Сүүлийн хэдэн жил сонгууль сонгуулийн өмнөх бэлтгэл, сонгуулийн өдөр, сонгуулийн дараах маргаан гэсэн гурван дамжлагаар өнгөрөөдөг болсон гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлийн тод жишээ гэхэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын маргаанаас харж болно. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг өнгөрсөн долоо хоногт батламжилсан билээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Баянзүрх дүүрэгт үл ойлголцож, эцэс сүүлдээ цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж нэлээд шуугиан тарилаа.
Түүнийг эсэргүүцэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын гадаа 300 гаруй иргэн эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд жагсагчдын ихэнхи нь эмэгтэйчүүд байсан бөгөөд дотор суулт хийж байсан хүмүүсийг нулимс асгаруулагч болон бороохой ашиглан албадан хөөж, чирч гаргаж нэлээд шуугиан тарилаа.
Сум дүүргийн ИТХ-ын хурлын сонгуулиар нийслэлийн хамгийн их иргэдтэй Баянзүрх дүүрэгт АН ялалт байгуулсан. Тодруулбал, ИТХ-ын 41 суудлаас АН 22, МАН 19 суудал авсан боловч дүүргийн сонгуулийн хорооны дарга нь АН-ын зургаан нэр дэвшигчийг сонгуулийн хууль зөрчсөн хэмээн нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулсан байна. Ингэснээр АН 16, харин МАН 19 суудал авсан болж хэрүүл маргаан дэгдэж эхэлсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлээд МАН, АН шүүхдэж эхэлсэн бөгөөд хоёр намын сонгогдсон төлөөлөгчид тус тусдаа Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаа зохион байгуулж Ардчилсан намын төлөөлөгчид ИТХ-ын даргаараа Ш.Ганчимэгийг сонгож, улмаар дүүргийн Засаг даргаар Д.Пүрэвдавааг томилуулахаар санал нэгдсэн бол МАН-ынхан мөн л энэ сарын 03-ны өдөр дүүргийн анхдугаар хуралдаанаа АН-ын оролцоогүй зохион байгуулж ИТХ-ын даргаар Г.Атармааг сонгон, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилуулахаар Нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлээд байсан. Ингээд өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан билээ. Ингээд дуулиан шуугиан дагуулсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн шинэ Засаг дарга Э.Бат-Амгалангийн талаар мэдээлэл хүргэе. Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга Э.Бат-Амгалан гэж нөхрийн тухайд намынх нь жирийн гишүүд тун ам муутай байдаг. Анх Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Мөнхбаатарыг дагаж орж ирж байсан гэдэг. Э.Бат-Амгалан өмнө нь ТӨУҮГ-т дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд элдэв тендер зохицуулж явсан гэдэг. Түүний хувьд хийсэн бүтээсэн гэхээсээ илүүтэй, хэл ам, дуулиан шуугианаараа алдартай нэгэн. Баянзүрх дүүрэг дэх Сансарын баарнууд гэхээр нийслэлчүүд андахгүй сайн мэднэ. Тэгвэл дүүргийн намын хорооны дарга Э.Бат-Амгалангийн “Казино” гэхчлэн хэд хэдэн баар Сансарт байдаг юм байна.
Мөн үүнээс гадна Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан согтуугаар машин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан хэмээн цагдаагийн байгууллагын мэдээлэлд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 29-ны өдөр осол гаргаж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан ч асуудал тэгсхийгээд намжсан. Ийм нэгэн түүх намтартай Э.Бат-Амгалан гэгч Баянзүрх дүүргийн Засаг дарга болжээ. Дүүргийн Засаг даргад дуулиан шуугианы эзэн болох Э.Бат-Амгалан гэгч эзэн суужээ.