NASA агентлаг шинээр нээгдсэн 7 гарагтай Trappist-1 одны системд зориулж зурагт хуудас гаргажээ. Лхагва гарагт олон нийтэд зарласан энэхүү нээлтдээ NASA өндөр ач холбогдол өгч, тусад нь www.trappist.one вэбсайт хүртэл нээсэн байна. Уран бүтээлчийн төсөөллөөр Trappist-1 системийн нэг гараг дээр байгаагаар үзүүлсэн зурагт 40 орчим гэрлийн жилийн зайд байгаа гарагийн тэнгэрт хэд хэдэн сар мандаж байгааг харуулжээ.
Гэхдээ энэ нь сар биш, харин зэргэлдээх гарагууд нь юм. Тэд харьцангуй ойр зайтайгаар одыг тойрч эргэдэг тул ийм харагдах аж. Одноосоо 4, 5, 6 дугаарт байрлах гарагууд нь амьдрал тэтгэх нөхцөлтэй гэгдэж байгаа.Тэнд шингэн төлөвтэй ус урсаж байж ч болохоор гэж үзэж байна.
Харин од нь манай нарнаас хоёр дахин бага илчтэй тул улаавтар туяатай харагдана гэж төсөөлжээ. Энэхүү одны системийг Transiting Planets and PlanetIsmals Small Telescope дурангаар нээсэн тул TRAPPIST-1 гэж нэрлээд байна. Удахгүй ашиглалтад орох NASA-ийн JWST (James Webb Space Telescope) дурангаар нээгдсэн гарагуудыг үргэлжлүүлэн судалж, амьдрал байгаа эсэхийг тогтоох юм.
Эх сурвалж: NASA