БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах шийдвэр гаргалаа. Ингэснээр Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч асан Пак Гын Хэ албан ёсоор огцорч, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуулийг хоёр сарын дотор явуулах хуультай. Тавдугаар сарын 9-нд болох болов уу гэсэн албан бус мэдээлэл байна.
Тусулсын түүхэнд хоёр дахь удаагаа болсон Ерөнхийлөгчийг суудлаас нь огцруулах шүүх хурлаас Пак Гын Хэг огцруулах хангалттай шалтгаан байна гэж дүгнэжээ. Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ нь найз Чой Сүүн Силтэй холбоотой төрийн нууц задруулсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, авлига авсан зэрэг нийт 13 хэрэгт буруутгагдаж, ийнхүү огцроод байна.
Өнөөдөр гарсан шүүхийн шийдвэрийн дараагаар Солонгосын ард түмэн Ерөнхийлөгчийн энэ хэргээс нэг зүйлийг ухаарсан хэмээн өөр хооронд ярьж байгаа аж. Учир нь Ерөнхийлөгчийн холбогдсон энэ авлигын хэрэг Солонгосын ард түмэнд “Хэзээ ч дотны найздаа итгэж болдоггүй юм байна” гэдэг ойлголтыг үлдээсэн хэмээн ард түмэн нь дүгнэн ярьж байна.
Пак Гын Хэ болон түүний найз Чой Сун Сил нарын дуулиан өнөөдрийг хүртэл намжаагүй байгаа бөгөөд, түүнийг үргэлжлүүлэн шалгах юм байна. Пак Гын Хэ болон Чой Сун Сил нар 40 жил үерхэж, нөхөрлөсөн дотны найзууд аж. Пак Гын Хэг Чой Сүн Силтэй хамт хэрэгт холбогдсоны дараа сонгогчдын түүнд өгөх итгэл үнэмшилийн индекс огцом буурч, 21,1 хувьд хүртлээ огцом буурсан. Түүнд Солонгосын нийт иргэдийн 50 гаруй хувь нь итгэж, сонголтоо хийсэн байдаг аж.
Пак Гын Хэ өөрийн найз Чой Сун Силийн талаар телевизд ярилцлага өгөхдөө “ Тэрээр намайг хамгийн хэцүү цаг үед түшиж, тулж байсан найз маань юм” гэжээ. Энэ нь ч баттай мэдээ бөгөөд Ерөнхийлөгчийн ээж бусдад хорлогдсоны дараа Чой Сүн Сил түүнтэй хамт байж, уй гашууг нь хуваалцдаг байсан гэдэг. Мөн Чой Сун Сил “Бид зөвхөн зовлон жаргалаа хуваалцдаг найз нөхдийн холбоотой болохоос биш төрийн нууцад халдаж, эх орнырхоо эсрэг үйлдэл хийгээгүй” хэмээн хэлж байсан.
Ингээд өнөөдрийн трэнд сэдэв, дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа Пак Гын Хэ болон Чой Сун Сил нарын талаар мэдээлэл хүргэе.
Ерөнхийлөгч асан Пак Гын-Хэ гэж хэн бэ
Пак Кын Хе 1952 оны хоёрдугаар сарын 2-нд БНСУ-ын Тэгу хотод төрсөн. Тэрээр Сэнури намаас нэр дэвшиж, ялалт байгуулж байсан. Түүний хувьд БНСУ-ын 18 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Хатагтай Пак Кын Хе 1970 онд Сөүл хотын дунд сургуулийг төгсөж, 1974 онд Сөүлийн Соган их сургуулийн төгссөн байна. Үүний дараагаар Тайваны их сургуулийг Хятадын урлаг судлалаар төгсжээ. 1998 онд Тэгу хотын тойргоос БНСУ-ын парламентад гурван удаа сонгогдож байжээ. 2012 оны наймдугаар сарын 20-нд Сэнури намаас Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд оролцож 83,9 хувь буюу 103118 саналаас 85589 санал авч ялалт байгуулж байв. Улстөрийн “Төмөр хатагтай” нарын нэг Пак Гын Хе амьдралынхаа оргил үеийг ч, хямралын үеийг ч улс төрийн тогоонд өнгөрүүлсэн гэж хэлж болно. Хатагтай Пак 1961-1979 онд Өмнөд Солонгосыг удирдаж байсан Пак Жөн Хигийн ууган охин ба эцэг Жөн Хи нь Өмнөд Солонгосын генерал байсан юм.
Чой Сун Сил гэж хэн бэ?
Чой Сун Сил нь 60 настай бөгөөд Өмнөд Солонгосын төрд ямар нэгэн алба хашдаггүй аж. Тэрбээр Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-тэй 40 жилийн турш найзалж, нөхөрлөсөн. Тэрээр өөрийн нэрийг хоёр удаа сольсон бөгөөд хуулийн дагуу Чой Сео Вон хэмээн нэрлэдэг. Мөн Пак Гын хэ-гийн зөвлөх Чой Тае Мин тавдах охин аж. Чой Сун Сил нь 1998 онд улстөрд орж, туслахаар нь ажиллаж байсан түүхтэй. Мөн албан ёсны эх сурвалжуудын үзэж буйгаар 1974 онд Пак Гын Хэгийн ээж Хойд Солонгосын хөлсний алуурчны гарт амиа алдсан тэр үед түүнтэй ойртож, нөхөрлөсөн гэдэг. Энэ үед Пак Гын Хэ-гийн аав Пак Чунг Хэ Ерөнхийлөгч, цэргийн зааварлагчаар ажиллаж байжээ.
Чой Сун Силийн аав Чой Тае Миний талаар "The Korea Times" сонинд нийтлэснээр "Чой Тае Мин нь "Дотоод сэтгэлийн амьдрал" гэх сүмийн үүсгэн байгуулагч бөгөөд шинэ төрлийн урсгалыг гаргасан гэж үздэг гэв. Энэхүү шинэ төрлийн урсгалтай сүм нь Христ, Будда, бөөгийн нэг төрлийн урсгал буюу Чеондисм урсгалыг нийлүүлсэн урсгал аж. Чой өөрийгөө орчин үеийн Будда бурхан хэмээн өргөмжилдөг байна. Тус сүм гурван өөр шашны уламжлалыг хольж, үхэгсэдтэй харилцаа тогтоох, хүний амьдралд ид шидийг бүтээдэг хэмээн өөрийн үйл ажиллагаагаа хэвлэлэээр дамжуулан сурталчладаг аж.Чой Сүн Силийн эцэг 82 насандаа өөд болж, цааш үйл хэргийг нь үргэлжлүүлэн явсан гэдэг.