Үндсэн хуулийн дүгнэлтээр орон сууцны 8 хувийн хүүтэй зээл үндсэндээ зогсоод байгаа билээ. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрээс болоод найман хувийн зээл бүрэн утгаараа зогсоод байна. Үнэндээ 160 гаруй мянган хүн моргейжийн зээлээ төлөхөөр ажиллаж байна. Цаана нь энэхүү зээлийг авах хүсэлтэй 200 гаруй мянган хүн байна. Гэтэл энэ асуудалд хөнгөн хуумгай хандаж, улс төрийн өгөөш болгоод улстөржүүлээд байгаад харамсч байна. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамтай хамтраад Монголбанкны зүгээс Үндсэн хуулийн цэцэд гаргах шийдвэрийнх нь эрсдэлийг мэдэгдсэн шүү дээ. Хууль эрхзүйн талаас авч үзсэн ч цэцээс энэ шийдвэрийг яаарч гаргах ямар ч шаардлага байгаагүй юм билээ. Үндсэн хуулийн цэц зургаан сар, нэг жилийн дараа ч энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болох байсан юм билээ. Ямар учраас энэ асуудалд яаран яаран хандсан бэ гэдэг нь өөрөө асуудал шүү” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл ийнхүү зээлийнхээ барьцаа хөрөнгийг шийдэж чадаагүй гацчихаад байтал УИХ-ын дарга З.Энхболд орон сууцны зээлийн хүүг бууруулах боломжтой гэлээ. Тэрбээр өчигдөр “Буянт Ухаа 2” орон сууцны цогцолбор хорооллын нээлтэд оролцох үеэрээ “Жилд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг анх 2013 оны дунд үеэс олгож эхэлсэн нь сонгуулийн ямар нэг зорилго, улс төрийн оноо авахад зориулагдаагүй. Гэтэл МАН-ынхан үүнийг юу гэж бодож явдаг болохыг Та бүхэн харсан байх. Одоо дараагийн сайн мэдээг та бүхэнд дуулгая. Ипотекийн зээлийн үйл ажиллагаа бүр 1990-ээд оны дунд үеэс хэрэгжиж байгаа, гэхдээ зээлийн хүү нь 20 хувь байсан болохоор тэр бүр олон айл өрх хамрагдаж чаддаггүй байв. Харин 2013 онд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлснээр олон зуун мянган айл өрх орон сууцтай болох боломж бүрдэж, өнөөдрийн байдлаар 76.000 айл шинээр орох буюу хуучнаасаа хамаагүй бага мөнгө төлөөд орон сууцтай болж байна. Үүний дараагийн логик үргэлжлэл бол 2013 оны 05 дугаар сард инфляци 14 хувьтай байсан. Жилийн 14 хувийн инфляцитай байхад үндсэндээ найман хувийн зээл гэдэг татаас байсан, гэхдээ бид татаасгүйгээр шийдвэрлэж чадсан. Өнөөдөр инфляци гурван хувьд хүрлээ, найман хувийн хүү буурах ёстой. Бид энэ бодлогоо Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган дуусахаас өмнө ажил болгоно. Эхлээд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүчингүй болгосон хуулийг батална, дараа нь зээлийн найман хувийн хүүг бууруулна” хэмээн мэдэгдлээ.
З.Энхболд Цэцийн шийдвэрийг хүчингүй болгосны дараа 8 хувийн хүүг бууруулна хэмээн мэдэгдлээ
2015-12-26 14:47:00