмын амьдралын үйлдлүүд хуулийн дагуу байх ёстой. Энэ орны хуулийг дагах эрхтэй бас хариуцлагатай. Би ардчилсан, хууль дүрэмтэй оронд, хууль дүрмийг нь дагаж мөрдөөд 19 дахь жилдээ амьдарч байна. Энэ орон намайг надаас илүү мэднэ. Тиймээс би хуулийн дагуу холбогдох байгууллага, хүмүүст мэдэгдэж өөрийн үзэл бодлоо зөв гэж бодож байна. С. Баяр гуай өөрийнхөө нэр төрийг хамгаалаад хуулийн дүрмийн дагуу хөрөнгийнхөө эх үүсвэрийг ил болгож нэр цэвэр гэдгээ л Монголын ард түмэнд батлаад харуулчихвал миний зорилго биелэж миний эсэргүүцэл дуусна.
-Та энэ тэмцлээ ямар үр дүнд хүрэх хүртэл үргэлжлүүлэх вэ?
-Монголчуудын 26/27 жилийн өмнө хүссэн тэр нийгмийг жинхэнээсээ бий болгох цаг нь болсон. Тэр өөрчлөлтийг хийх цаг нь ирсэн. Ард түмэн нүдээ нээж нэгдэх, зөв сонголтоо хийж чаддаг болох зайлшгүй цаг нь ирсэн. Тиймээс би тэр өдрийг хармаар байна. Харин өнөө маргаашдаа энэ эсэргүүцлээ үргэлжлүүлж өдөр бүр элчингийн өмнө очих болно.
Таньд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.