Өнгөрсөн Мягмар гарагт WikiLeaks сайтад 8,761 нууц баримт бичиг дэлгэгдсэн нь АНУ-ын Тагнуулын Төв Газар (ТТГ) дэлхийн улс орнуудад кибер халдлагыг төсөөлж байгаагүй өргөн цар хүрээтэй явуулдаг болохыг илчилсэн юм.
Материалуудад ТТГ нь Microsoft, Google, Apple, Samsung зэрэг компаниудын гар утас, компьютер, бүр ухаалаг телевиз хүртэл төхөөрөмжүүдэд нэвтэрч, тагнаж чаддаг, үүнд зориулагдсан багаж зэвсэгтэй тухай дурджээ.
Харин эдгээр дотор ТТГ-ын нэгэн тагнуулын ажилтанд тохиолдсон түүх Хятадуудын анхаарлыг татаж, хэрвээ АНУ-ын хакеруудад мэдээллээ алдахыг хүсэхгүй байгаа бол хятад хэл дээр ажиллаж сур гэсэн хошигнол хүртэл гарсан байна.
Тодруулбал тэр тагнуулын ажилтан 2014 онд дотоод илтгэлдээ нэгэн компьютерт өөрийн нууц програмыг алсын зайнаас суулгах гэтэл хятад хэл дээр Windows-ийн алдааны мэдэгдэл гарч ирснээс болоод чадаагүй гэж бичсэн байжээ. Тэр ажилтан нь 2009 оноос ажиллаж эхэлсэн туршлагатай нэгэн байсан боловч үүнийг шийдэж чадаагүй ба сүүлд хятад хэлтэй өөр нэг ажилтны тусламжтайгаар суулгасан тухай бичсэн байна.
Үүнийг үзсэн Хятадын мэргэжилтнүүд санаанд оромгүй энгийн шалтгаан буюу өөрийнх нь хэл тэдэнд саад болдгийг мэдэж ихэд гайхсан тухайгаа хэвлэлд ярьжээ. Гэхдээ сүүлийн үед ТТГ хятад хэлтэй мэргэжилтнүүдийг ихээр элсүүлж асуудлыг шийдсэн байх магадлалтай гэж тэд бас сэжиглэж байна.