Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилогдсон учир түүний орны хүнийг томилох шаардлага МАН-ынханд гарч, хэд хэдэн хүний нэр дэвшээд байсан. Бүтэн хоёр сар гаруйн хугацаанд эзэнгүй байсан тус албан тушаалд эртнээс яригдаж байсан Д.Загджав очих сурагтай. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг нэр дэвшүүлэхээр болжээ.
Д.Загджавын хувьд сүүлийн хоёр сарын хугацаанд Төрийн ордноор эргэлдэх нь олон болсон. Ордны ажилтан шиг л өглөөнөөс үдэш хүртэл тэнд шогших болсон тэрбээр УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдийн өрөөнөөс салахаа болиод байсан гэхэд хилсдэхгүй. Үүнийг нь харсан хүмүүс “Удахгүй аль нэгэн албан тушаалд” очих нь гэж хардан жиг жуг хийж байв. Тэгвэл тэр таамаг биелэлээ олж Д.Загджав Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад томилогдох магадлал өндөр боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад МАН-ын гишүүн Н.Төмөрхүү, Д.Загджав нарын нэр сарын өмнөөс яригдаж эхлээд байсан.
Д.Загджавын хувьд 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Үүнээс өмнө Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм. Улс төр дэхь түүний нэр хүнд тийм ч сайн биш. Засаг даргаар ажиллаж байхдаа Хан-Уулын газраас хууль бусаар их хэмжээгээр зарж, борлуулсан гэх хэрэгт түүний нэр ёс юм шиг л холбогддог. Мөн мөрийтэй тоглоомтой удаа дараа нэр холбогдсон. Туйлбаргүй, хулхи гэж хэвлэлээр хочлуулдаг тэрбээр Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын хамт МАХН-д элсэх гэж байгаад больсон гэх мэдээлэл ч бий. 2008 оны сонгуулиар дүүргийн албатуудыг сонгуулийн будлиан хийх ажилд оролцуулсан гэх мэт түүнтэй холбоотой болох, бүтэхгүй мэдээлэл маш их хөвөрдөг.
МАН-ыг сөрөг хүчин байхад нам, гүмхэн байсан тэрбээр одоо олонх болонгуут нэг албан тушаалын үзүүрээс атгаад авлаа. Ямартай ч янз бүрийн албан тушаалд нэр нь байнга яригддаг тэрбээр уламжлал ёсоор энэ удаа ч мөн Уул уурхайн дэд сайдад нэр дэвшээд хоосон хоцрохгүй бололтой. “Хан-Уулын Загджав”-ыг МАН, МАХН хоёрыг нэгтгэх үйлсэд “морь, нохой мэт хүчин зүтгэсэн” хэмээн намын журамт нөхөд нь дүгнэдэг юм билээ. Мөн үүнээс гадна түүнийг “Н.Энхбаярын хүн” баруун гар ч гэж улс төрийн хүрээнд яригддаг.
Түүний хувьд өмнө нь УИХ-ын 2000 оны сонгуульд МАХН илт давуу ялалт байгуулж байх үед, албан тушаалын бялуу хүртэж, Хан-Уул дvvргийн Засаг дарга болж байсан. Харин одоо 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН илт давуу ялалт байгууллахад Монголын их баялагийг шууд ба шууд бусаар захиран зарцуулах их эрх мэдэлд очих гэж байгаа “зайтай” эр.
“Хан-Уулын Загджав” нь хуульч, Бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, Цэргийн дээд сургууль, Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын эдийн засгийн удирдлагын академи төгссөн. Улс төрийн хүрээнд ийм нэгэн түүх намтартай Д.Загджавыг Засгийн газар ирэх долоо хоногийн хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн дээрх шийдвэрийг баталгаажуулж, дэмжиж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилох бололтой.