Засгийн газар энэ сарын 21-ний дотор Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийх ёстой. Гэвч эрх баригчид энэ эргэн төлөлтийг арай урт хугацаатай өөр бондоор солих саналыг анхны хөрөнгө оруулагчдад тавиад байсан юм. Тэгвэл энэ саналыг хөрөнгө оруулагчид хүлээж авчээ. Шинээр гаргах бондын хэмжээ 600 сая ам.доллар, хүү нь 8.75 хувь байхаар тохирсон байна.
Хөгжлийн банкны өмнөх 580 сая ам.долларын бонд нь Ази, Европт арилжаалагдаж байсан бол одоо гаргах 600 сая ам.долларын бонд нь АНУ-д арилжаалагдах боломжтой болжээ. Мөн энэ сарын 21-ний дотор төлөгдөх ёстой 580 сая ам.долларын бондын 476 сая ам.долларыг нь шинэ бондоор солих боломжтой болсон байна.
Хөгжлийн банк нь 580 сая ам.долларын бондыг 2012 оны гуравдугаар сарын 14-нд олон улсын зах зээл дээр 5.75 хувийн хүүтэйгээр арилжиж байсан юм. Тэгвэл энэ бонд таван жилийн дараа долоон жилийн хугацаатай, 8.75 хувийн хүүтэй бондоор ийнхүү солигдож байна.