Баянзүрх дүүргийн асуудлаар Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Баянзүрх дүүрэгт үүсэж буй нөхцөл байдал ямар ноцтой болж байгааг олон түмэнд зориуд сонордуулах үүднээс би энэ хэвлэлийн хуралд ирээд байна. Баян зүрх дүүрэг дээр болж буй шиг ийм үйл явц орон даяар өрнөж байна. Орон нутгийн сонгуулиар АН 104 суманд ялалт байгуулсан. Завхан аймагт ялсан АН цэвэр ялсан учир аймгийн засаг дарга болон сумдын засаг дарга нар хуулийн дагуу явагдсан.
Ганц, Баянзүрх дүүрэг гэлтгүй, бусад 74 сумын засаг дарга нарыг томилоогүй байна. Орон нутгийн сонгууль явагдаад таван сар өнгөрчихлөө. Сүхбаатар аймгийн засаг даргыг батламжлахгүй, Баянзүрхтэй адилхан өөр хүнийг шууд батламжлах үйл ажиллагаа явагдаж байна. Хуулиараа засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байж, хууль бусаар булаахыг хориглосон. Гэтэл ард түмний эрх мэдлийг МАН хүчээр булааж байна. Үүгээр зогсохгүй, шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж, шүүхийн шийдвэрт хүртэл нөлөөлж байна” хэмээн хэллээ.