Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжиллаа. Өчигдөр /2017.03.02/ хотын дарга тус дүүргийн Засаг даргын батламжид гарын үсэг зурсан нь нутгийн сонгуулиас хойш үргэлжилж буй АН, МАН-ын ач тач маргааныг улам дэвэргэж орхив бололтой. Албан мэдээнд “Хуулиараа дүүргийн Засаг даргыг томилохдоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг” гэдгийг онцлон дурдсан нь угаасаа маргаантай байсныг улам тодотгож байх шиг. АН-ынхан Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар батламжилсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Баянзүрх дүүргийн Иргэдийн хурал нь нийт 41 суудалтай. 2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид 22, МАН-аас нэр дэвшигчид 19 суудал авсан.
Гэвч дүүргийн Сонгуулийн хороо Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан зарим нэр дэвшигчийн мандатыг хүчингүй болгох шийдвэр гаргасан.
Үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж Захиргааны хэргийн шүүхэд АН-ынхан хандсан. Захиргааны хэргийн шүүх хуралдаад, дүүргийн Сонгуулийн хороо буруу шийдвэр гаргасан байна гэж үзжээ.
Үүнээс харахад МАН-ынхан угаас УИХ, орон нутгийн сонгуульд ойлж цойлсон хэмээн даналзаж хүч түрэмгийлсэн ч юм шиг харагдана.
Угтаа Баянзүрх дүүргийн Иргэдийн Хурал анхдугаар хуралдаанаараа Засаг даргад Д.Пүрэвдавааг нэр дэвшүүлэн, хотын даргад уламжилсан. Хоёр ч удаа нэрийг нь өргөн мэдүүлсэн нь өмнө хэвлэлээр мэдээллээр цацагдаж байсан. Хуульд зааснаар бол Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг нэг удаа буцааж болдог. Хоёр дахь удаагаа санал болгосон тохиолдолд таван өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй аж.
Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах эрх нь Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн асуудал.
Ард түмний сонголттой, шүүхийн шийдвэртэй, тов тодорхой асуудлыг шийдэлгүй хэдэн сар сунжирсан нь олны дургүйцлийг өдөөж, хоёр толгойтой мэт л байцгаасан. Баянзүрх дүүргийн Иргэдийн хурал Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хамгаалж, хууль бус үйлдлийн эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлж байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээс хойш Баянзүрх дүүргийн Тамгын газрын байр АН, МАН-ын талцлын, “дайны” тулааны талбар болчихоод буй. Цаашид хэрхэн өрнөх нь, хэн нь Засаг барихдаа бус нийслэлийн томоохон дүүргийн ажил хурдан жигдэрээсэй билээ.