
Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр цагаан сарын баяраа угтан НИТХ болон НЗДТГ-аас хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцсон ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг хүргүүлж байгаа билээ. Уг арга хэмжээний дагуу НИТХ-ын төлөөлөгч Б.Бямбадорж, хороодын засаг дарга нарын хамтаар өдгөө 5 дахь үеээ үзэн 100 гаруй ач, зээ, гуч, жичээрээ хүрээлүүлсэн, 99 настай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн сайн малчин, Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны оршин суугч Ш.Ханд, Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, 99 настай, 10 хүүхэд төрүүлж өсгөсөн, Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны оршин суугч Х.Янжинцэрэн нарынд зочлов. Тэрбээр өөрийн болон Улаанбаатар хотын захирагч С.Батболдын гарын бэлгийг уламжлаад хоёр буурайтай халуун дулаан яриа өрнүүлж, санал сэтгэгдлийг нь сонссон байна.



