Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжилсан нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн сонгох, сонгогдох эрхэд балмадаар халдаж, ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэсэн үйлдэл боллоо гэж Нийслэлийн Ардчилсан нам үзэж байна.
Энэхүү хууль бус шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд цагдаагийн байгууллагыг ашиглан иргэдийн эрх, эрх чөлөөнд нулимс асгаруулагч болон бороохой ашиглан бүдүүлгээр халдсан үйлдэлээ нэн даруй зогсоож, хууль бусаар саатуулагдсан иргэдийг даруй суллахыг шаардаж байна.
1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүнд бий болсон Үндсэн хуулийн үнэт зүйл рүү энэ мэтээр халдахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Нийслэлийн цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд нарын нөхдүүдэд зөвшөөрөхгүй бөгөөд цаашид ч иргэдийнхээ Үндсэн Хуулиар баталгаажсан эрхийг Нийслэлийн Ардчилсан Нам хамгаалж ажиллах болно.
Нийгмийг айдаст автуулан хүч хэрэглэсэн хууль бус үйлдлээ МАН болон түүний удирдлагууд нэн даруй зогсоохгүй тохиолдолд Нийслэлийн Ардчилсан Нам дараагийн алхамаа хийж иргэдийнхээ эрхийг хамгаалах тэмцлийг эхлүүлнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМ
2017 оны гуравдугаар сарын 3-ны өдөр