8o
Улаанбаатар хот
mobile menu

LIVE:Ким Чен Намыг хөнөөхөөр төлөвлөж байсан Хойд Солонгосын төлөвлөгөө ил боллоо

2017-02-24 11:29:00

 

Ким Чен Намыг зүгээр ч  энгийн хороор хордуулаагүй болохыг Малайзын талаас мэдээлэв. Түүнийг “VX” гэх химийн хортой бодисоор хордуулсан байна. Уг хор шууд хүний мэдрэлийн системд нөлөөлж, хормын төдийд үхэлд хүргэдэг аж. Ким Чен Нам хорлогдсоноос хэдхэн минутын дараа ухаан алдаж, 30-50 минутын дараа амиа алдсан болохыг тогтоогоод байна.

НҮБ-ын үй олноор хөнөөх зэвсэг гэх ангилалд уг “VX” химийн бодисыг багтаасан юм. Уг бодис хүмүүсийг хормын төдийд үхэлд хүргэдэг нэн аюултай химийн зэвсэг аж. Энэхүү бодисоор амьсгалахад л амьсгал боогдож, ухаан балартдаг байна. Задлан шинжилгээгээр Ким Чен Намын нүд орчмоос уг аюултай химийн бодис олдсон байжээ. “VX” химийн бодисыг гадуур борлуулдаггүй бөгөөд цөмийн зэвсэгтэй орнуудад байдаг аж. “Тиймээс энэхүү хэргийн ард Хойд Солонгос улс байгаа нь баталгаатай боллоо” хэмээн Малайзын эрх баригчид мэдээлэв.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен  Намыг хөнөөх зорилгоор хэсэг бүлэг иргэнийг олон сарын турш тусгай сургалтад хамруулсан хэмээн Малайзын Цагдаагийн газраас мэдээлэв. Ким Чен Ун 2011 онд эх орноосоо гарсанаас хойш нэг газар тогтвор суурьшилтай амьдраагүй бөгөөд  аюулгүй байдлын үүднээс жилдээ 7-10 удаа амьдарч буй газраа өөрчилдөг байсан талаар Өмнөд Солонгосын Тагнуулын байгууллага саяхан мэдэгджээ. Гэвч Ким Чен Нам сүүлийн хэдэн жил БНХАУ-ын Макао хотноо нуугдан амьдарч байжээ.Түүнийг байнга мөрдөж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хөнөөхийг завдсан аж.

Тэрбээр энэ сарын эхээр Малайзын нийслэл Куала Лампур хотноо ирсэн байна. Ким Чен Нам энэ сарын 13-нд Макао буцахаар нисэх буудалд ирэх үед нэгэн эмэгтэй түүний амыг алчуураар хааж улмаар хэргийн газраас зугтаасан юм. Цагдаагийнхан шуурхай ажиллаж гол сэжигтэн болох эмэгтэй болон түүний хамсаатан гэгдэх гурван этгээдийг баривчлан, өнөөг хүртэл байцаалт авч байна. Эмэгтэй удирдагчийн ахыг хэрхэн хордуулж буй үеийн хяналтын камерийн бичлэг ил болоод байгаа юм. Иймд түүний цогцосонд шинжилгээ хийж, амиа алдсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Хойд Солонгос уг мэдээллийг эрс үгүйсгэж, өчигдөр “Малайзад амиа алдсан гэгдээд буй Хойд Солонгосын иргэн Ким Чен Нам эсэх нь эргэлзээтэй” хэмээн мэдэгдсэн юм. Ким Чен Нам дипломат паспорттай байжээ. Малайзын Цагдаагийнхан Ким Чен Намын үхэлтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн Куала Лампур хотноо суугаа Хойд Солонгосын Элчин сайдын яамны нөлөө бүхий эрхмүүд болох Ким Ук, Хуон Кванг Сонг нарыг эрэн сурвалжиж эхэлжээ. Тэднийг уг хэргийг захиалсан хэмээн үзэж байна.

Мөн түүний үхлийн хэрэгт хэд хэдэн хүнийг шалгаж, хэд хэдэн этгээдийг интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар BBC мэдээлжээ. 

 

 

"VX" үхлийн хорын талаар баримт 

  • Тунгалаг тосорхог бүтэцтэй бөгөөд хурц үнэр, амтгүй химийн бодис
  • Хүн болон амьд амьтны арьсанд хүрсэн тохиодолд 20 минутийн дотор үхэлд хүргэдэг. 
  • Энэхүү хор нь мэдрэлийн системд ноцтой хохирол учруулдаг бөгөөд тархи хариу үйлдэл үзүүлж, эсэргүүцдэггүй. 
  • Энэхүү хорт бодисыг хоол, ус, хөдөө аж ахуйн салбарын бүхий л зүйлтэй хольж ашиглаж болно. 
  • Энэ бодис нь тухайн хүнийг хордуулаад зогсохгүй орчин тойрны хүмүүсийг 30 минутын дотор хордуулж, мэдрэлийн системд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг. 
  • Тухайн бодист хордвол дараах шинж тэмдэг илэрдэг байна. Үүнд хамар битүүрэх, нүд бүрэлзэх, өвдөх, хөлрөх, цээж орчимд хөндүүрлэж, бачуурах, чичрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. 
  • 1993 онд тус бодисыг дэлхий нийтэд хэрэглэхийг хориглосон бөгөөд албан ёсны ерөнхий химийн нэршил нь s-2 гэж нэрлэдэг байна. 

Эх сурвалж: BBC, CNN

CHUHAL.MN 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
teneg
хорлогдсоноос хэдхэн минутын дараа ухаан алдаж????????????
2017/02/24 150.129.140.84