Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ, БНХАУ-д хийсэн айлчлалынхаа талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийсэний дараагаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Таныг ОХУ-д хийж байгаа айлчлалын үеэр "Ростех"-ийн удирдлагуудтай уулзсан гэсэн. Энэ үнэн бодитой мэдээлэл үү?
-Энэ худлаа мэдээлэл байсан. Бид айлчлалын үеэр ямар нэг хувийн компанитай уулзаагүй. Хувийн компанийн зүгээс ч бидэнтэй уулзах ямар нэг асуудал яригдаагүй.
Нэмж хэлэхэд энэ уулзалтаар "Эрдэнэт"-ийн асуудал яригдаагүй. Харин зоог барьж байхад С.Лавров сайд ОХУ-ын талтай холбоотой ямар нэгэн асуудал гарсан эсэхийг тодруулсан. Бид дотоодын асуудал гэдгийг хэлсэн.
-БНХАУ-тай хийсэн своп хэлцлийн мөнгөн дүнг яг хэд болгож нэмэгдүүлэх вэ?
-Хоёр улсын төв банкны хооронд хэмжээ нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа. Хэмжээ нь тодорхойгүй.
БНХАУ-ын тал судалж үзээд, нааштайгаар шийдэхээ илэрхийлсэн.
-БНХАУ-ын талаас нийтдээ яг хэдэн ам.долларын эдийн засгийн тусламж үзүүлэхээр болсон бэ?
-БНХАУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, 1 тэрбум юаний буцалтгүй тусламжийг эхний ээлжинд өгөхөөр тохирсон.