Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намын үхэлтэй холбоотойгоор тус улсаас Куала-Лумпурт суугаа Элчин сайд Кан Чолыг Малайзын ГХЯ хөөлөө. Малайзын ГХЯ өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Кан Чол даваа гарагийн оройн 06:00 цаг гэхэд манай улсаас гарсан байх ёстой” гэжээ. Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн дагуу түүнийг “persona non grata” буюу “тааламжгүй этгээд” гэж үзэн хөөж байгаа аж.
Жөн Намын хэргийг Малайз дангаар мөрдөн шалгаж байгааг Элчин сайд Кан шүүмжлээд “Малайзын Засгийн газарт нуух зүйл байна. Умард солонгосчуудыг төөрөгдүүлж, бидэнд хэрэг тохохыг оролдож байна” гэжээ. Малайзын албаны хүмүүс Умард Солонгосын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ бичгээр уучлалт гуйхыг Кан Чолоос шаардсан байна. Төлөөлөгчид энэ долоо хоногийн мягмар гарагт Куала-Лумпур хотод очсон аж.
Манай улс орныг доромжилж, улс орны нэр хүндэд сэв суулгах гэсэн аливаа оролдлогыг бид хэзээд эрс эсэргүүцэж, хариу арга хэмжээ авах болно гэж Малайзын албаны хүмүүс хэлжээ. Малайз улс өнгөрсөн сарын 20-нд Умард Солонгосоос Элчин сайдаа эргүүлэн татсан юм. Мөн өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас Умард солонгосчуудыг Малайзад визгүй зорчуулахаа зогсоосон билээ.