Ардчилсан нам 2012 оноос хойш иргэдэд хэрэгтэй олон бүтээн байгуулалтын ажил хийж байна. Түүний нэг нь ард иргэдээ орон сууцтай болгох хөтөлбөр юм. Төрийн орон сууцны корпорацийг Засгийн газраас байгуулж, “Буянт-Ухаа 1” хорооллыг босгож, одоо тэнд олон мянган айл амьдарч байна. Өнөөдөр “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтийг хийж байна. “Буянт-Ухаа 1” орон сууцны хороололд 1764 өрх гэр бүл хямд үнэ, зээлийн бага хүүтэй, таатай нөхцөлөөр хамрагдсан бол “Буянт-Ухаа 2” хороололд энэ нөхцөлөөр нийт 2500 өрхийг хүлээн авахаас өнөөдөр 1620 өрх орон сууцандаа ороход бэлэн боллоо.
Засгийн газар 2012 оноос хойш найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлж эхэлснээр 44336 өрх 2 их наяд 427 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр авч, 177,3 мянган иргэн шинээр өөрийн гэсэн орон сууцтай болж, ахуй амьдрал нь дээшилж байна. Мөн 25000-26000 өрх өндөр хүүтэй байсан ипотекийн зээлээсээ бага хүүтэй зээл рүү шилжсэн. Бүтээн байгуулалт талаас нь харвал 2013-2014 онд нийт 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орж, улсын хэмжээнд 5.2 их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралтын ажил хийгдсэн байна.
Энэ бүтээн байгуулалтыг дагаад 2013-2014 онд барилгын салбарт ажиллагсдын тоо 15.3 мянгаар өсч 77 мянгад хүрсэн байна. Үүнийг Монгол Улсын барилгын салбарт сүүлийн 20 жил хийгдсэн бүтээн байгуулалттай харьцуулбал хэд дахин өндөр үзүүлэлт гарч байна. Гэтэл Улсын Их Хурал дахь сөрөг хүчин МАН-ынхан энэ бүхнийг үгүйсгэж, АН-ын ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн хөтөлбөрийг “нүгэл” хийсэн мэтээр үзэж, ярьж байгааг та бүхэн харж байгаа биз ээ. 2012 онд МАН сөрөг хүчин болмогцоо үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж байна гэж ярьж эхэлсэн. Энэ үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 4 их наяд төгрөг зарцуулсны 3 их наяд төгрөг нь найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилтэд зарцуулагдсан юм. Энэ тоо ямар их ажил хийгдсэнийг илэрхийлнэ.
Сүүлд гарсан, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр гацаанд орсон найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудлаас болоод яг одоо бидний дунд нь зогсож буй энэ цогцолбор хорооллын 1620 айлын орон сууцанд шинэ жилийн өмнө орох байсан 1620 айл шинэ байрандаа орж чадсангүй. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр ипотекийн зээлийн хамгийн чухал хоёр хуулийн гурван заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Үүнээс үүдээд Монголбанк болон бусад арилжааны банкууд энэ зохицуулалтыг дахин хуульчлахаас нааш орон сууцны зээл олгох боломжгүй гэж байгаа. Яг энэ хороололд байр авахаар зээл хүссэн хүмүүс банканд очсон бол ийм л хариу авч байгаа. Энэ асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын хувиар би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин ямар хуультай байсан, яг тэр зүйл заалтаар нь сэргээх болно. Үүн дээр Үндсэн хуулийн цэц, МАН-тай зохицоод хуулийн хуучин зүйл заалтыг өөрчлөөд байх шаардлага байхгүй гэж бодож байна.
Жилд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг анх 2013 оны дунд үеэс олгож эхэлсэн нь сонгуулийн ямар нэг зорилго, улс төрийн оноо авахад зориулагдаагүй. Гэтэл МАН-ынхан үүнийг юу гэж бодож явдаг болохыг Та бүхэн харсан байх. Одоо дараагийн сайн мэдээг та бүхэнд дуулгая. Ипотекийн зээлийн үйл ажиллагаа бүр 1990-ээд оны дунд үеэс хэрэгжиж байгаа, гэхдээ зээлийн хүү нь 20 хувь байсан болохоор тэр бүр олон айл өрх хамрагдаж чаддаггүй байв. Харин 2013 онд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлснээр олон зуун мянган айл өрх орон сууцтай болох боломж бүрдэж, өнөөдрийн байдлаар 76.000 айл шинээр орох буюу хуучнаасаа хамаагүй бага мөнгө төлөөд орон сууцтай болж байна. Үүний дараагийн логик үргэлжлэл бол 2013 оны 05 дугаар сард инфляци 14 хувьтай байсан. Жилийн 14 хувийн инфляцитай байхад үндсэндээ найман хувийн зээл гэдэг татаас байсан, гэхдээ бид татаасгүйгээр шийдвэрлэж чадсан. Өнөөдөр инфляци гурван хувьд хүрлээ, найман хувийн хүү буурах ёстой. Бид энэ бодлогоо Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган дуусахаас өмнө ажил болгоно. Эхлээд Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон хуулийг батална, дараа нь зээлийн найман хувийн хүүг бууруулна. Энэ сонгуульд зориулж хийж байгаа юм биш, АН хийх ажлаа л хийж байна.
Манай үндэсний томоохон барилгын компаниуд нийлээд энэ бүтээн байгуулалтыг хийж байгаагийнхаа хувиар ипотекийн зээлийн талаар зарим зүйлийг тодорхой хэлэх биз ээ. “Буянт Ухаа 2” хороолол бол сургууль, цэцэрлэгтэйгээ цогцолбор болсон нь 3, 4 дүгээр хороолол, 10 дугаар хорооллын орон сууц дундаа сургууль, цэцэрлэгээ шийдэж, хүүхэд багачуудыг авто замын осол зэрэг олон төрлийн эрсдлээс хамгаалдаг хуучны стандарт сэргээж байгаа юм байна. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг Үндсэн хуулийн цэц шийдвэрээрээ хүчингүй болгож болно. Гэтэл энэ нь зөвхөн орон сууцанд орох гэсэн 100 мянган айл өрхийн асуудал биш юм. Энэ бүх байшин, барилгыг яагаад бариад байгаа юм бэ гэхээр 100 мянган айл бага хүүтэй зээл аваад орон сууц худалдан авч болдог болсон учраас бариад байгаа юм. Энэ бүхнийг бүтээн байгуулж байгаа учраас 77 мянган монгол барилгачин ажилтай байгаа юм. Энэ бүтээн байгуулалт хийгдэж байгаа болохоор барилгын материал үйлдвэрлэгч маш олон тооны үйлдвэрүүд ажилтай, орлоготой байгаад байгаа юм. Тэгэхээр энэ бол барилгын салбарыг бүхэлд нь устгасантай адил шийдвэр болсон гэсэн үг. 2012 онд Монгол Улсад барилга барихад нийт барилгын материалын 30 хувийг дотооддоо үйлдвэрлэж байсан бол өнөөдөр 60 хувь даваад, 70 хувьд хүрэх гэж байна. Бид барилгын үндсэн материалуудаа импортлохоо больсон. Үүний цалин хэнд очих вэ, монгол хүнд. Барилга барихад ажлын хөлс хэнд оногдох вэ, монгол барилгачинд очно. Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулснаар гэр хорооллоос орон сууцанд орсон айл өрхүүд агаар бохирдуулдаг утаа гаргахаа больсон. Энэ мэт бүх хүнд ашигтай байсан зүйлийг МАН “нүгэл” гэж үзээд зогсоосон, Үндсэн хуулийн цэц бас болохгүй гэж үзээд зогсоосон. Тун ойлгомжгүй байдал шийдвэр.
АН, УИХ дахь олонх, Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрчид энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр ажиллаж байна. 2016 он гараад бүгд үүнийг шийдэж дуусгах учир эргэлзэх хэрэггүй. Та бүхэн 2016 оны өмнө шинэ байрандаа орж чадахгүй байж магад, гэхдээ цагаан сараа шинэ байрандаа тэмдэглэх болно гэдгийг баталж хэлье.
Энэ их бүтээн байгуулалтыг хийсэн барилгачиддаа баярлалаа, энэ их хэмжээний барилгын материалыг Монголдоо үйлдвэрлэсэн барилгын материал үйлдвэрлэгчдэд баярлалаа. Монголчуудаа найман хувийн хүүтэй зээлээр хангаж байгаа банк санхүүгийн байгууллагын хамт олон, Монголбанкны хамт олонд мөн баярлалаа. Ямар их том ажлыг сүүлийн 2-3 жилийн хугацаанд хийж, ард нь гараад бодитойгоор хэдэн арван мянгаар тоологдох орон сууцанд шинээр орж байгаа нь бид бүхний нүдэнд ил харагдаж байна.