Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох захирамжийг шинийн 4-нд буюу гуравдугаар сарын 02-нд гаргасан. Тус захирамжийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн бүрэлдэхүүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, ЗДТГ-ын байрандаа суулт зарласан, нийт 300 гаруй хүн суултад оролцож байсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын үүд дотроосоо түгжээтэй, иргэдэд төрийн ямар нэгэн үйлчилгээ үзүүлэхгүй байна. Хэвлэл мэдээллийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд нийт 300 гаруй хүн үл ойлголцлын байдалд суултаа үргэлжлүүлсээр байсан.
Гэвч цагдаа нар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гаражийн хаалгыг эвдэн, дотогш нэвтрэв. Цагдаа нар нулимс асгаруулагч хий цацсан.
Тус дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд утааны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан, бөөн утаа болсон. Цагдаа нар хүч түрэн орж ирэн, хүмүүсийг албадан гаргаж байна. Түүний улмаас иргэд цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн. Цагдаа нар иргэдийг цахилгаан бороохойгоор цохиж, цагаан өнгийн нунтаг цацаж байв. Одоо Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид хуралдаж байна.